Далд наймааны мастер

2016 оны 01 сарын 21

Бан Ги Мүн гэргийн хамт

2007 оны нэгдүгээр сарын 1-нээс одоогийн албаа хашиж буй Бан Ги Мүн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр энэ албанд 2006 оны аравдугаар сарын 14-нд сонгогдохдоо БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайдаар ажиллаж байв.

Бан Ги Мүн 1944 оны зургадугаар сарын 13-нд одоогийн Өмнөд Солонгосын умард нутагт олон хүүхэдтай айлын дөрөв дэх хүүхэд нь болж мэндэлсэн байна. Ээж нь хөгжим, бүжгийн багш, аав нь инженер байв.

Чинээлэг бус айлд төрсөн ч тухайн үеийнхээ нэгэн яруу найрагчаар гэрээр хичээл заалгаж боловсрол олж авчээ. Харин сургуульд сурч дунд боловсролтой болсон аж. Дунд сургуулиа төгсөөд цэрэгт явж, флотод алба хаав.

Дараа нь хэсэг хугацаанд шүүх байгууллагад ажиллаж байх үедээ Сөүлийн их сургуульд орсон байна. 1970 онд сургуулиа төгсөж, олон улсын харилцааны мэргэжилтэй боллоо.

Тэгээд Европын орнуудад ЭСЯ-нд янз бүрийн ажил хийж явав. 1962 онд Америкийн Улаан загалмайн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд АНУ-д очихдоо Ерөнхийлөгч Жон Кеннедитэй нь уулзсан явдал түүнийг дипломатч мэргэжил сонгож авахад ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.

Тэрбээр маш нөлөө бүхий нэг хүнтэй танилцаад боловсролоо дээшлүүлэхээр шийдэж 1985 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг дүүргэв.

Ирээд Гадаад харилцааны яамандаа томоохон албан тушаалд ажиллах болжээ. Анх томилогдсон гадаад улс нь Энэтхэг байлаа. Удалгүй Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд Өмнөд Солонгосын Байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллав. Вашингтонд суугаа БНСУ-ын ЭСЯ-нд хоёр ч удаа томилогдож байв.

Бан Ги Мүн Цөмийн зэвсэгт хяналт тавих хоёр Солонгосын хамтарсан комиссын орлогч даргын ажлыг 1992 онд авч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

1995 онд улсынхаа Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх болов. Энэ үедээ Солонгос хоорондын харилцааг зохицуулах асуудлыг эрхэлж байлаа.

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр тойрсон асуудлыг зохицуулах зургаан талт хэлэлцээрт Бан Ги Мүн гол үүрэг гүйцэтгэсэн аж. 2004 оны нэгдүгээр сараас Гадаад харилцаа, худалдааны сайдаар ажиллах болжээ.

2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөж байхдаа дэлхийн хамтын нийгэмлэг хийгээд БНАСАУ-ын хоорондын харилцааг зохицуулах явдлыг өөрийн нэг гол зорилго гэж Бан нэрлэсэн юм. Түүний гол өрсөлдөгч нь энэтхэг хүн Шаши Тарур байв.

Тэр үед Бан НҮБ-ыг өөрчлөхийг уриалж байсан ч энэ талаар тодорхой санал хэлэхээс түдгэлзэж байлаа. Ингээд 2006 оны аравдугаар сард Бан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож арван жил энэ албыг залгуулсан Кофи Аннаны халааг дараа оных нь эхнээс авлаа.

2011 оны зургадугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Бан Ги Мүнийг уг албанд улираан сонгож, 2016 оны арванхоёрдугаар сарын 21 хүртэл ажиллуулахаар болов.

Тэрбээр энэ албанд орохдоо “Би дайны үед өсч торнисон болохоор манай орныг сэргээн босгоход НҮБ хэрхэн туслахыг харж байсан. Чухам

тийм учраас л би төрд зүтгэхээр шийдсэн. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энхтайван, хөгжил, хүний эрхийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын үйл ажиллагаа бодитой, мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлсэн байхын төлөө ажиллах болно” гэж хэлсэн байдаг. Түүний гаргасан анхны томоохон санаачилгын нэг нь цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал байлаа.

Дэлхий дахины үндсэн зорилт болсон Мянган жилийн Тунхаглалд тусгагдсан ядуурлыг устгах асуудалд ихэд анхаарч, хүчин чармайлт гаргасны дүнд 60 тэрбум ам.доллар хуримтлуулж чадав.

2008 онд хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямрал ихэд хурцдахад хөгжиж буй орнуудад зориулж нэг их наяд ам.доллар гаргахыг хүсэж Ерөнхий нарийн бичгийн дарга “Их 20”-ийн бүлэгт хандав.

Ядуу, эмзэг хүмүүсийг хамгаалахад олон улсын чармайлтыг чиглүүлэхийн тулд үүнээс гадна олон алхам хийсэн юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг эрчүүдтэй тэгш байх нөхцөлийг хангахад чиглэсэн олон санаачилга Бан Ги Мүн гаргалаа.

НҮБ-ын аппарат дотор өндөр албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 хувиас дээш гаргасан нь энэ байгууллагын түүхэнд урьд өмнө байгаагүй үзүүлэлт байв. Дэлхий дахинд энх амгалан байдлыг хангахад НҮБ-ын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийг тэрбээр ихээхэн хичээсэн гэж үздэг юм.

Зуучлалыг дэмжих бүлэг байгуулж, сайн санааны тусламж үзүүлэх шинэ боломжийг бий болгох гэж чармайсан нь түгшүүртэй байдал, зөрчилдөөн, хямралаас зайлсхийх, түүнийг зогсоох, устгахад нөлөөлөх гэсэн Ерөнхий нарийн бичгийн даргын зорилгоос үүдэлтэй байв.

Гаазын зурвас болон Гвиней, Пакистан, Шри-Ланкад болсон үйл явдлуудыг мөрдөн шалгах, Ливан, Камбожид эрх зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, өмгөөлж хамгаалах талаар НҮБ-ын хүлээсэн үүргийг сурталчилсан нь хоморголон устгах болон бусад төрлийн хүнд гэмт хэргийг таслан зогсоох зорилготой байсан бөгөөд хүний эрхийг зөрчсөний төлөөх хариуцлагын асуудалд дээд түвшнийхний анхаарлыг хандуулж чадсан юм.

Түүнчлэн Мьянма (2008), Гаити (2010), Пакистанд (2010) байгалийн гамшиг тохиолдоход хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд сэтгэл зүтгэл гаргаж, Умард Африк, Ойрхи Дорнодод ардчилсан байгуулал тогтооход НҮБ-ын дэмжлэгийг ихээхэн дайчилсан билээ.

Зэвсэглэл хураах асуудлаар болсон Бага хурлын үед мухардмал байдлаас гарах, Японд “Фүкүшима Даичи” атомын цахилгаан станцад осол гарсны дараа цөмийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахад Бан Ги Мүний гаргасан хүчин чармайлтыг дэлхий дахин үнэлдэг.

Бан Ги Мүн одоо өөрийг нь эмэгтэй хүн залгамжлах ёстой гэж үздэг. Түүний албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак “Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд эмэгтэй хүн залрах цаг болсон гэж үзэж буйгаа тэрбээр олон нийтийн арга хэмжээний үеэр нэг бус удаа хэлж байсан” гэж ярьсан байдаг. Тэгэхдээ НҮБ-ын дараагийн тэргүүн нь хэн байхыг Бан Ги Мүн шийдэхгүйг ч Хак тэмдэглэсэн юм.

Олон улсын энэ байгууллагыг дараагийн 10 жилд удирдах НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг он дуусахаас өмнө Ерөнхий Ассамблей сонгох ёстой.

Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Ерөнхий нарийн бичгийн даргыг улираан сонгох хугацааг тоогоор хязгаарласан юм байхгүй ч хоёр удаа л сонгогдсоор ирсэн байдаг.

Тийм болохоор НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх, Бангийн халааг хэн авах тухай яриа одоо нэгэнт эхэлчихээд байна. Зүүн Европын төлөөлөл, эмэгтэй хүн байх тухай сэдэв ихээхэн хүчтэй байгаа.

Сонгох ажил дараах схемээр болдог. Сонирхогч бүх бүлэг өөрийн төлөөллийг Аюулгүйн Зөвлөлд танилцуулахаар дэвшүүлнэ. Тэдгээрээс Аюулгүйн зөвлөл нэгийг нь шилж сонгож аваад Ерөнхий Ассамблейд өргөн барина.

Энэ үед Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн аль нь ч санаанд нь нийцэхгүй нэр дэвшигчид хориг тавих эрхтэй. Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо бүс нутгийн зарчмыг харгалзаж үзэх ёстой байдаг.

Олон улсын энэ байгууллагын удирдлага нь бүс нутгуудын бүлгийг ээлжлэн төлөөлдөг байх учиртай. Тэгэхдээ Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын төлөөлөл Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах ёсгүй. Эрх мэдлийг нэг улсын гарт төвлөрүүлэхгүй байх үүднээс ийм зарчим баримталдаг юм.

Харамсалтай нь практикт бүс нутгийн зарчмыг зөрчих нь цөөнгүй. Жишээлбэл, НҮБ-ын түүхэнд Баруун Европоос Ерөнхий нарийн бичгийн дарга дөрвөн удаа (Глэдвин Жебб, Трюгве Хальвдан Ли, Даг Хаммаршельд, Курт Вальдхайм), Азиас хоёр (У Тан, Бан Ги Мүн), Өмнөд Америкаас нэг (Хавьер Перес де Куэльяр), Африкаас хоёр (Бутрос Бутрос-Гали, Кофе Аннан) сонгогдож, Зүүн Европын бүс нутгийн төлөөлөл тус байгууллагыг одоо хэр толгойлж байсангүй.

Үнэн хэрэг дээрээ бүс нутгийн зарчим гээчийг албан ёсных болгоогүй болохоор түүнийг заавал баримтлах ч албагүй. Түүнчлэн хүйсийн тэгш байдлын зарчмыг бас сахидаггүй юм. НҮБ-ыг одоо хэр нь эмэгтэй хүн толгойлоогүй байна.

Чухам тийм учраас Бан Ги Мүнийг Зүүн Еропын төлөөлөл болох эмэгтэй хүн залгамжлах тухай яриад байх болсон хэрэг. Гэхдээ нэр дэвшигчдийн асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх үйл явц маш нууц байдалд болдог болохоор энэ яриаг хэн ч нотлох юм уу, үгүйсгэж чадахгүй юм.

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар чухамхүү өөрийн бүс нутгийн хүн сонгогдох эрхийг зүүн европчууд маш эрчимтэй хамгаалж буй” гэж НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин өнгөрсөн жил мэдэгдэж байв. НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн сонгохыг дэмждэг албан бус бүлэг бий болсон.

Түүнийг Колумбын Байнгын төлөөлөгч тэргүүлж буй. Тэгэхдээ Зүүн Еропын эмэгтэйг энэ албанд сонгуулахын төлөө Колумб улс тэмцэнэ гээд төсөөлөхөд түвэгтэй гэж Чуркин онцолсон юм. Эмэгтэй хүн байхыг дэмждэг улсуудын нэг нь Их Британи, гэхдээ Зүүн Европын төлөөллийг британичууд дэмжинэ гэдэг эргэлзээтэй.

Зүүн Европт боломжийн 10 орчим нэр дэвшигч бий гэдгийг Чуркин нуухгүй байгаа ч тэдний нэрийг дэвшүүлэх үйл явц янз бүрийн шатанд яваа, хэн нэгний нэрийг дэвшүүлж буйгаа нэг ч улс албан ёсоор бичгээр илэрхийлээгүй болохоор Оросын Байнгын төлөөлөгч хүний нэр дуудаагүй.

“Тэд бүгд маш нэр хүндтэй хүмүүс. Тэдний дунд эмэгтэй хүн ч байгаа. Тэдний хэнийг ч Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд байхыг харж болно” гэсгээд л Чуркин орхисон байдаг.

Нэр дэвших боломжтой гэж үзэж буй хүмүүсийн дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Хелен Кларк, ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал Ирина Бокова, Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет, Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте, Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмидт нар урьд нь дуулдаж байв.

Түүний зэрэгцээ НҮБ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болохын тулд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АНУ-ын “хөлд сууж байгаа” гэх яриа сонсогдох болоод буй. Германы хэвлэлд энэ тухай бичиж байна.

Олон улсын шинжээч Нейбоша Милич “Тэрбээр (Меркель)тэтгэвэрт гарах, олны анхаарлын төвд байхаа болих, эрх мэдэл, дэлхий дахин дахь нөлөөнөөсөө татгалзахад бэлэн бус байгаа” гэж үзэж байна.

Германы Канцлер зорилгодоо хүрэхийн тулд улсынхаа эдийн засагт хохирол учруулан байж АНУ-ын “толгой эргүүлэх” бодлого явуулах хэрэгтэй болно. Эс тэгвэл шинэ албанд очихгүй, очлоо ч түүн дээрээ удаан байж чадахгүй байх магадлалтай.

Дашрамд хэлэхэд, Ирина Бокова (Болгар) нэрээ дэвшүүлж буйгаа саяхан албан ёсоор зарласан. Түүнээс гадна нэр дэвшигчээс сонголт хийхийг Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн “ханцуйн дотроо” шийдчихдэг гэх яриа олон улсын тавцанд нэг бус удаа гарсан юм.

Аюулгүйн зөвлөлд өөрчлөлт хийх Шведийн тэргүүлсэн бүлэг Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцыг дээд зэргээр тунгалаг, нээлттэй байлгахыг санал болгож буй.

НҮБ-д суугаа Швейцарийн элчин сайд Пауль Зегер Ромын хамба ламыг сонгох ажиллагаа ч тунгалаг байдаггүй гэж өнгөрсөн оны долдугаар сард мэдэгдсэн нь бий. Түүний үгээр бол боловсон хүчнийг сонгох явдал юуны урд АНУ, Хятад, Оросоос хамаарч байх болсон аж.

Эцэст нь Бан Ги Мүний хувийн амьдрал, зан төлвийн талаар хэдэн үг хэлье. Түүнийг НҮБ-аас яваад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болох магадлал бий гэх яриа байдаг. Тэрбээр өөрөөсөө 27 насаар дүү гэргийтэй, тэд нэг хүү, хоёр охинтой. Түүнийг амьдралын эрүүл хэвшилтэй гэж үздэг.

Тэрбээр тулааны урлаг сонирхож, хуучин ном, Солонгос нэгдмэл байх үеийн шүлэг, зохиол цуглуулдаг юм байна. Бан Ги Мүн аливааг нэлээд эргэцүүлж тунгаадаг хүний төрхтэй харагддаг ч ихээхэн түргэн зантай, хатуу ширүүн хүн гэгддэг аж.

Дипломат албанд бараг 40 жилээ зориулсан энэ хүн шаардлага өндөртэйн зэрэгцээ ойрынхоо хүмүүстэй харилцаж буй нь дарангуйлагчийн авиртай гэж Францын хэвлэлд бичиж байсан төдийгүй Сөүлийн нэгэн зоогийн газар гэргийнхээ нүүрийг амны алчуураар ороолгоод авч буй зураг нь ч нийтлэгдэж байсан аж.

Бусдаас ялгарах түүний нэг гойд онцлог чанар нь улс төрийн өрсөлдөгчтэйгөө нөхөрсөг харилцаатай байж чаддаг явдал юм. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө өрсөлдөж байсан энэтхэг хүн Шаши Таруртай одоо ч дотно байдаг.

Тэрбээр Бан Ги Мүнд найр тавьж өөрийн нэрийг сайн дураар татаж авч байжээ. Түүнийг ер нь тохиролцоо хийхдээ мастер гэлцдэг. Асуудлыг олон түмний нүүрэн дээр шийдэхээс далд “наймаалцахыг” илүүд үздэг нэгэн юм.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД