АЙМШИГТАЙ ГУДАМЖ

2016 оны 01 сарын 28

Сальвадор улсад 2015 онд гудамжны хүчирхийлэлд өртөж амиа алдсан хүний тоо 100 мянган хүнд 105 ногдож дэлхийд толгой цохижээ. Хоорондоо дайсагнасан дээрмийн бүлгүүд, цагдаа нар, “үхлийн эскадроны” дунд өдөр бүр болдог буудалцаанд олон арван хүн амиа алддаг байжээ.

Ухрахыг үл мэдэх дайчин, ахмад партизан, нууц байдалд ажиллаж байсан Санчес Серен Төрийн тэргүүнээр сонгогдсон 2014 оны зунаас бослого тэмцэл эхэлсэн аж.

Өөрийнх нь өмнө Ерөнхийлөгч байсан, дайныг эсэргүүцэгч үзэлтэй Маурисио Фунес дээрэмчидтэй эвлэрэхээр тохирсон байсан ажиллагаа дууссаныг тэрбээр зарлаж орхив.

“Мара Сальватруча”, “Баррио-18” гэдэг хоёр том бүлэглэлийн хооронд үүссэн эцэс төгсгөлгүй дайныг дуусгахыг хүссэн эрх баригчид 2012 онд тактикаа өөрчилж, энхийн хэлэлцээр байгуулахыг санал болгосон байна. Энэ санаачилга үр дүнгээ өгч, дайныг зогсоов.

Гэвч эвлэрлээс учруулсан хохирол ашиг тусаасаа хавьгүй их байлаа. Гудамжны байлдаанаа дахин эхлүүлнэ хэмээн Засгийн газрыг айлгаж байж дээрэмчид ихээхэн өршөөл хүртсэн байна. Тухайлбал, хоригдлууд нь гар утас хэрэглэх эрхтэй болж, хорих өрөөндөө янхан авчраад “жаргаж” хэвтэх болжээ.

Тэгээд эрх баригчид жаахан гөжүүдлэх гэхээр дээрэмчид тэднийг үгэндээ оруулах найдвартай аргаа хэрэглэнэ. Засгийн газрыг “за” гэж хэлэх хүртэл нь бид гудамжинд байх цогцосны тоог аль болох нэмэгдүүлнэ.

Тэгээд л дандаа “за” гэж хэлүүлж байх болно” хэмээн энэ аргаа “Мара Сальватруча”-гийн нэг удирдагч тод томруун дүрслэн хэлсэн байдаг.

Эвлэрлийн үед дээрэмчид өөртөө ихээхэн итгэлтэй болчихоод цагдаа нарыг басамжлах болсон байв. Тиймээс л Серен тэдний эсрэг загалмайтны дайн зарлаж, үүнийг нь ч дээрэмчид уухайн тас хүлээж авсан байна.

2015 онд зэвсэгт мөргөлдөөнд 16 цэрэг, цагдаагийн 60 гаруй ажилтан амиа алджээ. Дээрэмчид ямар хохирол хүлээсэн нь тодорхой бус. Тэд амь үрэгдэгсдээ нууц газарт оршуулдаг, тэгээд ч хоёр фронт дээр байлдаж, цагдаа нартай тулалдахын хажуугаар өөр хоорондоо зэвсэг зөрүүлнэ.

Сальвадорын хамгийн том бүлэг нь “Мара Сальватруча” юм. Энэхүү “Сальвадорын тэнэмэл шоргоолжнууд” нь домогт МС-13 гэгчийн удам байв. Эвлэрлийг дээрэмчид бүрэн дүүрэн ашиглав.

Хоёр жилийн хугацаанд тэд гадаадын мэргэжилтнүүдийг хүртэл зөвлөхөөрөө ажиллуулан улс төр, эдийн засгийн стратеги шаргуу боловсруулжээ. Өөрийн анги, салбарыг өөрчлөн зохион байгуулж, байр суурийг нь бэхжүүлж, мансууруулах бодис, зэвсэг нааш цааш нь зөөх шинэ замаа ч тогтоогоод авч.


Түрүүхэн үед нь гар хийцийн гар буу голчлон хэрэглэдэг, бөмбөг, Калашниковын автомат буу “нүдний гэм” байсан бол одоо америк хийцийн байлдааны винтовоор зэвсэглэж, тээврийн хэрэгслээр бүрэн хангагдаж, хоргодох байрны бүхэл бүтэн сүлжээ бий болж, сансрын холбоо ч ашиглах болсон байна. Түүгээр ч барахгүй нисгэгчгүй онгоц хэрэглэдэг болжээ.

Эдний удирдагчидтай саяхан уулзсан, “Foreign рolice”-ийн сурвалжлагч Дуглас Фара тэдний байдал ихээхэн өөрчлөгдсөнийг анзаарсан байна. Урьдны олон удирдагч нь шоронд орсноор ажил хэргээс хөндийрч хээрийн ангийн залуу дарга нар оройлох үүрэгтэй болжээ.

“Энэ удаа дээрэмчдийн толгойлогчидтой хийсэн ярилцлага маань өмнөхөөсөө эрс ялгаатай байлаа. Бид ядуусын хорооллын тоос манарсан гудамжинд биш, өндөр үнэтэй тансаг зочид буудлуудын зоогийн газарт уулзаж байв.

Тэд үнгэгдэж элэгдсэн жийнс биш, цэмцгэр костюм өмсөн, гартаа буу биш, цүнх барьсан байсан. Дээрмийн бүлгийнхний бүдүүлэг гашуун үг хэрэглэхгүй, учир начрыг нь соёлтой энгийн тайлбарлаж байв” гэж Фара бичсэн байна.

Ийм бүлгийн гишүүдийн бахархдаг, ялгарах гол тэмдэг нь болж байдаг шивээс ч үеэ өнгөрөөжээ. Шинэ удирдагчдынх нь үзэж буйгаар энэ нь одоогийн “шоргоолжнуудад” үл тохирох гэнэ.

Хамгийн аюултай нь дээрмийн бүлэглэлүүд өөрийн хяналтад байх газар нутаг дээрээ улсынхтай төстэй бүтэц бий болгож байна. Үйлдвэрийн газруудаас татвар авч, шүүхийн наад захын тогтолцоо бий болгож, зодож нүдэхээс эхлээд харанхуй гудамжинд аваачаад олны нүдэн дээр буудах хүртэл шийтгэлийн хэлбэрүүдийг бодоод олчихжээ.

“Мара Сальватруча”-гийн зарим салбар сургуульд сурч буй ядуусын хүүхдэд үдийн хоол гэж аяга шөл, хэрчим талх өгдөг байна. Тэгвэл сурагчдад ийм халамж үзүүлэхэд улсынх нь төсөв хүрэлцэхгүй байгаа аж.

Муу хулгай нарын алан хядах зандалчин үйлдэлд арми яг ижил хариу барина. Ийм хариуны нэгийг “Сен-Блас дахь алаан” гэж нэрлэх болсон байна.

2015 оны гуравдугаар сард цагдаагийн тусгай зориулалтын анги Сен-Бласын тариалангийн талбайн эзний гэрт дайран орж, тэнд байсан “Мара Сальватруча”-гийн таван дайчныг төдийгүй фермийн эзэн Деннис Мартинес, дээрэмчдийн нэгнийх нь нууц амраг гэх 16 настай Соняг ч алж орхисон аж.

Охиныг сөхөрч суулгаж байгаад ам руу автоматаар буудсан гэж байгаа. Энэ яргалал хүний эрхийг хамгаалагчдын дургүйцлийг хүргэсэн ч олон түмний уур бухимдлыг харин төрүүлсэнгүй.

Хүмүүсийг олзолж авахгүй байх тактик баримталсан тусгай зориулалттай цагдаа нарын үйлдлийг жирийн сальвадорчууд дэмжсэнийг санал асуулга харуулсан байна. Уг үйлдлийг харгис хэрцгий гэж зэмлэсэнгүй, харин ч үр нөлөө нь хангалтгүй байсныг шүүмжилж байжээ.

Дээрэмчдэд өршөөлгүй хандахыг дэмжигчид “Цэнхэр хувцастай баатрууд” твиттер хуудсандаа блог, хөтөлж, буун суманд өртөж амиа алдсан дээрэмчдийн зургийг байрлуулсан байв.

Үүнийг үзсэн цахим хэрэглэгчид “Зөв, хархнуудыг ингэж л дарах ёстой”, “Гэмт хэргийн үүр уурхайг үгүй хийх цорын ганц арга энэ” гэх мэт хариу бичсэн байжээ.

Олон нөхдөө дээрэмчдийн гарт алдсанаас Сальвадорын хүчнийхэн догшин хэрцгий хандах болжээ.

2015 оны наймдугаар сард тус улсын Дээд шүүх гудамжны дээрэмчид, тэдэнтэй гар нийлдэг хүмүүсийг алан хядагчид хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь хүчнийхний гарын хүлээсийг тайлсан явдал болсон байна.

Хууль сахиулах байгууллагынхан болон цэргийнхний зэвсэг хэрэглэх журмыг ч эрх баригчид нь зөөлрүүлж өгсөн аж. Өөрөөр хэлбэл, зэвсэг хэрэглэхийг хориглохоо больсон гэсэн үг.

“Цэвэрлэх” гэгч хөтөлбөр одоо армид ид хэрэгжиж байна. Дээрэмчидтэй холбоо сүлбээтэй гэж сэжиглэгдсэн 250 гаруй хүнийг өнгөрсөн онд зэвсэгт хүчний эгнээнээс зайлуулжээ.

Гэлээ ч “Мара Сальватруча”-гийн олон хүн одоо ч арми дотор нуугдаж байгаа гэдгийг цэргийнхэн өөрсдөө нуудаггүй. Тийм болохоор сөрөг тагнуулынхан, цэргийн цагдаа нарт хийх ажил мундахгүй бий аж.

Дээрэмчидтэй хийж байгаа тэмцэлд оролцож буй нэг хүч нь “Үхлийн эскадрон” юм. Тэд бүр 1960-аад онд гарч ирсэн бөгөөд барууны идэвхтэнүүдээс бүрддэг.

Эрх баригчид тэднийг чимээгүйхэн өөгшүүлж байдгаас коммунистууд, христийн ардчилагчид, үйлдвэрчний байгууллагын удирдагчид, католик шашны санваартнууд зэрэг “зэвүүн этгээдүүд”-ийн “учрыг” түвэггүйхэн олж байдаг аж.

1993 онд иргэний дайн дууссаны дараа “Үхлийн эскадрон” дээрэмчдийн эсрэг, юуны түрүүнд “Мара Сальватруча”-тай тулалдах ажилд ханцуй шамлан орж, Төв Америк даяар гишүүдийг нь устгаж гарчээ.

Энэ үйл хэрэгт “Хар сүүдэр” гэдэг бүлэг онцгойлон ялгарч “Мара Сальватруча”-гийн олон арван дайчныг устгасан байна. 2000-аад оны эхээр мөнөөх “шоргоолжнууд” хэсэг хугацаанд сураг тасраад байтал “Хар сүүдэр”-ийн ялгарах тэмдэг Сан-Сальвадор хотын байшин барилга дээр 2014 онд үзэгдээд байх болжээ.

Тусгай албад, цагдаа, армийн ажилтнууд болон хоёр талын ахмад дайчдаас бүрдсэн, олонд төдийлөн танил бус “Үхлийн эскадронуудын” тухай одоо хэвлэлд мэдээлээд байх болсон аж.

Хорин жилийн өмнө зэвсэг бариад өнөөгийн Ерөнхийлөгч Серенаг авлах гэж явсан хүмүүс одоо болохоор улс орноо дээрэмчдээс салгахад нь түүнд туслаад “давхиж” явна.

Муу хулгай нартай дайтах нь Сальвадор улсын дотоодын явдал төдий юм биш. Дээрэмчдийн бүлэгт хүчээр элсүүлэх оролдлого, өөр хоорондоо өрсөлдөн тэмцэгчдийн хийгээд цагдаа нар, “Үхлийн эскадрон”-ы суманд өртөхөөс зугтсан өсвөр насны голдуу олон мянган дүрвэгч Мексик, Америкийн хилийг нэвтрэх болов.

Тэднийг Америкт аливаа саадгүй толгой хоргодуулах нь энэ талаар Обамагийн баримталж буй бодлогыг тэртэй тэргүй шүүмжлээд байдаг бүгд найрамдахчуудын гарт хожлын хөзөр атгуулсан явдал болоод зогсохгүй дүрвэгсдийг тэжээхийн тулд татвар төлөгчдийн халаас руу гараа шургуулна гэсэн үг.

Нөгөө талаас дүрвэгсдийг буцааж “хөөх” нь хөрш Мексикийн байдлыг хүндрүүлэхээс гадна ардчилагчдыг дэмжсээр ирсэн Төв Америк гаралтай иргэдээ цааш нь түлхсэн хэрэг болно.

Эцэст нь Обамагийн Засгийн газар дүрвэгсдийг нэг гараараа зангаж, нөгөө гараараа даллахаас аргагүй болов.

АНУ-д хууль бусаар орогнож буй Төв Америкийн орнуудын цагаачдыг эх орноосоо гаргана гэж Обама энэ сарын 3-нд амласан бол Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь Сальвадор, Гондурас, Гватемалаас авах дүрвэгсдийн тоог Америкийн Засгийн газар нэмэгдүүлнэ хэмээн үүнээс 10 хоногийн дараа зарлалаа.

Гэхдээ түр зуурын энэ арга хэмжээ асуудлыг нэг тийш болгож чадахгүй. Төв Америкт дээрэмчидтэйгээ хийж буй дайн удаан хугацаагаар үргэлжлэхэд эргэлзэх юун.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД