Гяндан

2016 оны 02 сарын 03

Холбооны улсын ADX Florence шорон

Америкийн Санта-Ана хотын онцгой дэглэмтэй шоронгоос сүүлийн 20 жилд анх удаа өнгөрсөн сарын 24-нд гурван хоригдол оргожээ. Тэд зузаан төмөр торыг хөрөөдөж, улс дамжуулах хоолой руу ороод таван давхар байшингаас орны цагаан даавуу ашиглан доош буусан байна.

Калифорни муж улсын эрх баригчид оргодлуудыг хайж байгаа аж. Үүнтэй холбогдон хатуу чанга дэглэмтэй, аюулгүй байдлыг чанд сахидгаараа алдартай зарим шорон, тэнд буй зарим зартай хоригдлын аж амьдралыг сонирхлоо.

Мансууруулах бодис бэлтгэх, наймаалах хэрэгт гаршсан, “атигар” хочит Хоакин Гусман Лоэра энэ оны нэгдүгээр сард торны цаана гурав дахь удаагаа оров. Түүнийг Холбооны улсдаа нэгдүгээр зэргийн гэгддэг, алдартай “Альтиплано” шоронд хорьжээ.

“Атигар” чухам энэ шоронгоос хагас жилийн өмнө оргосон аж. Энэ гэмт хэрэгтэн өөрийн бэлтгэдэг коктейль, хахуулиар шоронгийн хуягуудыг татаж чаддаг нэгэн гэнэ.

Эхний удаа шоронд хоригдож байхдаа шоронгийн ажилтнуудаас 78-тай нь тун дотно харилцаатай болж чадаад тэднийг өөртөө үйлчлүүлдэг болгочихсон байв. 2001 онд Гусман одоо эрх чөлөөтэй болох цаг болсон гэж шийдээд л тэндээс гарахад бэрхшээл саад ер байсангүй.

Хоёр дахь удаагаа мань эрийг 13 жилийн өмнө барьж мөн л “Альтиплано”-д хорьсон байна.

Энэ шоронгийн төслийг зохиогчид ямар оронд зориулж байгаагаа сайн мэдэж байсан болохоор гадна талын ханыг нь бетоноор нэг метр зузаан барихаар төлөвлөсөн нь мансууруулах бодис үйлдвэрлэгчдийн хувийн арми техникээр мөргүүлж нураах юм уу дэлбэлж чадахгүй байхыг нь бодолцсон байна.

Энэ хананы доторх дэвсгэр газарт нь байлдааны зэвсэг, хуягт тээвэрлэгч бүхий цэргүүдийг байрлуулжээ. Арван км тойрогт энд гар утас ажиллахгүй, агаарын орон зай нь аливаа нисдэг техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй.

Гэтэл Гусман хийгээд түүний хамсаатнуудыг энэ бүхэн зогсоож чадсангүй. Тэд газар доогуур нүх ухаж, “атигар” 2015 оны долдугаар сарын 11-нд оргож орхих нь тэр.

Эрх баригчид гурав дахь удаагаа гэнэдэхгүй байхыг хичээж, одоо үнэрийг нь андахаа байсан нохой бүхий цагдаагийн ажилтнууд “атигарыг” байнга манаж байх болжээ. Түүнээс гадна хоригдлын байх өрөөг тогтмол солино. Үүндээ тодорхой дүрэм журам мөрдөхгүй.

“Атигар” нэг шөнө өрөөгөө хэд дахин солино гээч. Түүнд зориулсан тусгай хараа хяналттай өрөө энэ шоронд 30 гаруй байдаг гэж байгаа. Бүх өрөөг гэмт хэрэгтний хийх үйлдлийг дулааны үелзлээр тодорхойлж чадах дурант төхөөрөмжөөр тоноглосон байх бөгөөд “атигар” сэжигтэй байвал хуягуудад мэдээлэл очно.

Мэдээлэл хүлээж авах төхөөрөмж хуягуудын малгайнд байна. “Альтиплано”-гийн шалан дор хоёр см зузаан ган төмөр сараалжнууд байдаг болохоор түүнийг ухаж цоолно гэдэг амар ажил биш. “Атигар”-ыг харж хянаж байдаг тусгай хүмүүстэй.

Тэд өөр хэнийг ч хариуцахгүй. 2015 онд “атигар” оргосон нь Мексикийн хууль сахиулах тогтолцоог бүхэлд нь шившиг болгосон байна. “Альтиплано” шорон “Атигар”- ын гэмт хэргийн замын эцсийн зогсоол болно гэж эрх баригчид нь найдаж байдаг аж.

Холбооны улсын ADX Florence бол Америкт авчирсан бүх алан хядагчдыг “агуулж” байдаг онцгой дэглэмийн үлгэр загвар болсон шорон. Америк даяар хоригдлуудын бослого тэмцэл дэгдсэний дараа 1994 онд уг шоронг босгожээ.

Насаараа хоригдох ял хэд хэдэн удаа сонссон хүмүүсийг цаазлах шийтгэл ч айлгахаа больчихсон байдгийг эрх баригчид тэр үед л ойлгож ухаарсан байна. 1983 онд Иллинойс муж улсын нэгэн шоронд харгалзагчийг алсан нь Америкийн засан хүмүүжүүлэх байгууллагын түүхэнд орсон үйл явдал байлаа.

Алуурчдын нэг Томас Сильверстайнд анх удаа “хэнтэй ч уулзуулахгүй байх” онцгой дэглэм тогтоов. Хүний эрхийг хамгаалагчид үүнийг тамлаж зовоохтой адилтган үзэж байв. “Бид түүнийг алж болохгүй болохоор түүний амьд яваа хувь тавиланг нь там болгож хувиргахаас өөр арга алга.

Эс тэгвэл бусад хоригдлууд нь хуягуудыг алаад эхэлнэ. Хууль зөрчвөл төлбөрийг нь төлөх учиртайг тэд ойлгох ёстой” гэж эрүүгийн хэргийг шийдвэрлэх байгууллагын ажилтан Питу Эрли сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.

Дээр нэрийг нь дурдсан Сильверстайныг ADX Florence шоронг нээгдсэний дараахан энд авчирчээ. Тэрбээр 20 жилийн хугацаанд анх удаа хүнтэй үг сольж, 1993 онд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төв рүү дайрсан хэрэгт буруутгагдсан хүн рүү чанга дуугаар хашгирсан аж.

Хэдэн өдрийн дараа тэдний өрөөний ханыг дуу чимээ үл нэвтэрдэг болгосноор харилцаа нь тасарсан байна.

Холын зайн гүйлтийн тэмцээний үеэр Бостон хотод үйлдсэн алан хядах ажиллагааг зохион байгуулсан Жохар Царнаев болон есдүгээр сарын 11-ний дайралттай холбогдсон лалынхан, өндөр албан тушаалд байхдаа эх орноосоо урвасан этгээдүүд, хар тамхины гэмт бүлэглэлийн удирдагчид одоо энд хоригдож буй аж.

Найман ам метр талбайтай өрөө тус бүрт цементэн ширээ, сандал, номхордоггүй хоригдолд зориулсан гинж бүхий ор, жорлон, шүршүүр байх бөгөөд гэрлийг харгалзагч л унтраах бололцоотой байдаг.

Хоригдлууд долоо хоногт таван удаа нэг цагийн хугацаагаар хөлсөө гаргах боломжтой бөгөөд үүний тулд тэднийг ганц ганцаар нь тусгай өрөөнд оруулаад гурваас доошгүй хуяг зэрэг ажиглана.

Шоронд үлгэр жишээ байсан хоригдлыг зохих ёсоор урамшуулдаг тогтолцоотой. Жишээ нь, хараа хяналтгүй, сургалтын юм уу, шашны холбогдолтой нэвтрүүлэг л дамжуулж байдаг өнгөт бус телевизийн өрөөнд бусдаасаа арай илүү хугацаагаар байх боломж олгоно.

Энэ бол жинхэнэ тусгаарлах сүм юм. Бүх үүд хаалгыг нь алсаас удирдана, өрөөнд нь гадны дуу чимээ нэвтрэхгүй. 10 см зузаан жижигхэн цонхоор байшингийн дээвэр, тэнгэр хоёроос өөр харагдах зүйл үгүй болохоор хаана, ямар орчинд байгаагаа хоригдол шоронгийн дотроос мэдэх аргагүй.

“Флоренци” шоронгийн гол дунд, “хар нүх” буюу “Z хэсэг” гэж бий. Энэ бол харанхуй, дуу авиа үл нэвтрэх өрөө юм. Олныг хамарсан дэг журамгүй байдал өдөөсөн хоригдлыг энд авчирч ортой нь “цовдолдог” аж.

Тус шоронд бослого тэмцэл дэгдэх нь өдрийн од ч гэлээ бусдаас бүрэн тусгаарлаж, хэнтэй ч холбоогүй болгочихоор хоригдлууд өөрийн үйлдлийг хянаж чадахаа больдог гэнэ.

Энд бүгдийг нарийн тооцоолсон байх бөгөөд шоронгийн дээгүүр нисдэг тэрэгнээс хамгаалсан тор татаж, гаднаас авчирч буй сонингоос зарим материалыг нь, тухайлбал 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдалд зориулсан хэсгийг нь таслаад авчихсан байх жишээтэй.

2007 онд сэтгүүлчдийг анх удаа энэ шорон руу оруулж үзүүлжээ. Энд сайн хүмүүжиж буй гэгдсэн хоригдлыг өмнө нь хоригдож байсан жирийн дэглэмтэй шоронд нь буцаана.

Хятадын коммунист хувьсгалын удирдагч Мао Цэдун “Манай одоогийн шорон сургууль, үйлдвэр, фермийн аж ахуйн үүргийг гүйцэтгэдгээрээ өмнөх үеийнхээс ялгаатай” гэж хэлж байсан юм гэнэ лээ. “Онцгой дэглэм” гээчийг Өрнөдөд алан хядагч, алуурчин, дээрэмчин, тонуулчдад зориулдаг бол Хятадад ийм шоронгийн тоонд Циньчен мэтийг оруулдаг.

Түүнийг 1950-иад онд ЗХУ-тай хамтран иргэний дайнд ялагдсан Гоминьдан намын гишүүдийг хорих зориулалтаар бий болгожээ. Одоо энд жирийн хоригдлууд, ихэнхдээ улс төрийн хэрэгтэн гэгдэх хүмүүс байдаг. Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэлд байдаг ганц шорон нь энэ.

Тухайн үедээ энд Маогийн бэлэвсэн эхнэр Цян Чин, аравдугаар Ванчин богд Чок Галсан болон ХКН-ын өндөр албан тушаалын бүхэл бүтэн үе энд хоригдож байв. Одоо бол дарга Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд өртсөн хүмүүсээр уг шоронгийн өрөө тасалгаанууд дүүрчээ.

Тэрбээр төрийн эрхэнд гарч ирээд том, жижиг авлигачдыг ялгаж салгалгүй нударгалахыг уриалсан байна. Тус шоронд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн байсан, халдашгүй хүн гэгдэж асан, одоо бол насаараа хоригдох ялтай Чоу Юнкан хоригдож буй. Дээд зиндааны улстөрч гэгдэж авсан Бо Силай бас энд бий.

Циньчэний хоригдлуудаар албадан хүнд хөдөлмөр эрхлүүлдэг бөгөөд шоронг дөрвөн хэсэгт хуваана. Эхнийх нь өндөр алба хашиж байсан хийгээд жирийн хоригдлуудын корпус. Хоёр дахь байр нь захиргааныхан болон үйлдвэрийн цехүүдийнх. Гурав дахь нь хүнд хөдөлмөр эрхэлдэг газар. Дөрөв дэх байр нь шоронгийн ажилтан, албан хаагчдынх.

Шоронгийн нэг өрөө нь 20 ам метр талбайтай, түүнд хяналтын дуран, ор, гэрэл муутай хоёр чийдэн байна. Жирийн хоригдлуудын өрөө нэг цонхтой, арай эрх дархтай хоригдлуудынх нь хоёр цонхтой ч, түүнийг цагаан будгаар будсан байдаг.

Хоригдлууд өөрийн нэрийг мартана. Нэрийг нь дөрвөн оронтой тоо орлоно. Тухайлбал 6835 дугаартай хоригдол 1968 онд ирсэн. 35 дахь хүн гэсэн үг.

Шоронгийн доторх бүх нөхцөл байдал хоригдлын нийгмийн байдал хийгээд хоригдох хугацаа, үйлдсэн хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалан зэрэг, дэвтэй. Энэ нь хоригдож буй өрөөнөөс аваад эргэлт авах (долоо хоногт юм уу, сард нэг удаа гэх мэт), шоронгийнхоо номын санг ашиглах хүртэлх бүх үйл ажиллагаанд хамаарна.

Том алба хашиж явсан хүмүүст энд зарим нэг хөнгөлөлт үзүүлдэг. Жишээ нь, энгийн хувцастай байж, өдрийн 14.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл телевиз үзэж, өглөө сүү уух эрхтэй. Тэдний хоолыг орон нутгийн зочид буудлаас тусгайлан урьсан тогооч хийж өгнө.

Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар бол илүү эрх дархтай хоригдлуудад өдөр аварга загасны сэрвээ чанасан шөл өгдөг аж. Хоол болгоны дараа хүн бүрт нэг алим өгнө.

Жирийн хоригдлуудын өдөр хоног тун хатуу ширүүн байдалтай өнгөрдөг. Тэднийг өлсгөх, зодох бол байнгын явдал. 1970-аад онд Циньчэнд сууж байсан, хүний эрх хамгаалагч Вэй Циншэний ярьснаас үзвэл хоолыг шийтгэлийн чанартайгаар ашигладаг байна.

Хамгийн хэцүү нь хоригдлуудыг эцээж тураана. Тэгээд тос хөвсөн аяга шөл өгнө. Дараа нь амаар нь гартал хоол цутгана. Ихэд дэлгэрсэн юм бол ердөө л зодож орхих. Барилгын инженер мэргэжилтэй Фэн Ципин улсаасаа урвасан хэргээр энд хоригдож буй аж.

Тэрбээр шоронгоос гардаг юм бол эндхийн нөхцлийг сайжруулахыг хичээнэ хэмээн хэлсэн нь наргиан ч юм уу, чин сэтгэлийн илэрхийлэл нь ч юм уу, бүү мэд.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД