Керри аяллаа эхэллээ

2016 оны 01 сарын 21

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Европ, Ази, Ойрхи Дорнодын орнуудаар хийх аяллаа эхэллээ. Тэрбээр өчигдөр Швейцарьт ирж, 40 улсын төр, засгийн тэргүүний хамт Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна.

Олон улсын тэргүүлэх корпорацын удирдлагууд дэлхийн улс орнуудын Төр, Засгийн тэргүүнүүдтэй уулзах боломж олддог жил тутмын энэ уулзалтад АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден, Батлан хамгаалахын сайд Эштон Картер нар бас оролцож буй аж.

Энд авилгатай тэмцэх, эрчим хүчний экологийн хувьд цэвэр эх үүсвэр эзэмших салбар дахь санаачилга, интернэтийг түгээмэл болгох, хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвээр болох хэлэлцүүлэгт Керри оролцох юм байна.

Уг уулзалт эхлэхийн өмнө Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Жон Керри хоёр ярилцсан. Сирийн зөрчилдөөнийг улс төрийн аргаар зохицуулах гэж олон улсын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж буй үед тэдний уулзалт болж буй нь онцлог юм.

Гэвч энэ сарын 25-нд Сирийн асуудлаар яриа хөөрөө эхлүүлэхээр гаргаж буй чармайлт талаар болох аюул нүүрлэж байх шиг байна. НҮБ-ын төлөөлөгч даваа гаригт мэдэгдсэнээс үзвэл яриа хэлэлцээнд оролцуулах урилгыг талуудад явуулаагүй бөгөөд сөрөг хүчнийг хэн төлөөлөхийг тохиролцоогүйтэй энэ нь холбоотой юм байна.

Керри Швейцариас Саудын Араб руу мордох бөгөөд эндхийн удирдлага болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нартай яриа хэлэлцээ хийх аж.

Өөрийн нь холбоотон Саудын Араб, Иран хоёрын хооронд бий болсон түгшүүртэй байдал, Йемен дэх сунжирсан зөрчил мэтийн бүс нутгийг бүхэлд нь эмзэглүүлсэн бусад түвэгтэй асуудлыг бүү хурцатгаасай хэмээн АНУ хүсэж ихээхэн санаа тавьж байгаа юм байна.

Эр-Риядаас Керри Лаос, Камбожийг зорьж, хоёрдугаар сард хийхээр төлөвлөж буй Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ны дээд хэмжээний уулзалтын хөрс суурийг тавих яриа хөөрөөнд оролцох аж. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даргалах гэнэ.

Цагаан ордноос мэдээлснээр бол Ази, Номхон далайн бүс нутаг, түүний ач холбогдлыг Америкийн гадаад бодлогод нэмэгдүүлэхэд АНУ-ын Засаг захиргаа анхаарлаа хандуулж буйн бас нэг нотолгоо нь энэ уулзалт болох юм байна. Керригийн аяллын сүүлчийн буудал нь Хятад байх аж.

Олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцан ажиллах нь чухал болохыг Умард Солонгост ойлгуулахад Хятад гол үүрэг гүйцэтгэх боломжтой гэж шинжээчид үздэг юм. Тэгээд ч хүнс, түлшнийхээ 80 хувийг тус улс Хятадаас авдаг гэнэ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД