Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүй гэжээ

2016 оны 02 сарын 16

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдох нь гэсэн яриа Тө­рийн ордноор эргэлдсээр удлаа. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас  энэ сарын 1-нд ХЭГ/220 тоот бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын албан тушаалд Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж буйгаа мэдэгдээд түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.6-д заасны дагуу АТГ-ынхан нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянаж үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгддэг. Энэ үүргийнхээ дагуу Н.Энхбаярын ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж үзээд, хариуг нь өчигдөр Засгийн  газрын  Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. Төрийн ордонд ажиллаж буй эх сурвалжуудын мэдээлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох нь ашиг сонирхолын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн сурагтай. АТГ-ынхнаас энэ талаар тодруулахыг хүсэхэд “Хариуг ЗГХЭГ-т хүргүүлсэн. Тэд­нээс мэдээлэл ав” хэмээсэн юм.

Г.РАВЖАА