Оростой харилцаагаа хэвийн болгох боломжийг дараагийн хүндээ үлдээхийг Обама хүсэхгүй

2016 оны 01 сарын 19

Туркэд болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр

Оросын ШУА-ийн Е.М.Примаковын нэрэмжит Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэн жил бүр “Орос ба дэлхий: эдийн засаг, гадаад бодлого” гэсэн таамаглал гаргадаг юм. Энэ оны талаарх таамаглалаас нь АНУ-ын гадаад бодлоготой холбоотой хэсгийг сонирхуулж байна.

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанийн үед дотоод бодлогын асуудал голлох байр суурьтай байгаагаас үүдэн гадаад бодлого, аюулгүй байдлын салбарт ч дотоод бодлого мэдэгдэхүйц жин дарах нь мэдээж.

Юуны урьд олон улсын алан хядах аюул заналтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдал нь дотоод бодлогын чухал чиглэл байх болно. АНУ-ын нутаг дэвсгэр дээр болон дэлхийн янз бүрийн бүс нутагт Америкийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа шинээр үйлдэгдсэн тохиолдолд энэ асуудал онцгой хурц болох магадлалтай.

АНУ-ын газар нутаг дээр дахин дайралт болсон тохиолдолд Обамагийн засаг захиргаа хангалтгүй ажиллаж байна гэх шүүмжлэл бүгд найрамдахчуудын зүгээс хүлээж болзошгүйг Сан-Бернардино хотод болсон алан хядах ажиллагаа, түүний эргэн тойронд үүссэн улс төрийн маргаан харуулсан юм.

Түүгээр ч барахгүй Америкийн газар шороон дээр томоохон халдлага гарах нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан кампанит ажлын нийгэм, эдийн засгийн асуудлын үндсэн хэсгийг аюулгүй байдлаа хангах чиглэлд шилжүүлэхээс аргагүй байдалд ч хүргэж магадгүй юм.

Үйл явдал ийнхүү өрнөвөл Ойрхи Дорнодод Обамагийн засаг захиргааны баримтлах байр суурьт нөлөөлөхгүй байж чадахгүй.

Иракийн газар нутаг дээр “Исламын улс”-ын эсрэг явуулах тэмцлээ эрчимжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн алхмыг Обамагийн засаг захиргаа хийж таарна.

Гэхдээ дотоод улс төрийг нь цочроосон томоохон алан хядах ажиллагаа үйлдэгдэхгүй бол ялангуяа БНН-ын нэр дэвшигч сонгуулийн өмнөх сунгаанд тэргүүлээд ирвэл Америк тодорхой тооны цэргээр Ойрхи Дорнодод байлдааны ажиллагаа шинээр явуулах боломжийг дараагийн Ерөнхийлөгчид үлдээхийг Обама илүүд үзнэ.

“Исламын улс”-тай тэмцэхээр өөрийнх нь байгуулсан эвслийн гишүүдийн хоорондын санал зөрөлдөөн Вашингтонд ихээхэн түвэг учруулна. Турктэй үүсгэсэн маргаанд нь Вашингтон Иракийг дэмжиж байгаа мэт боловч Иракаас Курдистан тусгаар тогтнох үйл явцыг цаашдаа дэмжиж болзошгүй.

Төвийг сахих байр суурийг Туркийн удирдлагад Вашингтон харуулж байгаа ч үүнд итгэх нь эрчимтэй багасч байгаа. Турк, Сирийн хилд тавих хяналтыг бэхжүүлэх, лалын дайчдад хил нээлттэй байдгийг нь багасгах шаардлагатай холбоотойгоор Европын холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр Анкарад үзүүлэх дарамт шахалтаа АНУ хүчтэй болгоно.

Мосул хотоос армийн анги салбараа гаргахыг Анкарагаар Вашингтон зөвшөөрүүлж чадсан ч Иракийн тусгаар тогтнол, хил хязгаарт Туркийн удирдлага тоомжиргүй ханддаг нь Режеп Тайип Эрдоны Засгийн газар, Обамагийн засаг захиргааны хоёрын хооронд шинэ ан цав үүсгэж тун магадгүй юм.

“Исламын улс”-ын эсрэг Асадын Засгийн газрын хийж буй тэмцлийн шалтгаан, хяналтдаа байгаа газар нутаг дээрх тэргүүлэгч хүчнийх нь хувьд статусыг нь зарим талаар үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрч Сирийн албан ёсны удирдлагад үзүүлдэг улс төрийн шахалт хавчилгынхаа өндөр түвшинг АНУ хадгална.

Гэхдээ Асадын энэ статусыг сонгуулийн аргаар хууль ёсны болгох оролдлогыг Вашингтон эсэргүүцнэ. Энэ бүс нутагт АНУ болон түүний холбоотнуудын үзүүлж буй дэмжлэг Дамаскийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхдээ Сирийн сөрөг хүчин даварсан шаардлага тавихад нь түлхэц болсоор байх болно.

“Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Оростой хамтарч ажилласнаа АНУ-ын удирдлага улс төрийн түвшинд хүлээн зөвшөөрөхгүй, түүний үйл ажиллагааг ил цагаан шүүмжлэхээ үргэлжлүүлнэ.

Харин бодит байдал дээр хоёр улсын цэргийнхэн болон тусгай албадын харилцан ажиллагаа улам нягт болж ч мэднэ. Эвслийн холбоотнууд нь, юуны түрүүнд Турк, цаашлаад Катар, Саудын Араб, Их Британи сэтгэл дундуур байгаа нь Орос-Америкийн хамтын ажиллагааг хязгаарлаж мэднэ.

Түүнээс гадна Асадын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлэх замаар Оросын тусламжтайгаар Сирийн арми хийгээд түүнтэй санаа нэг хүчнүүдийн олсон байлдааны амжилтыг бэхжүүлэх гэсэн аливаа оролдлогыг АНУ эсэргүүцэхэд эргэлзэх юм байхгүй.

Саудын Арабын байгуулсан Лалын эвслийг АНУ шууд болон шууд бусаар дэмжиж өөрийнх нь тэргүүлж буй эвсэлтэй зэрэгцэн ажиллаж байгаа бүтцийг нь ашиглана.

“Исламын улс”-ын эсрэг тэмцлээс учирч болох улс төрийн эрсдэл, байлдааны ачааллаа хөнгөлж, лалын ертөнцийн дэмжлэгийг аль болох ихээр авах боломжийг энэхүү Лалын эвсэл Вашингтонд олгож буй юм.

Тегерантай тохиролцоонд хүрсэн үйл ажиллагааны цогцолбор төлөвлөгөөний үр дүн 2016 онд ахиц муутай байх болов уу. Сирийн байдлаас аваад олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаагаас Америк болон олон улсын зүгээс Иранд тавьсан хоригийг цуцлахад саад болж мэднэ.

Азийн болон Европын өрсөлдөгчдөд байраа алдахгүйг хичээж буй Америкийн бизнесийн лообийч үйл ажиллагаа идэвхжсэн нь Америкийн компаниудыг Ираны зах зээл дээр ажиллахыг хориглосон шийдвэрийг 2016 онд цуцлахад ихээхэн түлхэц болж магадгүй.

Ази, Номхон далайн бүс нутагт АНУ-ын явуулах гадаад бодлогод Далай дамнасан түншлэл төсөл томоохон байр суурь эзэлж, хэрэгжиж таарна. Конгресс нь ч үүнийг дэмжихэд бэлэн байгаа юм билээ.

Тиймээс уг төслийг чөлөөт худалдааны бүсийн хувьд төдийгүй худалдаа, санхүүгийн салбарт нэгдсэн стандарт, зарчим баримтлах орон зайны нь хувьд өргөн утгаар нь хэрэгжүүлэх биз ээ.

Энэ төсөлд БНСУ-ыг татан оролцуулах нь Вашингтоны гадаад бодлогын нэг гол зорилт байна. Далай дамнасан түншлэлд Япон нэгдсэний дараа Өмнөд Солонгос түүнд элсвэл Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах Хятадын санаачилгад ихээхэн бэрхшээл бий болно.

Америк, Хятадын харилцааны асуудалд, юуны түрүүнд Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой газар нутгийн маргаан, түүнчлэн Америкийн холбоотнууд (Япон) болон Ази, Номхон далайн бүс нутаг дахь түншүүдийнхээ БНХАУ-тай үүсгэсэн бусад маргаанд Вашингтон тэгтлээ анхаарал хандуулах магадлал энэ онд бага.

Гэхдээ цэргийн бүтээн байгуулалт, цэргийн зардлаа цаашид өсгөх хөтөлбөрөө хэрэгжүүлэх Хятадын үйл ажиллагаа, түүний дотор Тэнгисийн цэргийн флот, Агаарын зэвсэгт хүчнээ хөгжүүлэх Хятадын чармайлт нь Бээжингийн байр суурь, үйлдлийг Вашингтоны зүгээс шүүмжлэх, бүс нутагтаа хүчээр түрий барихыг эрмэлзлээ хэмээн буруутгах шалтгаан болно.

Үүний зэрэгцээ эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаарх яриа хөөрөөнд Хятадыг олон түвшинд татан оролцуулах чиг шугамаа АНУ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Америкийн удирдлага Европын холбоо хийгээд НАТО-той харилцахдаа тэдний байлдааны бус аюулгүй байдлыг хангах, Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл бий болгох гэсэн хоёр чухал сэдэвт анхаарлаа хандуулна.

Лалынхан Европын орнуудад алан хядах томоохон ажиллагаа үйлдсэн тохиолдолд Европын холбоотон, түншүүдээсээ Америк ихээхэн дарамт шахалт хүлээнэ. Европт алан хядах ажиллагаа явуулах магадлал маш өндөр учраас энэ аюул заналаас аюулгүй байдлыг нь хамгаалахад Вашингтон бэлэн бус байгааг холбоотнууд нь нэгэнт шүүмжлээд эхэлсэн байгаа.

Ойрхи Дорнод, түүний дотор Сири, Иракийн байдал хэрхэн өрнөхөөс хамаарч Оросын үйл ажиллагааны талаарх АНУ, Европын тэргүүлэх орнуудын байр суурийн зөрөлдөөнийг гүнзгийрүүлсэн бэрхшээл гарч ирж тун болзошгүй байгаа юм.

Хамтарсан сургуулилалт болон бусад арга хэмжээгээр Дорнод Европ, Балтийн орнуудтай харилцан ажиллагаагаа хязгаарлаж, НАТО-гийн орнуудын цэргийн аюулгүй байдлыг хангахад бэлнээ хааяа сануулчихаад байхаас илүүгээр Вашингтон холбоотнууддаа анхаарал хандуулж чадахгүй болов уу.

Энэ нь Оростой улс төрийн харилцаа нь ямар байхаас олон талаар хамаарна. Орос, Туркийн зөрчилдөөнд АНУ, НАТО татагдан орохгүй, харин ч Туркийн удирдлагад Обамагийн засаг захиргаа Оросын эсрэг нөлөө үзүүлж мэдэх юм.

Обама Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлд Европын орнуудаар гарын үсэг зуруулахыг зарчмын ихээхэн ач холбогдолтойд тооцож хандана.

Тэгэхдээ энэ хэлэлцээрийг байгууллаа ч тэр нь 2016 онд багтаж Конгрессийн босгыг давах нь юу л бол.

Орост тавьсан хоригийн асуудлаар нэгдмэл байдлаа хадгалахыг Европын орнуудаас Обамагийн засаг захиргаа шаардаж буй ч чухам энэ асуудлаар АНУ, Европын түншүүдийнх нь хоорондох санал зөрөлдөөн нэмэгдэх шинжтэй байгаа.

Европ дахь бизнесээ алдах нь Америк хориг тавьж, Орос хариу арга хэмжээ авснаас Америкийн компаниудын үзсэн хохиролтой зүйрлэх аргагүй юм.

Америкийн гадаад бодлогын хамгийн зөрчилтэй чиглэл нь Оростой харилцах явдал байх нь эргэлзээгүй. Москвагийн үйл ажиллагаа, байр суурьт Вашингтон эрс шүүмжлэлтэй хандахаас татгалзахгүй. Мөн Орос, Америкийн харилцааны хурц хурц асуудлаар байсгээд л дайрч давшлахаа ч зогсоохгүй.

Одоо хэрэгжүүлж буй хоригоо ч чангаруулах арга хэмжээ авахыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас Оростой тогтоосон харилцаанд нь бий болоод байгаа түгшүүртэй байдлын түвшинг доошлуулахыг Обамагийн засаг захиргаа хичээж, зарим салбарт нууцаар хамтарч ажиллах, хоёрдугаар зэргийн шинж чанартай асуудлаар тохиролцоонд хүрэх алхам хийнэ.

Америкчууд Оростой хамтарч ажиллахдаа юуны урьд алан хядах аюул заналтай холбоотойгоор Европын аюулгүй байдлыг хангах, Сири, Ирак дахь үйл явдлын өрнөл, “Исламын улс” хийгээд олон улсын алан хядах ажиллагаатай хийх тэмцлийн явц, Украины улс төр, эдийн засгийн байдал гэсэн гурван сэдэвт ихээхэн ач холбогдол өгнө.

Хэрэв Европын аюулгүй байдалд учрах эрсдэл нэмэгдвэл эхний хоёр чиглэлээр Орос, Америкийн хоорондох харилцаа тогтмол өсөх урьдач нөхцөл бий юм.

Украины асуудлаар тохиролцоонд хүрэх, эсэх нь Москва, Вашингтоны байр суурь, үйл ажиллагаанаас хамаарах төдийгүй Украины улс төр, эдийн засгийн хямрал хэр хурцдахаас, Данбосс дахь байлдааны ажиллагаа зогссон нь хэр урт настайгаас шалтгаална.

Нэг талаас энэ гурван чиглэлийг баримтлахдаа Оростой нэлээд нягт хамтрах сонирхол АНУ-д байвал Сирид Оросын олж буй амжилт мэдэгдэхүйц болж, Европын бизнес, улс төрийн байгууллагуудын үзүүлэх эсэргүүцэл илүү чанга болж, Обамагийн засаг захиргаа халаагаа өгөхөөс өмнө эдийн засгийн хоригийнхоо зарим хэсгийг цуцлах магадлалтай юм.

Оростой харилцаагаа хэвийн болгох боломжийг дараагийн хүндээ үлдээхийг Обама хүсэхгүй. Орос улс, түүний иргэд, төрийн ажилтнуудын эсрэг тавих улс төрийн хоригийг ойрын үед цуцлахгүй.

Нөгөө талаас хоригийн дарамт шахалтад Оросын эдийн засаг хэр үр ашигтай зохицож буйг судалж байж Америк үйл ажиллагаагаа уялдуулна.

Оросын байдал сайжирч буй шинж тэмдэг илрэхгүй, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ, бүс нутгийн хэмжээнд хийн үнэ буурахгүй, Ойрхи Дорнодод Оросын явуулж буй үйл ажиллагааны үр ашиг доошлоод байвал Орост үзүүлэх дарамтаа Америк нэмэгдүүлнэ.

Тэгээд Оросын эсрэг хязгаар тавих дэглэмээ бүрэн хэмжээгээр хадгалж үлдэх төдийгүй өргөжүүлж ч болзошгүй. Украины байдал энд зарчмын ач холбогдолгүй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
90.149.136.76 Prognoz n 50:50Orchuulga n 50:50Ur duntei bna.