Маяковскийн “АРГАМЖАА”

2016 оны 01 сарын 26

Лиля Брик гэдэг эмэгтэй суут Маяковскийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэснийг их яруу найрагчийн музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Марина Краснова ийн ярьж байна.

“Маяковскийн толгойг Лиля эргүүлж, түүнийг захирч, үгнээсээ гаргадаггүй байсан юм билээ” хэмээн тэрбээр яриагаа эхлэв. Маяковский эхлээд 1915 онд Лилягийн дүү Эльзаг шохоорхож байсан аж. Хожим нь тэр Эльза Парист цагаачилж очоод нэрт яруу найрагч Луй Арагонтой суусан байна.

1915 оны зун Эльза өөрийг нь хоргоодог Владимир Маяковскийг Петроград хотод Лиля болон түүний нөхөр Осип Максимович Брик нарын гэрт дагуулж ирэв. Тэгэхэд Лиля 25-тай, Маяковский 22-той байлаа. Тэрбээр бичсэн шүлэгнээсээ уншсан нь ялангуяа Осипт онцгой сэтгэгдэл төрүүлжээ.

Тэрбээр Маяковскийн гараас шүлгийг нь аваад өрөөн дотуур холхин, Маяковскийн авьяасыг биширч буйгаа хэлж, шүлгийн номоо хэвлүүлэхэд нь шаардагдах мөнгийг нь төлнө гэж амлав. Тэр үед Брик сайн наймаачин болоод байсан аж.

Тэгтэл зочин нь Эльзаг хажууд нь байсаар байхад зоволгүйгээр Лиля руу дөхөж очоод “Энэ номоо би танд зориулахыг зөвшөөрнө үү” гэж хэлэв. Тэгээд гар бичмэлийнхээ эхний хуудсан дээр “Лиля Юрьевна Брикт зориулав” гэж бичжээ.

Лиля эхлээд Маяковскийд царай өгөлгүй бараг хоёр жил болсон аж. Лиля Брик өөрөө дурсамждаа “Володя (Маяковский) надад дурласан төдийгүй над руу ердөө л довтолж гарав. Хоёр жил гаруй хугацаанд би ёстой амар заяа үзсэнгүй.

Түүний цөхрөлтгүй шавдуулж шаардсан жолоо цулбуургүй хүсэл шунал нь намайг айлгаж байлаа” гэж бичсэн байдаг. Лиля яалт ч үгүй буугаад өгчээ.

1918 онд хайртай хоёр бөгж солилцов. Нэг дээр нь эрэгтэйн, нөгөө дээр нь эмэгтэйн овог, нэрний эхний үсгийг ЛЮБ гэж бичсэн байлаа. Бөгжийг эргүүлэхэд “Хайртай” гэсэн үг болж уншигдана. Бөгж солилцсон тухайгаа Лиля “Би Володяд их хайртай болж, эхнэр нь болохоор шийдлээ гэж Осяд хэлэхэд тэр зөвшөөрсөн юм” гэж эгч Эльзадаа хэлж байжээ.

Өнөө цагийн хүмүүс Лиля Брикийг царайлаг хүүхэн байгаагүй гэцгээдэг. Урт эрүүтэй, том толгойтой... Гэхдээ эрчүүдийг соронзон шиг татдаг адтай хүүхэн байсныг нь бүгд хүлээн зөвшөөрдөг.

Нэр алдартай олон хүний намтар бүтээл бичсэн зохиолч Федор Раззаков Маяковскийд түүний үзүүлсэн илбийн юм шиг айхтар нөлөөнийх нь талаар хүмүүст ярьсан нь бий. Магадгүй энгэр зөрүүлэхдээ идтэй нэгэн ч байсан байж болох. Сэтгэл нь ихэд хөдлөхөөрөө Лилягийн нүүр нь татвалздаг байлаа.

Тэрбээр 13 настай, гимназын сурагч байхдаа 14 настай найзынхаа ах Осип Брикт дурлажээ. Брикийн хүйтэн хөндий байдлаас болж Лилягийн нүүр нь татвалздаг болсон төдийгүй үс нь унадаг байв.

Гэлээ ч Брикийг өөртөө сайн болгож дөнгөсөн байна. 1912 оны гуравдугаар сарын 26-нд тэд хурим хийж, Лиля Юрьевнагийн дурсан ярьснаар хоёр жилийн дараа тэд биенээсээ уйдаж залхжээ.

Гэлээ ч Лиля чөлөөт дурлалыг эрхэмлэж, сэтгэлийн хувьд нөхрөөсөө холдож хөндийрч чадахгүй, тэр ч бүү хэл Маяковскийд өгсөн хайрынхаа төлөө нөхрөө орхиод явчих бодолгүй байв.

“Осятай энгэр зөрүүлэх би дуртай байлаа. Энэ үедээ Володяг галынхаа өрөөнд түгжчихнэ. Тэгэхэд тэрбээр бидэн дээр орж ирэх гээд галын өрөөний хаалга маажаад уйлаад байдаг сан” хэмээн Лиля Брик нэгэнтээ Андрей Вознесенскийд ярьж байжээ. “Тэр (Лиля) харгис хэрцгий хүн шиг надад санагдана, гэтэл Маяковский түүнд ухаан жолоогүй дурласан юм” гэж Вознесенский ярьдаг байв.

“Нөхөр сүүдэртэй болох тухайд Лиляд ямар нэг саад хориг байгаагүй. Маяковский түүнд ухаан алдталаа дурлан, энэ тухайгаа олон шүлгэндээ өгүүлсэн.

Тэгвэл “Шаналж шаналж тэр гайхалтай шүлэг бичдэг юм” гэж Лиля үздэг” хэмээн Марина Краснова яриагаа үргэлжлүүлэв. Лиля яалт ч үгүй Маяковскийн уран бүтээлд нөлөөлсөн аж. Маяковскийд ч гэсэн сэтгэл гэгэлзүүлэх зүйл хэрэгтэй байв. Тэрбээр дурлалдаа мансууран, шүлэг бичдэг байлаа.

1920-иод онд Лиля, Осип хоёр Москвад бүрмөсөн шилжиж иржээ. Маяковский гурвуул нийтийн байранд нэг сууцанд, нэг өрөөг нь Маяковский, нөгөөг нь Осип Максимович эзэгнэн аж төрөх болсон байна.

Гурав дахь өрөө нь том бөгөөд Лилягийн ор байх, түүнийг хөшгөөр тусгаарлана. Маяковскийн дурсаж ярьснаар бол энэ сууцны дэргэд ядуусын оромж сүм л гэсэн үг. Хаалга нь хэдэн өдрөөр онгорхой, тэр том өрөөнд байнга хүн шавж, хөзөр тоглон, загас наадуулна...

1926 онд Маяковский өөр байр худалдан авч, Лиля ч, Осип Брик ч тийшээ нүүв. Энэ байрны эзэн нь Лиля боллоо. Дөрвөн өрөөний нэг нь яруу найрагчид олджээ. Тэдний гурвалжин дөрвөлжин хайр швед айлыг санагдуулна.

Гурвуул нэг сууцанд амьдарна. Энэ хачирхалтай гэр бүлийнхэн үүргээ хэрхэн хуваарилдаг байсныг бүү мэд. “Ажихад тэд тус бүртээ өөр өөрийнхөөрөө амьдарч, тэгэхдээ хамт байгаад байсан” гэж Федор Раззаков ярьсан байдаг. Маяковский алдар хүндтэй болж, Лиляг нөхөртэй нь тэжээж байв.

Лилягийн хүссэнийг биелүүлнэ. 1928 онд Парисаас “Рено” хэмээх автомашин захиалж авчруулав. Дандаа гадаадын бараа худалдаж авна. Лиля болохоор хайртай дуртайгаа илэрхийлсний хариуд Маяковскийгээс мөнгө нэхнэ.

Мөнөөх Марина Красновагийн ярьснаар бол Маяковский “Одоо би дурлалд хүлээтэй байхаа больсон” гэж бичдэг байсан ч боловсролтой, ухаалаг, гүдэсхэн Лиля түүний амьдралыг жолоодсоор байжээ.

Тухайлбал, оюутан бүсгүй Наталья Брюханенкотой яруу найрагчийг суух гэж байтал Лиля “Чамайг гэрлэх гэж байгаа гэсэн яриа чих дэлслээ. Битгий ингээрэй” гэсэн захидал бичиж байсан аж. Маяковский ч түүний үгэнд оров. Лиля ер уурлаж, бухимдахгүй, маш ухаалаг хандана.

“Чи суут хүн шүү гэх бодлыг эр хүнд төрүүлэх хэрэгтэй. Гэрт нь хориглоод байдаг зүйлийг хийхийг зөвшөөр. Бусдыг нь сайн гутал, торгон даашинз шийдээд өгнө”

Гэхдээ биеэ сүрхий барьдаг, хүлээц тэвчээртэй Лиляг Маяковский заримдаа бухимдуулна. Оросын цагаач эмэгтэй Эли Жонс 1926 онд Америкт Маяковскийн охиныг төрүүлсэн гэх мэдээллийг Лиля маш эмзэг хүлээж авчээ. Лиля өөрөө залуудаа хэд хэдэн удаа үр хөндүүлсний улмаас хүүхэд төрүүлж чадахгүй болсон аж.

“Маяковскийн охин одоо ч амьд бий, музейд, бидэн дээр ирдэг юм. Түүнийг Елена Владимировна Маяковская гэнэ. Иргэний үнэмлэх дээр нь Хелен Патриция Томсон гэсэн нэр байдаг юм билээ. Маяковский тэр хоёр Ницца хотод нэг удаа уулзсан гэсэн баримт байдаг.

Охин тэгэхэд хоёр нас гаруйтай байж. Америкт охин нь төрсөн гэх мэдээллийг яруу найрагч нууцалдаг байсан. Зөвлөлт засгийн үед ийм юм муу үр дагавартай байсан юм чинь” хэмээн Марина Краснова ярьжээ.

Маяковскийг охинтойгоо уулзсаныг дуулаад түүндээ татагдчих вий гэж Лиля айжээ. Тэгээд Лилягийн гуйснаар эгч Эльза нь Маяковскийг Парист амьдардаг орос цагаач эмэгтэй Татьяна Яковлеватай танилцуулсан аж.

Энэ үйлдэл ч үр ашгаа өгч, яруу найрагч маань охиныхоо ээжтэй уулзаж учрахаа байж, Татьянадаа анхаарах болсон байна. Танилцаад долоо хоноход л Маяковский хамт амьдрахыг Татьянад санал болгов. Парисаас Орост буцаж ирээд Татьяна Яковлевад зориулж бичсэн шүлгээ Маяковский олны өмнө уншлаа.

Лиля үүнийг урвасан явдал гэж үзэж байв. Тэгээд түүнийг дахин гадаад руу явуулахаа байжээ. Маяковский ч түүн дээр эргэж ирнэ гэсэн амлалтдаа хүрч, Яковлевна руу явж чадахаа байжээ. Ийнхүү Лилягийн чармайлтаар Маяковский хөл хэрээтэй болж орхив.

Яковлеваг гэх сэтгэлийг нь сатааруулахын тулд Лиля түүнийг жүжигчин Вероника Полонскаятай танилцууллаа. Тэгэхдээ зориуд нөхөртэй хүүхэн сонгосон аж. Тиймээс аюул багатай байв.

Маяковский, Вероника хоёр нэг жил орчмын хугацаанд л уулзаж учирч явж. Тэдэнд Вероникагийн нөхөр жүжигчин Яншин саад болоод байсан тул Маяковский түүнийг нөхрөөсөө салж, театраасаа гарахыг шаарддаг байв...

1930 оны дөрөвдүгээр сарын 14-нд тэд Маяковскийн гэрт уулзав. Маяковский Вероникаг нөхрөөсөө салахыг гуйн, удахгүй байртай болж, Брикийнхнээс тусдаа амьдарна гэж хэллээ.

Театр бол амьдрал нь учраас түүнийг орхиж чадахгүй гэдгээ Вероника хэлтэл “Тэгвэл одоохон зайл” гэсэн хариу сонсогдох нь тэр. Вероникаг өрөөнөөс гартал буун дуу тас хийгээд явчихжээ. Татьяна буцаад гүйгээд ороод ирэхэд Маяковский амьд байжээ.

Түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан олон бий гэж үздэг. Маяковский энэ үедээ сэтгэл санааны ч, бие бялдрын ч, уран бүтээлийн ч талаар ихээхэн гутранги байдалд байжээ. Түүний хэд хэдэн жүжгийг тун тааруухан хүлээж авсан төдийгүй авьяас нь бөхөж, амьдралаас хөндий юм бичих болсон гэж шүүмжилж байлаа.

Сүүлийн захидлаа Маяковский 1930 оны дөрөвдүгээр сарын 12-нд бичиж, 14-нд өөрийгөө буудсан юм.

Хожим нь Лиля Брикийн нотолсноор бол Маяковский амиа хорлох гэж нэг бус удаа оролдож байжээ. Нэг удаа тэрбээр Лиля руу утсаар ярихдаа “Өөрийгөө буудлаа” гэхэд нь “Хүлээж бай, намайг хажууд чинь байхгүй үед битгий буудаарай” гэж хэлчихээд гэрт нь гүйж очиход Маяковский хаалга онгойлгож өгөөд “Буу авалцсангүй, дахиад чамайг байхгүйд ийм үйлдэл хийхгүй байхаар шийдлээ” гэж хэлсэн байна. Тэрбээр үнэхээр айхтар гутарч, арай хийн амьд явж байлаа.

Лиля, Володя хоёр биенээ “муурхан, гөлөгхөн” гэж дууддаг, энэ нь тэдний харилцааны мөн чанарыг хадгалдаг байсан аж. Лиля муур шиг, өөрийн дураар зугаалж цэнгэдэг байсан бол Маяковский түүнд нохой шиг үнэнч байлаа. Энэ холбоог сум л тасалсан байна.

Маяковскийг нас барснаас хойших нэгэн зүүднийхээ талаар Лиля дурсамждаа бичсэн байдаг. Володя түүн дээр ирж байх юм гэнэ. Тэгэхэд нь амиа хороосных нь төлөө Лиля түүнийг харааж загнажээ.

Володя түүний гарт буу атгуулаад “Миний хийснийг хий” гэсэн аж. Энэ зүүд биелж, Лиля унтуулах эм хэмжээг нь хэтрүүлж хэрэглээд 87 насандаа хорвоог орхив.

Зохиолч Федор Раззаковын ярьснаас үзвэл Лиля Брик эхлээд Аюулаас хамгаалах байгууллагын мэдээлэгч байгаад сүүлд ажилтан нь болсон аж. Энэ эмэгтэй Маяковскийг богинохон уяагаар аргамжиж, чекистүүдийн даалгавраар хараа хяналтдаа байлгаж байв.

Чухам Лиля л Высоцкий, Марина Влади хоёрыг мөн л тусгай албаны заавраар танилцуулсан гэж үздэг. Гэхдээ энэ бүхнийг нотлох баримт байхгүй. Тэгэхдээ Лиляг нэг үйлчилгээний газар ажиллуулаад түүндээ олон түмнийг, ялангуяа сэхээтнүүдийг цуглуулж байхыг зөвшөөрсөн бөгөөд чекистүүд энд ажиглалт хийж, мэдээлэл цуглуулдаг байсан гэх яриа байдаг.

Лилягийн нөхөр тусгай албанд ажиллаж байсан нь харин гарцаагүй үнэн аж. Түүнийг жилд олон удаа гадаад руу явуулж байсан нь яавч санамсаргүй юм биш. Жирийн хүмүүст ийм боломж олдож байгаагүй шүү дээ.

Лиля Брикийг тусгай албаныхантай холбоотой байсан гэж Валерий Золотухин бас хэлсэн удаатай. Лиля өөрөө хүндэт чекистийн тэмдэгтэй гэж түүнд ярьсан юм билээ. Харин Лиляг тусгай албаны нууц ажилтан байсан гэх таамгийг мөнөөх Марина Краснова зөвшөөрдөггүй.

Маяковскийг өөрөөсөө холдуулахгүй байсан нь хэн нэгний захиалгаар хийсэн ажил биш, Лиля өөрөө ингэхийг хүсдэг байсантай маргах юм байхгүй гэж тэрбээр үздэг.

“Комсолмольская правда” сонинд Анна Велигжанинагийн бичсэнээс авав.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД