Ойрхи Дорнодыг Онгойлгох түлхүүр

2016 оны 02 сарын 15

Сергей Лавров, Юсеф Бен Аляви нар

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өвлийн адаг сард Ойрхи Дорнодын хоёр улс-Арабын нэгдсэн Эмират, Оманд айлчилсан. Нефтийн үнэ, Сирийн хямралыг зохицуулах нь түүний аяллын гол зорилго байлаа.

Цаг хугацааны хувьд энэ үйл явдал Сирийн хямралыг нэг тийш болгох зорилготой яриа хөөрөө Женевт болж байхтай давхацсан юм. Дээрх хоёр улсын албан ёсны хүмүүстэй Оросын сайдын хийсэн яриа ч энэ зүг чиглэж байсанд эргэлзэх юун.

Тэдний уулзалт хэвлэл, мэдээллийнхнээс далд болсон болохоор элдэв шуугиан дэгдсэнгүй. Гэлээ ч Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн хаана ч баримталдаг зарчмаасаа хазайлгүй, Сири дэх зөрчлийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж явсан нь дамжиггүй.

“Улс орныхоо хувь заяаг сиричүүд өөрсдөө шийдвэрлэж чадна гэсэн адилхан бодол санаатай байдаг болохоор Женевт сиричүүд хоорондын яриа хэлэлцээ эхэлсэнд бид баяртай байна” гэж Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Абдулла бен Зайд аль-Нахайянтай уулзсаныхаа дараа Сергей Лавров сэтгүүлчдэд хэлсэн. Түүний үзэж буйгаар үйл явцын одоогийн энэ эхлэл их чухал аж.

Гэтэл түүнд оролцогчдын бүрэлдэхүүн их түвэгтэй байлаа. Башар Асадыг эсэргүүцэгчдээс Женевт ирсэн зарим төлөөллийг Москва хийгээд Дамаск, сөрөг хүчнийх гэж үзэхгүй байв.

Энэ нь “Ахрар аш-Шам”, “Жейш аль-Ислам” бүлэглэлүүдэд хамаарч байсан юм. Эцэст нь эдгээр бүлэглэлтэй холбоо сүлбээтэй хэд хэдэн хүн Сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд сөрөг хүчний төлөөлөгчийн хувиар биш өөрийн дураар орчихсон байгааг Лавров хэлэхээс аргагүйд хүрсэн.

Уг бүлэглэлүүдийн талаар Аль-Нахайян ямар нэг тайлбар хэлээгүй ч “Ахрар аш-Шам”-ыг алан хядагч байгууллага хэмээн тус улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн байдаг.

Оманы вант улсын Гадаад хэргийг эрхлэгч Юсеф Бен Алявитай хийсэн уулзалтаа дуусгаад Сергей Лавров Оросын агаар-сансрын хүчин Сирид явуулж буй байлдааны ажиллагаагаа зогсоовол Женев дэх яриа хэлэлцээ үргэлжлэх болно гэсэн Сирийн сөрөг хүчний зарим хэсгийн мэдэгдлийг тайлбарласан юм.

“Энэ бүлгийн зарим гишүүн ивээн тэтгэгчдийнхээ, тэдний дундаас Сирийн курдүүдийн ардчилсан холбоо нам хэмээх нөлөө бүхий чухал хүчнийг яриа хэлэлцээнд ороход нь саад болоод байгаа нь турк хөршүүддээ хэт найдаад байх шиг байна” гэж Оросын дипломат байгууллагын тэргүүн хэлсэн байна.

Өөрсдийнх нь өмнөөс яриа хэлэлцээ хийчихнэ хэмээн гадаадын ивээгчиддээ найдаж, асуудлыг шийдэхэд тулган шаардах маягаар урьд нь тавьсан нөхцөл болзол тус болно гэж үзэх нь маш алсын хараагүй бодлого юм хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Яриа хэлэлцээ хийх тогтсон дүрэм журам зөрчигчдийг Лавров “найдваргүй хүмүүс” гэж нэрлэсэн юм.

Түүний зэрэгцээ Сирийн Засгийн газар ч, босогчид ч хувийн бодлыг биш Сирийн ард түмний эрх ашгийг удирдлага болгох ёстой гэсэн байр сууриа Москва өөрчлөөгүй байгааг Лавров онцоллоо. Түүний хэлсээс үзвэл, Орос улс боломжтой бүхнээ хийж, Дамаскийн төлөөлөгчид товлосон цагтаа, ямар нэг урьдчилсан болзол тавилгүйгээр Женевт очсон аж.

Сөрөг хүчинд нөлөөтэй хүчнүүд ч олон улсын тоглогчдын үүрэгтээ мөн ингэж хариуцлагатай хандана гэж найдаж байна гэдгээ Оросын Гадаад хэргийн сайд илэрхийлээд, гал зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахаар Сирийг дэмжих олон улсын бүлгийн Америкийн талын даргалагчтай Оросын тал ярилцсан бөгөөд хоёрдугаар сарын 11-д Мюнхенд уулзахын босгон дээр энэ яриа үргэлжлэхийг тэмдэглэв.

Сирийн асуудлаарх хэлэлцээг энэ сарын 25 хүртэл зогсоохоор НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура шийдсэн нь дээр өгүүлсэн хэвлэлийн бага хурлын дараа тодорхой боллоо.

Ойрхи Дорнодод Сергей Лавровын хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн хоёр дахь сэдэв нь нефтийн үнийн тухай байв. Төсвийнх нь 50, 40, 30 хувийг нефтийн экспорт бүрдүүлдэг болохоор Орос, Оман, Арабын нэгдсэн Эмират улсуудын хувьд энэ нь онц чухал асуудал юм.

Эрчим хүчний зах зээл дээр юуны урьд нефтийн хувьд юу болж байгаа талаарх үнэлэлт дүгнэлтээ солилцох сонирхол бидэнд байна хэмээн Оросын стратегийг сайд тодорхойлоод, Москва өөрийн санаа бодлыг сайд нар болон ОПЕК-ийн гишүүд, түүгээр ч барахгүй энэ байгууллагад багтдаггүй нефть үйлдвэрлэгчидтэй солилцсоноо тэмдэглэн хэлсэн.

Түүний үзэж буйгаар бол нефть олборлогч бүх оронтой уулзаж ярилцах боломж бий аж. Ийм байр суурьтай байгаагаа Венесуэлийн эрх баригчид санал болгосон байна. Үүний тулд ийм яриа хэлэлцээнд оролцох боломжтой бүх тал тохиролцох шаардлагатай байгаа юм.

Одоогийн нөхцөлд үнэ зохицуулах хуучин механизм үйлчлэхгүй байгаа тул санал бодлоо солилцох нь хамгийн сайн стратеги гэж үзэж буйгаа Лавров Оманы вант улсад хийсэн уулзалтынхаа дараа онцоллоо.

Хар алт экспортлогч бүх улсын төлөөлөгчид уулзвал түүний олборлолтыг багасгах талаар шийдвэр гаргах бололцоотой юм. Нефть олборлолтоо таван хувиар хорогдуулах санал Саудын Араб гаргалаа гэх мэдээлэл ч саяхнаас дуулдлаа.

Энэ асуудлыг явж явж чухам Эр-Риядтай ярилцах хэрэгтэй гэж Олон улсын асуудлаарх Оросын зөвлөлийн шинжээч Владислав Сенькович үзэж байна. Нефтийн үнийг нэмэгдүүлэхийн тулд олборлох түвшнээ бууруулах санаа нэгтнээ Орос хайж байгаа юм гэж тэрбээр тайлбарлалаа.

Сергей Лавров хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг айлчилсан хоёр улсынхаа Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа хөндсөн байна. Арабын нэгдсэн Эмираттай ч, Омантай ч энэ талаар байдал тийм ч сайнгүй байгаа юм.

Орос, Эмират хоёрын бараа эргэлт сүүлийн гурван жилд 2.5 тэрбум доллараас 853 сая доллар хүрч буурчээ. Харин Омантай худалдааны хэмжээ нэмэгдсэн ч “ихээхэн алгуур” байгаа аж.

Түншийн харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж буйгаа тус гурван улс зарлав. Эмиратад “Барак” хэмээх атомын цахилгаан станц байгуулахад нь “Росатом” оролцохоор өрсөлдөж байна.

Лалын ертөнцтэй банкны салбарт хамтрахад оросуудад Эмират тусална. Эмиратын хөрөнгө оруулагчдын шохоорхлыг ч Орос хүргэж байна. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Эмиратын DP World гэдэг томоохон компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээ өнгөрсөн сарын эцсээр зарласан.

Энэ төслөөр Оросын усан буудлуудыг өөрчлөн сайжруулахад бараг хоёр тэрбум долларын хөрөнгө оруулах юм.

Орос, Эмиратын цэрэг техникийн хамтын ажиллагааг “үр ашигтай” гэж зарласан. Сүүлийн 10 жилд энэ салбарт хамтарч ажилласны дүнд Москва тэрбум гаруй доллар олсныг Засгийн газар хоорондын комисс нь өнгөрсөн оны эцсээр тайлагнасан байдаг.

Эмират нь Оросын Персийн булан дахь найртай орон тул Арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн бусад гишүүдтэй яриа хэлэлцээ хийхдээ өргөн хүрээтэй асуудлаар түүний дэмжлэгт найдаж болно. Улс төрийн олон талт бодлогын хажуугаар худалдаа, эдийн засгийн үүднээс Эмират бол чухал улс.

Багтаамж сайтай, боломж өргөнтэй учраас Оросын бизнест Эмиратын зах зээл үнэ цэнтэй. Түлш, цахилгаан болон атомын эрчим хүч, металлург, тээвэр, хөдөө аж ахуй, түүгээр ч барахгүй сансрын салбар ирээдүйтэй чиглэлийн тоонд орно гэж мөнөөх Сенькович үзэж байна.

Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай хэлэлцээр байгуулах, атомыг энхийн зорилгод ашиглах талаар Орос, Оманы сайд нар ярилцжээ. Эдийн засгийн чуулга уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын хоорондын итгэлийг харилцан бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулснаа ч зарлалаа.

Сухар хотын ган хоолойн үйлдвэрийн хувьцааны хяналтын багцыг худалдаж авахыг Оросын компаниуд сонирхож буйг Лавров энд дуулгасан аж. Оманы бизнесмэнүүдтэй холбоо тогтоохоор “Газпром” чармайлт гаргаж байгааг тэрбээр дэмжсэн байна.

Дээр өгүүлсэн Сеньковичийн ярьснаас үзвэл Орос, Оманы хоорондын бараа эргэлт жилд 100 сая орчим доллар болж буй аж.

Түүнээс гадна Оман улс нь Саудын Араб болон Ирантай ихээхэн өргөн харилцаатай учраас Ойрхи Дорнодын эмзэг цэгүүд, түүний дундаас Сири, Йемений асуудлыг ч түүнтэй ярилцах нь зүй ёсных юм.

Турк, Египетийн рашаан сувиллын газрууд хаагдсанаар Эмиратад очих орос хүмүүсийн тоо эрс өсөж байгаа болохоор аялал жуулчлалын асуудал ч анхаарлын гадна үлдсэнгүй.

Эмиратад жилд дунджаар 400 мянга орчим хүн Оросоос ирэх болжээ. Оман улсын хувьд өртөг өндөр, хоёр орны нийслэлийн хооронд шууд нислэг байхгүй учраас Маскат зэрэг рашаан сувиллын хотуудад нь оросууд хөл тавьж чадахгүй байгаа юм байна. Өнгөрсөн онд Оманы булангийн эрэг дээр ердөө 5000 орос хүн иржээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД