Д.Баярхүү: Төвийг сахина гэдэг төрөл арилжина гэсэн үг биш

2016 оны 01 сарын 22

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих тухай гадаад бодлогын санаачилга гаргаж, түүнийгээ НҮБ-ын индрээс дэлхий дахины сонорт хүргэж, байнга төвийг сахих тухай хууль санаачлаад байгаа билээ. Энэ асуудлаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүүтэй ярилцав.

-“Төвийг сахих” гэдэг нэр томъёо, бодлого, үйл ажиллагаа ямар хэрэгцээ, шаардлагын улмаас хэзээ, хаанаас гарч ирсэн юм бэ. Өөрөөр хэлбэл, түүхээс нь товч боловч хэлэхгүй юү?

-Герман хэлний neutralitаt, латин хэлний neuter буюу “аль нь ч биш” гэсэн утга бүхий үгнээс энэ үзэл баримтлал эштэй юм билээ. Дайнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэлд оролцохгүй байх зарчмыг олон улсын эрх зүйн онолд “эвсэлд үл нэгдэх” хэмээн нэрлэсэн явдал бас байдаг.

Олон улсын хуулиар бол дайн самууны үед байлдагч талуудад цэрэг зэвсгээр тусалж болохгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулж болохгүй, зэвсэг болон цэргийн зориулалттай бараа хэрэв худалдах бол байлдагч талуудыг хооронд нь ялган үзэж болохгүй гэсэн гурван хязгаарлалт төвийг сахиж буй улсад тавьдаг.

Төвийг сахих хэрэгцээ, шаардлага гэж яривал Швейцарийн түүх хэлээд өгдөг.

Тус улс түүхэн нэгэн үед Герман, Франц, Австри-Унгар, Итали гэсэн дөрвөн гүрний хүрээлэлд, ялангуяа Герман, Францын хөлд чирэгдэн, тэдний өвөр хоорондын дайнд татагдаж орох, цэрэг нийлүүлэх, тэдэнд ялагдах, эзлэгдэх, эсвэл нутгаа ашиглуулах эрсдэлтэй олонтаа тулгарч байсан зэрэг шалтгаанаар төвийг сахихаас аргагүй байдалд орсон хэмээн тэмдэглэсэн байдаг.

Ингээд Швейцарь нь 400 жил төвийг сахих бодлого явуулсан, 200 жилд нь төвийг сахисныг нь бусад улс орон хүлээн зөвшөөрсөн. 1815 онд Парисын гэрээ, Венийн конгрессоор Швейцарийн байнга төвийг сахих болон түүний хил хязгаарын халдашгүй дархан байдлыг Европын дөрвөн гүрэн баталгаажуулсан.

Төвийг сахих тухай эрх зүйн талаар анхлан заасан түгээмэл хууль болох 1907 оны Гаагийн хоёр конвенцид Швейцарь тэр үедээ нэгдэн орж, 1919 онд Версалийн энхтайвны гэрээнд Швейцарийн төвийг сахисан байдлыг дурдаж тусгасан гэхчлэн түүх буй.

АНУ 1793-1917, 1936-1941 онуудад, Бельги 1839-1918 онд, Швед 1810 оноос, Ирланд 1937 оноос, Коста-Рика 1949 оноос, Австри, Финланд 1955 оноос, Лихтенштейн дэлхийн II дайны үеэс, Мальта 1979 оноос, Туркменистан 1995 оноос тус тус төвийг сахиж байна.

-Төвийг сахих гэдэг нь эдүгээ ач холбогдол нь буурч буй гэж үздэг, тиймээс ч бараг ярихаа больж байгаа “Эвсэлд үл нэгдэх” гэдгээс ямар ялгаатай үйл ажиллагаа вэ?

-Ач холбогдол нь буурч байгаа гэж бид үзэхгүй байна. Ярихаа болилоо гэдэгтэй ч санал нийлэхгүй. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэж бий, манай улс гишүүн нь. Гэхдээ энэ хөдөлгөөн шинэчлэлийг шаардаж байна.

Их гүрнүүдийг шүүмжилдэг индрийн үүрэг нь ч явцуу болсон. Тэртээх 1960-аад оны эхээр социалист, капиталист хоёр лагерь гэж байхад аль алинд нь багтахгүй гэсэн хөгжиж буй хэсэг улс санаачилсан энэ хөдөлгөөн хожим өөрөө явцуу бүлэглэл болж хувирсан.

“Хүйтэн дайн” дууссаны дараа үүрэг, жин нөлөө нь багассан, иймд төвийг сахих гэдэгтэй холбож ойлгохгүй байвал зүйтэй юм.

-Төвийг сахиснаас өөрийгөө бусдаас зааглаж хөндийрүүлэхэд хүрэх юм биш үү. Хэрэв тийм бол манай улсын хөгжилд сөрөг нөлөөтэй байх бус уу. Интеграцаас биднийг холдуулж, гадна нь үлдээчих аюул байхгүй юү?

-Ийм дэгс ойлголт нийгэмд мэр сэр байхыг үгүйсгэхгүй. “Төвийг сахих” гэдэг үгийг ухаж хөөгөөд тэгж ойлгож байвал бүр буруу. Төвийг сахичихаар хөрш болон бусад улс холдож, хөндийрөөд, манай гадаад бодлого хумигдаад, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, ингэвэл Монгол нь өөрийгөө цааш нь аваад явчих чадваргүй болно гэх ерөнхий хардлага, хий айдас зарим нөхдөд байгаа бол тийм хүмүүс Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг унших нь зүйтэй юм.

Түүний “Хуулийн үйлчлэх хүрээ” гэсэн гуравдугаар зүйлд “Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй” гэсэн маш тодорхой, оновчтой заалт байгаа. Хөгжил дэвшилтэй холбож үзэх ямар ч шаардлага байхгүй.

-ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай Валентина Матвиенко “Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй болно гэсэн үг” гэж манай төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн гэсэн яриа бий.

Тэгэхлээр байнга төвийг сахиснаар урьд өмнө нь байгуулсан стратегийн яриа, хэлэлцээрүүдийг хөндөхөд хүрэх юм биш үү?

-Хатагтай Матвиенко ингэж хэллээ гэсэн баримт, ярианы тэмдэглэл бидэнд алга байна. Дахиад л дээрх хуулийн заалтыг эшилье. Хоёр талын харилцааны өнөөгийн түвшин, стратегийн түншлэл огтоос хөндөгдөхгүй ээ гэдгийг л ерөнхийлөөд хэлчихсэн байна.

Тэгээд ч төвийг сахисан гэж нэрлэж буй дээрх орнууд гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хэнээр ч заалгахгүй, юунд ч баригдаж хүлэгдэхгүй явуулсаар байгаа.

Харин ч үндэсний эрх ашгаа дээдэлсэн, өөртөө хэрэгтэй бодлогын хувилбарыг сонгон авах эрхээр хангагдана гэсэн үг.

-Төрийн цэгцэрсэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх тодорхой механизм, алсын хараа байхгүй, сүүлдээ бүр төр байхгүй, эзэнгүйдлээ гэж ярьж байгаа өнөөгийн нөхцөлд төвийг сахих явдлыг төрийнхөө байнгын бодлого болгож тунхагласан нь эртэдсэн юм биш байгаа.

Өөрийгөө аваад явчихтай, бусдын царай нэг их хараад байхааргүй болсон үедээ баримталбал илүү зохимжтой бодлого биш юм уу?

-Дээр нэр заасан улсуудаас нэг нь ч хөгжил дэвшлийн өндөрлөгт хүрчихээд төвийг сахих бодлого баримтлаагүй. Хөгжлөө хурдасгах, ард түмнээ айх аюулгүй байлгах, дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд чирэгдэхгүй гэсэндээ л ихэнх нь төвийг сахисан юм билээ.

Төвийг сахиснаараа Швед аж үйлдвэржиж чадсан, Швейцарь хөгжлөө хангасан, АНУ ч тэр олон жил төвийг сахихдаа аж үйлдвэржилтээ амжуулсан биз дээ. Эртэднэ гэдэг дээр ч зэмлэл хэрэггүй. Олон улсын харилцаа тун хүнд болж байна.

Дэлхийн дэг журам хэрхэн төлөвшиж байгааг онож хэлэх, урьдчилан таах арга алга. Манай улстай найрсаг харилцаатай улс орнууд өвөр хоорондоо муудалцаж, зарим нь бүр дайны байдал руу дөхөж байна.

Биднийг нээнтгэнд оруулах, аль алиныг нь дэмжих аргагүй, нэгийнх нь эсрэг нөгөөг нь дэмжиж болохгүй олон асуудал тулгарч болно. Ийм нөхцөлд төвийг сахиснаа зарлах нь харин ч онох бус уу.

-Тэгвэл энэ бодлогыг хуульчлах гэж яарах хэрэг байна уу. Энэ талаар үлгэр жишээ болгодог Швейцарь улс үүнийг хуульчлаагүй байгаа гэж сонссон санагдах юм.

-“Төвийг сахих тэр улсын тийм загвар”, “төвийг сахих олон улсын загвар”, “төвийг сахих улсад тавих шалгуур” гэдгийг хүн төрөлхтөн бодож олоогүй байна. Төвийг сахичихвал олон улсын зүгээс тэгж тэгж хязгаарлана, хаана, бооно гэсэн хууль дүрэм ч байхгүй.

Төвийг сахисан улс болгон өөр өөрийн сонгосон хувилбараар түүнийгээ хэрэгжүүлж байна. Дотооддоо ийм хууль батлаад мөрдөж байгаа улс дээхнэ үеийнхнээс Австри байна.

Орчин үед Туркменистан байна. Монгол дараагийнх нь боллоо гэхэд энд юу нь буруу, юу нь болохгүй байгаа юм бэ гэж би хариуд нь асууя л даа.

-Швейцарь улс НҮБ-д элссэнээр байнга төвийг сахих улсын шинж чанараа алдсан гэх яриа байдаг юм билээ. Манай улс чинь НҮБ-ын гишүүн төдийгүй ер нь олон улсын байгууллагад элсэх, нэгдэх их хорхойтой улс гэж санагддаг. Энд зөрчил бий болох уу?

-Швейцарь НҮБ-д элссэнээр төвийг сахих шинжээ алдлаа гэдгийг анх удаа сонсож байна. Олон улсын байгууллага, форум, эвсэл холбоонд элсэх эрх нь тухайн улсын өөрийнх нь үзэмжийн асуудал. Хэн ч үүн дээр саад болохгүй.

Хуулийн төслийн “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн зүйлд “Байнга төвийг сахих” гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” гэж бичсэн.

Тэр бол цэргийн эвсэлд элсэхгүй л гэснээс бус олон улсын бусад байгууллагад нэгдэхийг хориглоогүй.

-Байнга төвийг сахих бодлого баримталбал олон улсын харилцаанд өрнөж буй аливаа асуудлаар, ялангуяа аюулгүй байдлын чиглэлээр өөрийн байр суурь илэрхийлэх эрхээ бид хадгалж үлдэх үү?

-Дахиад л нөгөө хардлага яваад байна. Олон улсын байр сууриа илэрхийлэх эрхээс нь хэн татгалзуулах гээд байгаа юм бэ? Аюулгүй байдлын асуудлаар яагаад ярьж болдоггүй юм бэ? Хэн хаанаас хориглоод байгаа хэрэг вэ? “НҮБ дахь санал шүүмжлэл, санал хураалт, тогтоол санаачлах, хамтран оролцох эрхийг нь төвийг сахисан улс дээр хязгаарлана” гэсэн заалт НҮБ-ын дүрэмд байхгүй.

Ийм заалтыг өөр олон улсын ямар ч байгууллага, форумын дүрэм, баримт бичгээс лав олж үзэхгүй.

Төвийг сахиснаараа дэлхий нийтийн болон бүс нутгийн ноцтой хурц асуудлаас өөрийгөө татаад авчихаж байгаа хэрэг бус, харин ч эвсэл бүлгийн эрх ашиг, нэгдмэл байр суурь гэхгүйгээр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхээр бүрэн хангагдана гэж швейцарь нөхөд ярьж байна билээ.

-Төвийг сахих нь олон улс, бүс нутгийн байдал түгшүүртэй, дайн байлдаан ч болж болзошгүй үед үр ашгаа өгөх, дорой буурай улс өөрийгөө юманд өртүүлэхгүй авч үлдэхэд хэрэгтэй бодлого, арга юм биш үү?

-Дайнаас холуур өнгөрье, дайтагч аль ч талд нь орохгүй байя гэсэндээ л Европын нэр бүхий орнууд төвийг сахиж байсан юм билээ. Тийм учраас бодлого гэхээсээ оршин тогтнож үлдэх, хөгжлөө хангах, ард түмнээ дайны хөлд хэлмэгдүүлэхгүй байх мэргэн арга байсан болов уу.

-Идэвхтэй гадаад бодлого нь улс орноо батлан хамгаалах хэрэгсэл болдог. Тэгвэл төвийг сахисан улс идэвхтэй гадаад бодлого явуулж болох уу?

-Дээр хариулсан даа. Төвийг сахина гэдгийг бүх салбарт, бүх бодлого дээр төвийг сахих юм байна гэх хардлага манай хүмүүст байгаа бол тэр нь огтоос үндэсгүй юм. Төвийг сахих нь манай гадаад бодлогын тулгын чулуу байх мэтээр дэгсдүүлж ойлгож болохгүй.

Ер нь яагаад идэвхгүй байх ёстой юм бэ. Харин ч төвийг сахиснаараа идэвхтэй, олон талтай, нээлттэй гадаад бодлогоо олон хувилбараар чөлөөтэй явуулах эрхээр хангагдах бус уу? Хуулийн II бүлгийн тавдугаар зүйлд “Монгол Улс бусад улстай энхийг эрхэмлэсэн, байнга төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого явуулж, бүхий л салбарт эрх тэгш, тэнцвэртэй харилцана” гэж заасан нь бий.

-Манай энэ бодлого олон улсын зүгээс гаргасан ямар нэг шийдвэрээр аяндаа хүчингүй болох магадлал бий юү?

-Нэр томъёон дээр анхаарах асуудал байх шиг байна. Төвийг сахих санаачилга, бодлого, байр суурь, статус гэх мэт олон нэр томъёог хольж хутгахгүй, нэгээр нь нөгөөг нь үгүйсгэхгүй байх нь чухал.

Манай улсын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн вэбсайтдаа өгүүлэл бичихдээ уг асуудлаар санаачилга дэвшүүлсэн. Энэ бол Төрийн тэргүүний санаачилга.

Түүний санаачилгыг ҮАБЗ хэлэлцэж дэмжсэн, Засгийн газар, ГХЯ-нд үүрэг өгсөн. Энэ бол санаачилгаасаа албан ёсны байр суурь болж шат ахилаа гэсэн үг. Тэр байр суурь нь хуулийн төсөл болоод УИХ-д өргөн баригдлаа.

Хэрэв Байнга төвийг сахих тухай Монгол Улсын хууль батлагдвал энэ нь төвийг сахих албан ёсны бодлого болно. Энэ бодлогоо дэмжүүлэхээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол санаачилна.

Тогтоолд олон улс орон хамтран зохиогчоор орно. Хэрэв уг тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжиж баталбал тэр нь төвийг сахих статусыг нь хуульчилж байгаа хэрэг гэж үзэж болно. Тэгэхлээр таны асууснаар хүчингүй болгох хуулийн субъект нь УИХ юм. УИХ баталсан хуулиа хүчингүй болгож болно.

Тэр үед гадаад улс орнуудад мэдэгдээд л төвийг сахихаасаа татгалзчихна гэсэн үг. Өргөн баригдаад байгаа хуулийн төслийн “Монгол Улс байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд” гэсэн VI зүйлд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй” гэсэн нь төвийг сахихаа болих гадаад нөхцөлийг хэлж буй хэрэг.

-Заавал “байнга” гэж тунхаглахгүй байж болохгүй юү. Ядаж ойрын 20 жилд ч гэдэг юм уу, бий болсон нөхцөл байдлаас үүдээд энэ хугацааг сунгаж болох уу?

-Энд албадсан, хэн нэгэн гадаадын этгээд зааварласан зүйл байхгүй. “Байнга” гэдэг олон улсын тогтсон хэллэг юм. Сунгах юм уу, зогсоох нөхцөлийг хуульд юу гэж заасныг дээр дурдлаа.

УИХ хууль боловсруулах, хууль батлах явцдаа олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Гэхдээ дэлхий дахины практикт “20 жил тэгнэ” гэсэн заалт бүхий хууль батлагдаж байсныг дуулаагүй юм байна.

-Төвийг сахисан улсад олон улсын байгууллагууд төвлөрөх, түүний төв байр нь байрлах боломжтой юу. Ер нь манайд ийм ирээдүй ойрхон болов уу?

-Төвийг сахисан Швейцарь өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. НҮБ-ын салбар тэнд байна. Зэвсэг хураах бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын олимпийн хороо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг гэхчлэн олон улсын 300 гаруй байгууллагын төв тэнд бий.

Энэ бол Швейцарийн төвийг сахих бодлогын бодит үр дүн. Тус улс нь төвийг сахих хэрээрээ түүнийг дагалдан буй болдог тэр зуучлагч байх эрхээ эдэлж байна.Үүнийг зөвтгөх олон шинжийг агуулдаг хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзээд тэднийг жагсаасан байна билээ.

Үүнд Швейцарь-жижиг улс, тэр утгаар хэнд ч аюул занал учруулахгүй, Швейцарь ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулдаггүй. Тэр утгаар Швейцарь нь олон улсын тавцанд “худалдааны жинхэнэ шударга зуучлагч” гэсэн имижтэй, Швейцарь НАТО-д ордоггүй, Европын холбооны гишүүн биш, колоничлогч гүрэн явсан түүхгүй, сөргөлдөгч бүх талтай хэлэлцээ хийх ур ухаан, чадавхтай, хэлэлцээ явуулахад бэлтгэсэн дэд бүтэцтэй, санхүүгийн хангалттай боломжтой, цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар туршлагатай, ардчилал, федерализмыг хэрэгжүүлэх талаар гойд ажилласан туршлага ба нэр хүндтэй гэхчлэн.

Тэгэхлээр Монголд Швейцарь шиг зуучлах ирээдүй байхгүй, бий болохгүй гэж үзэх нь эх орноо, ард түмнээ хэт басамжилсан хэрэг гэж үзэж болно.

Байнга төвийг сахих тухай хуулийн төслийн VII зүйлийн “Олон улсын хамтын ажиллагаа” гэсэн хэсэгт “Монгол Улс даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ”, “Дайны үед энх тайван тогтоож, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэлэлцээ хийх бололцоог хангах эрхтэй”, “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна” гээд заачихсан байгаа.

Глобал хариуцлагаа ухамсарлан Монгол Улс нь олон улсын болон дэлхийн томоохон чуулга уулзалтуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгааг бид харж байна.

2003 онд анхлан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурал, 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал, 2015 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейг Улаанбаатарт зохион байгуулсан.

Монгол Улсын гадаад дахь шинэ имижид 2016 онд Улаанбаатарт зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний XI уулзалт том үйл явдал болж түүхэнд мөнхөрнө. Энэ бүхэн чинь Монгол Улс олон улсын чухал чухал форумын төв болж байгаа хэрэг бус уу.

И.РЭНЧИНХАНД

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.115 Олон улс судлалын эрдэмтэд бэлтгэх хэрэгтэй. Энэ хун мэргэжлийн бус сонирхогчын байр сууринаас дандаа ярих учир итгэх боломжгуй.
123.152.226.40 NI SHI HANZU REN, SHI BU SHI?
123.152.226.40 bayarhuu, ni shi hanzu ren, ni shou shi bu shi?
123.152.226.40 HUJAA BAYARHUU, NI HAO, NI HAO MA?