“ГИТЛЕРИЙН НОМЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР ЕР ГАРЧ БАЙГААГҮЙ”

2016 оны 02 сарын 16

Адольф Гитлерийн “Миний тэмцэл” номыг 1940 оноос хойш анх удаа 2016 оны нэгдүгээр сард дахин хэвлэж, худалдаж эхэлжээ.

Номыг Мюнхенд байдаг Орчин үеийн түүхийн хүрээлэнгийн ажилтнууд хэвлэлд бэлтгэж, зохиогчийн үзэл санаа, эндүү ташаа нотолгоог илчилсэн тайлбар хийсэн байна.

Энэ ном хэвлэгдсэнийг Герман болон бусад улсад ихээхэн шүүмжилж, түүнийг хаа сайгүй хориглох ёстой, уг номыг борлуулснаар Европт барууны үзлийг сэргээнэ гэж олон хүн үзэж буй.

Уг номын талаар Мюнхений хүрээлэнгийн профессор Юрген Царуски юу гэж ярьсныг сонирхуулья.

-“Миний тэмцэл” номыг хориглосон шийдвэрийг сунгачихаж яагаад болохгүй байгаа юм бэ?

-Гитлерийн номыг хориглосон шийдвэр ерөөс гарч байгаагүй юм. Түүнийг эрдэм шинжилгээний номын сангаас үзэж, хуучин ном худалдагчаас олж авах бололцоо ямагт байсаар ирсэн. Харин Гитлерийг үхсэний дараа зохиогчийн эрхийг нь авч үлдсэн Баварийн Засгийн газар энэ номыг дахин хэвлэхийг хориглосон.

Германы хууль ёсоор ийм шийдвэр 70 жил хүчин төгөлдөр байдаг. Тиймээс уг хоригийн хугацаа 2016 онд дуусна.

Гэлээ ч байдал ихээхэн түвэгтэй болсон нь судалгаа шинжилгээний бус зориулалтаар “Миний тэмцэл”-ийг дахин хэвлэхийг үзэн ядах үзэл, дайсагналцлыг дэврээсэн үйлдэл гэж үзэж байхаар Германы хэд хэдэн мужийн Хууль зүйн сайд нар 2014 оны зургадугаар сард зарласан явдал юм.

-1945 оны эцэс гэхэд айлуудад “Миний тэмцэл” ном 12 саяас доошгүй тоотой байсан гэдэг. Уг номын цаашдын хувь заяа нь ямраар эргэсэн бэ?

-Хэлэхэд хэцүү. Олон сая номыг эзэд нь өөрсдөө устгаж, багахан хэсэг нь номын сан болон айлуудад хадгалагдаж үлдсэн. Энэ ном ор сураггүй алга болоогүй. Тийм учраас түүнд авах, гээхийн ухаанаар хандах нь чухал.

Австрийн нэрт жүжигчин Хельмут Квальтингер Германд энэ номоор театрчилсан уншлага хийсэн нь чухамхүү ингэж хандсан явдал байв.

Тэрбээр “Миний тэмцэл”-ийг тайзан дээрээс зүгээр л уншаад байгаагүй, түүний худал хуурмаг, түрэмгий, хүмүүнлэг бус байдлыг нь аялга айзмаараа илэрхийлсэн. Энэ бол 1970-аад оны эцэс 1980-аад оны эхээр болсон явдал.

-Номыг дахин хэвлүүлэх ажилд ороод удав уу?

-ХХ зууны түүхийн эх сурвалжуудыг хэвлэлд бэлтгэх нь бидний ажлын нэг хэсэг юм. “Миний тэмцэл”-ийг хэвлэхээр төлөвлөөд бид нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн. Яг бэлтгэх ажил маань 2013 онд эхэлсэн юм.

Үүнээс өмнө нацистын эрин үеийн түүхийн тухай өөр олон ном бэлтгэсэн, манай хүрээлэн. Тухайлбал, Геббельсийн өдрийн тэмдэглэл байна. Энэ ажилд Росархив бидэнд тусалсан.

1925-1933 онд Гитлерийн хэлж байсан үгнүүдийн түүврийг хэвлүүлсэн. Одоо Холокостын тухай баримтуудын олон ботийг хэвлэлд бэлтгэж байна. ЗХУ-ын нутаг дээр еврей нарыг устгасан үйл явдалд зориулсан боть нь саяхан хэвлэгдсэн.


-“Миний тэмцэл”-ийг дахин хэвлэсэнтэй холбоотойгоор Гитлерийг хүнийх нь хувьд “хэвийн болгож харагдуулах” үйл явц гарцаагүй гэх яриа гарч байна. Түүнийг өнгөрсөн цаг үеийн нэг дарангуйлагч л болгож хувиргасан гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Би санал нийлэхгүй, энэ номыг дахин хэвлэхийг дэмжсэн хүмүүсийн ихэнх нь ч надтай санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй.

Хүн төрөлхтний эсрэг тийм гэмт хэрэг хийсэн хүнийг “хэвийн” болгож яаж болох билээ, тэр дундаа нацизмын өнгөрсөн үеийг судалдаг эрдэм шинжилгээний хамгийн том хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн номонд шүү.

1949 онд тус хүрээлэн дөнгөж бий болоод үндсэн зорилтоо, “нацизмын гэмт дэглэмд эрүүл саруул дүгнэлт хийх замаар германчуудын түүх-улс төрийн баримжааг өөрчлөх” гэж тунхагласан байдаг.

Нийгмийг бүхэлд нь аваад үзвэл нацизмын үеийг “хэвийн болгож харагдуулах” эрмэлзэл байгааг үгүйсгэж болохгүй. Үүний зэрэгцээ Гитлерийг “хэвийн болгох” үзлийг эсэргүүцсэн ном зохиол ч хэвлэгдэж байсан.

-Та нарын үйл ажиллагааг хэвлэлээр эсэргүүцэж байв уу?

-Германд байдаг болон хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг еврейн байгууллагын нэрд гарсан зарим хүн номыг дахин хэвлэхийг эсэргүүцсэн. Германы еврейчүүдийн төв зөвлөл шүүмжлэлтэй бүтээл хэвлэхийн төлөө байсан.

Холокостын үйл явдлыг үзэж туулсан ахмад үеийн еврей нарын хувьд Гитлерийн энэ ном түүхэн эх сурвалж биш, харин үзэн ядахуйн эх үндэс болдог. Үзэн ядах үзлийн хор уршгийг тэд өөрсдөө, гэр бүлээрээ амссан улс.

Миний бодоход нацизмын золиос болсон хүмүүсийн амьдралд Гитлерийн энэ ном ямар үүрэг гүйцэтгэж ирснийг түүхчид ойлгож, харгалзан үзэх ёстой.

-Эрх баригчдын зүгээс танай хүрээлэнд улс төрийн дарамт шахалт үзүүлж байв уу?

-Номыг дахин хэвлэхийг дэмжиж байсан Баварийн Засгийн газар гэнэт бодлоо өөрчилж, эсэргүүцэн 2013 оны эцсээр улс төрийн дарамт шахалт үзүүлсэн шүү. Холокостод болсон үйл явдлыг мэдэх хүмүүстэй Израильд айлчлах үеэрээ Баварийн Ерөнхий сайд Хорст Зеехофер уулзсан юм билээ.

Гэхдээ энэ төслийг санхүүгийн хувьд дэмжих шийдвэрийг Баварийн парламент урьд нь гаргачихсан байсан, өөрчлөх эрх Ерөнхий сайдад байхгүй учраас түүний хэлсэн үг улс төрийн ямар ч үр дагаваргүй болсон.

-Национал-социализмын бүх үндсэн зарчмыг “Миний тэмцэл”-д тусгасан гэж бид хэрэв үзвэл 1933 онд Гитлерийг сонгохдоо хэний төлөө санал өгснөө энэ номыг уншсан хүмүүс мэдэж байсан гэж хэлж болох уу?

-Нацизмын бодлогын үндсэн зарчмуудыг Гитлерийн энэ номноос уншиж болно. Нацистын суртал нэвтрүүлэг ч энэ тухай мэдээлж байсан. Гитлер өөрийн үзэл бодлыг илэрхийлж, тухайн үеийн нацист зарчимд нийцүүлэн худал хуурмаг намтар түүхээ бий болгосонд уг номын ач холбогдол байгаа юм.

Энэ ном тийм ч учраас ерөнхий суртал ухуулгад ч, фюрер өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ч зэвсэг нь болж байсан.

Гестапогийн IV-B-4 хэлтсийн дарга байсан, “Холокостын архитектор” гэгддэг, Израилийн түүхэнд шүүхийн шийдвэрээр цаазлуулсан хоёр дахь бөгөөд сүүлчийн хүн Адольф Эйхманы тухай материалыг энэ оны нэгдүгээр сарын 27-нд анх удаа хэвлэж олны хүртээл болгов.

Эйхман өөрийгөө нацист удирдагчдын гарт ердөө зэвсэг нь болж байсан гэж шүүх хурал дээр нотлохыг оролдож амь гуйж байжээ.

Адольф Эйхман дэлхийн II дайны жилүүдэд еврейн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг хүлээлгэсэн Гестапогийн хэлтсийг толгойлж байв. Дайны дараа тэрбээр хуурамч бичиг баримт ашиглаж Аргентин улсад очсон төдийгүй хожим нь нь гэр бүлийнхнээ Буэнос-Айрест аваачиж чадсан юм.

Израилийн тусгай албанаас 1960 онд Эйхманы мөрийг олж баривчлаад нууцаар Иерусалимд авчирч хоёр жилийн дараа дүүжлэн хороосон байна. Тэрбээр дайны дүрмийг биелүүлж, төрдөө алба хааж явсан гэж цаазлуулахын өмнө хэлж байжээ.

Израилийн Ерөнхийлөгч Ицхак Бен-Цвигээс Эйхман бичгээр өршөөл хүсэж байсан нь нэгэнт тодорхой болсон ч түүний агуулгыг хэвлэлд ер гаргаж байсангүй.

“The New York Times” сонинд бичсэнээр бол Эйхман Израилийн удирдагчид хандахдаа эрх мэдэл бүхий нэгэн байгаагүй бөгөөд еврейчүүд болон бусад үндэстнийг устгах хэргийг зохион байгуулахад өөрийгөө буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

“Шийдвэр гаргаж байсан болон эрх мэдэлтнүүдийн гарт зэвсэг нь болж явсан над мэтийн хүмүүсийг ялгаж салгах хэрэгтэй” гэж тэрбээр бичсэн байлаа.

Түүний өмгөөлөгчид нь ч энэ нацист ердөө л өндөр биш түвшний үүрэг гүйцэтгэгч нэгэн төдий байсан тул дарга нарынхаа үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг хүлээх учиргүй гэж нотлохыг хичээж байв.

Эйхманы гэргий Вера ч Израилийн Ерөнхийлөгчид бас захидал бичсэн юм. Эйхманд нааштай хандахыг гэргий нь, дөрвөн хүүхдийн эхийн хувьд Вера нь гуйжээ. Түүнд “Чиний сэлэм эхчүүдийг хүүхдүүдээс нь салгаж байсанчлан ээж чинь үрийн зулай үнэрлэх хувьгүй” гэсэн зохиолын хатуу үгээр Бен-Цви хариу барьсан аж.

1962 оны тавдугаар сарын 31” гэж огносон захидалдаа Бен-Цви “Адольф Эйхманд өршөөл үзүүлэхийг хүссэн болон надад өгсөн бүх материалыг үзсэнийхээ дараа түүнийг өршөөх, ялыг нь хөнгөлөх ямар ч үндэслэл алга гэсэн дүгнэлт би хийлээ” гэж бичсэн байжээ. Энэ захидлыг Хууль зүйн сайд Дов Йосефт бичсэн байв.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД