ИСПАНИЙН ВАНГИЙН ГЭР БҮЛИЙН НЭР ХҮНД СЭВТЭВ

2016 оны 01 сарын 13

Гүнж Кристина Испанийн вангийн гэр бүлийнхнээс шүүхээр буруутгагдсан анхны хүн болов. Түүнийг нөхөр болон өөр 16 хүн орооцолдсон залилангийн хэрэгт оролцсон гэж үзэж буй аж. Харин гүнж бүгдийг үгүйсгэж буй гэнэ.

Хэрэв түүний буруутайг нь нотолбол найман жил шоронд хоригдох шийтгэл ногдуулах магадлалтай юм байна. Олон испани хүний үзэж буйгаар бол Пальма-де-Мальорка хотод болсон шүүх хурал вангийн гэр бүлийнхний хувьд ичгэвтэр явдал болжээ.

Гүнж Кристина залилан хийж, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж буй нөхөр Иньяки Урдангаринтай хамт даваа гаригт шүүхэд очсон байна. Испанийн гандболын Олимпийн шигшээ багт тоглож байсан Иньяки Урдангарины “Noos Institute” хэмээх спортын сан ашгийн бус байгууллага гэж бүртгүүлсэн атлаа орон нутгийн эрх баригчидтай өндөр үнээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг аж.

Авсан мөнгөө оффшор компаниар дамжуулан өөрийн хувийн дансандаа оруулчихжээ. “Noos Institute” сан зургаан сая евро авсан гэж шүүх үзсэн байна. Тэрбээр буруудвал торны цаана 19 жил зургаан сар сууж мэдэх аж.

Эрүүгийн энэ гэмт хэргийг бүр 2010 онд үүсгэсэн юм байна. Гүнж шүүхэд мэдүүлэг өгөхдөө нөхрийнхөө хууль бус үйлдлийн талаар огт мэддэггүй байсан гэж хэлжээ. Гүнж дээр өгүүлсэн спортын сангийн Захирлуудын зөвлөлийн гишүүн бөгөөд нөхөртэйгөө хоёул бас нэг компани хамтран эзэмшдэг юм байна.

Энэ хэл амыг авлигын эсрэг төрийн бус “Manos Limpias” гэдэг байгууллага сөхөж тавьсан гэж түүний өмгөөлөгчид нь үзэж, уг хэргийг гүнжид хамааралгүй болгохыг шүүх хурлын эхэнд шүүгчдээс хүссэн байна.

2011 онд энэ хэл ам дэгдсэнээс хойш гүнж Кристина болон түүний нөхрийг вангийн зүгээс зохион байгуулсан аливаа арга хэмжээнд урьж оролцуулахаа больжээ. Гүнжийн эцэг Хуан Карлос ийм аргаар гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалахыг хичээсэн аж.

Гүнж нөхөр, хүүхдүүдтэйгээ 2013 онд Швейцарьт шилжин суурьшсан нь вангийн гэр бүлд “гай болохгүй” байх зорилготой байв. Гэтэл тэднийг хамгаалахад Испанийн татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах шаардлагаас үүдэж энэ алхам нь шүүмжлэлд өртжээ.

2014 онд эцгийнхээ суудалд суусан Филип ард олныхоо дунд ааваасаа илүү нэр хүндтэй бөгөөд өнгөрсөн онд тэрбээр эгчийнхээ эрх ямбыг бууруулах шийдвэр гаргасан нь энд өгүүлээд буй хэрэг явдлыг намжаахад тус болсон гэж хэлж болно.

Тиймээс Испанийн вангийн гэр бүл авлигын энэ хэл амыг шоронгийн хаалга таталгүй даваад гарах болов уу гэж үзэж буй аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД