Хятадын одоогийн удирдлагад Мао яагаад хэрэг болов

2016 оны 01 сарын 12

АНУ-ын Капитолийн их сургуулийн профессор, Маогийн намтрыг “Гайхамшигт хүмүүсийн амьдрал” цувралаар бичиж гаргасан түүхийн ухааны доктор Александр Панцовын бичсэн өгүүллээс товчлон авч сонирхуулъя.

Арван жилийн өмнө бол Мао Зэдуныг шүтэх явдал Хятадад аяндаа түүх болж, эртний эзэн хааддаа хандахтай адил хэмжээнд очиж байснаа БНХАУ-ын одоогийн дарга Си Зиньпин гарч ирснээр байдал өөрчлөгдөж, их залуурч маань албан ёсны үзэл суртал, суртал нэвтрүүлэгт дахин хэрэгцээ шаардлагатай болж орхилоо.

Үүний шалтгааныг олохын тулд маозмын жинхэнэ мөн чанарыг ойлгож, Мао Зэдун гэдэг бие хүнийг түүхэн талаас нь чамбай судлах нь чухал юм.

XX зууны эхний хагаст Хятад улс гаслантай байдалд байлаа. Хоцрогдсон орон төдийгүй Өрнөдийн орнууд хийгээд Орос, Японы эрх мэдэлгүй хагас колони нь байв. Энэ үед түүний байгалийн нөөцийг увайгүй дээрэмдэж, Хятадын ард түмэн үндэстнийхээ хувьд хүнд доромжлол хүлээж байсан юм.

XX зууны эхээр хятадуудыг гуравдугаар зэргийн хүмүүс хэмээн хандаж, Хятадын томоохон хотуудын төвд байх гадаадынхны оршин суудаг зарим хороололд “Хятад хүн, нохой орохыг хориглоно” гэсэн бичиг хадсан байдаг байв.

Тус улсад үндэсний хувьсгалыг дуусгаж, хагас колонийн басамжлагдан доромжлогдсон байдлаас улс орноо чөлөөлсөн нь Мао Зэдуныг нийгэмд нь алдаршуулсан гэж олон талаар үздэг.

Түүний гавьяа олон жил үргэлжилсэн иргэний дайн, Японы эсрэг тэмцлийн эцэст эх газрын Хятадыг нэгтгэснээр хязгаарлагдахгүй, улсаа дэлхийн геополитикийн шинэ төв болгож хувиргах нөхцөл бий болгосонд байгаа юм.

Мао Зэдун өөрөө ээдрээтэй, тийм гэж хэлэхийн аргагүй хүн байсан бөгөөд дарангуйлагч, харгис хэрцгий эзэн, улс төрийн балмад этгээд байсан төдийгүй ясны хувьсгалч байв.

Хуурч мэхлэх, хүчирхийлэх замаар ганцаар захирах дэглэмийг чухамхүү Мао л Хятадад тогтоосон. Түүний нийгмийн энэ цуст туршилтын явцад 50 сая орчим хүн амиа алдсан юм.

Тэгэхдээ Маогийн ганцаар захирах дэглэм гадаад байдлаараа төстэй ч хувьсгалын дараагаар аугаа их улсаа, тариачны ахуй соёлоо устгаж, одоо хэр нь Орост түүний ул мөр нь байсаар буй Ленин, Сталины бодлогоос эрс ялгаатай байлаа.

Хоёр дахь иргэний дайн болж хувирсан Орос дахь хамтралжуулалттай харьцуулбал 1955-1956 онд Хятадад хэрэгжүүлсэн арга хэмжээ доргион донсолгоогүй өнгөрсөн төдийгүй тус улсын удирдлага тариачдаа ангийнх нь хувьд бүрэн устгах зорилт тавиагүй.

Тиймээс ч тариачны аж ахуйгаа хадгалж үлдсэн Дэн Сяопинийн өөрчлөлт эхэлсний дараа газар худалдаж авах ажлыг эрчимтэй хийж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийн үндсийг бий болгосон бол ЗХУ-д өөрчлөн байгуулалтын эхээр хөдөөгийн урьдын амьдралын хэвшлийг дахиж сэргэшгүйгээр үрэн таран хийсэн билээ.

Маог ойлгоход зайлшгүй нөлөөлөх нэг хүчин зүйл бол XX зууны эхний хагаст Хятадын хүн ам нийтдээ айхтар ядуу байсан явдал юм. Тус улс түүхэндээ үүн шиг ядуу байж үзсэнгүй.

Хувьсгалын өмнөх Орост нэг адуутай хүн ядууд тооцогддог байсан бол Хятадад хөрөнгөтөн гэгдэж байжээ. Хятадын баруун зүгийн зарим нутагт хүмүүс хувцас ч үгүй явдаг байсан аж.

Тэжээж чадахгүй учраас хүүхдээ (ялангуяа охин) худалдах тусгай зах томоохон хотуудад нь байдаг байв. Зарим баримтаас үзвэл XX зууны эхээр Хятадын хүн амын 10 хувь (50 сая хүн) нь үгээгүй ядуу байжээ.

Хятадын нийгмийн чухам энэ үлэмж ядуу хэсэг дээр тулгуурлаж, ийм л хүмүүс болон тэдний үр садад тэсэж үлдэх төдийгүй өндийн босох боломжийг Мао олгосон байна. Тэрбээр ийм маягаар үндэстний хийгээд нийгмийн хувьсгалыг хамт хийжээ.

Маогийн хийсэн олон алдаа, гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхөд хятадуудад яагаад хэцүү байдаг вэ? Тэр хүн 1949 онд эрх мэдэлтэй болоод сталинч ЗХУ-ын туршлагыг хуулбарлаж, улс орондоо харгис аллагын дэглэм тогтоосон шүү дээ.

Хятад соёлд христийн ёсны ичих, гэмших үзэл баримтлал байхгүй, харин түүний оронд “нүүрээ барах” гэсэн ойлголт бий бөгөөд энэ нь хятад хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл юм.

Тэгэхлээр Маог гэмт хэрэгтэн гээд зарлачихвал Хятад улс дэлхий дахины өмнө “нүүрээ барах нь” тэр. Хятадын өнөөгийн нийгмийн санаанд ийм юм багтахгүй.

Хятадад “маоизм” гэдэг ойлголт байхгүй, харин тодорхой баримжаагүй, хийсвэр “Маогийн үзэл санаа” гэсэн нэр томъёо бий. Маогийн үлдээсэн өв нь цагийн аясаар ихэд хувирсан зүсэн бүрийн, зарим нь өөр хоорондоо эрс зөрчилтэй үзэл санааны нийлбэр байдаг болохоор энэ нь гайхах юм биш.

Түүний ийм үзэл, төсөөлөл 1943 онд олон түмний сонорт хүрсэн бөгөөд марксизм-ленинизмийн онолыг Хятадын үндэсний хувьсгалын практикт тохируулахыг оролдсон байдаг.

Энэ нэр томъёог Мао “шинэ ардчиллын үзэл” хэмээн 1940 онд анх томъёолсон аж. Түүний гол агуулга нь Хятадад Зөвлөлт маягийн социализмыг биш, олон намтай улс төрийн тогтолцоо, олон хэвшилт эдийн засаг бий болгох хэрэгтэй гэсэн үзэл юм. Тэгэхлээр маоизмын анхдагч үзэл нь “шинэ ардчилал” байж.

1940-өөд онд үүнийг тунхагласан нь эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ Хятадын нийгмийн өргөн давхаргын дэмжлэг авч, Өрнөдийг төвийг сахиулах гэсэн их залуурчийн тактикийн зальжин нүүдэл байсан нь одоо ойлгомжтой болж байна.

Түүнээс гадна Хятадын коммунистууд “шинэ ардчилал” хэмээх уриагаараа өөрийн дайсан Гоминьданы дотор хагарал бий болгож, Чан Кайшигээс салсан хүмүүс нь 1948 онд Хувьсгалт хороо гэгчийг байгуулсан юм.

Мао 1949 онд эрх мэдэлтэй болмогцоо “шинэ ардчилал”-аа ор тас мартаад сталинч маягийн социализм байгуулж эхэлсэн билээ.

ЗХУКН-ын XX их хурал дээр Хрущевийг алдарт үгээ хэлж, Сталиныг тахин шүтэх явдлыг шүүмжилсний дараа Хятадыг хөгжүүлэх өөрийн гэсэн үзэл баримтлалтай болох хэрэгтэйг Мао Зэдун ойлгосон аж.

Нэгдүгээрт, ЗХУ-д орой дээрээ залсан Сталины эсрэг гоё үг Хятадын удирдлага дахь Маогийн байр суурьт шууд заналхийлж байлаа. Хоёрдугаарт, Москвагийн араас нэхсэн жижиг түнш нь байх явдал Бээжингийн санаанд нийцэхгүй байв.

Хрущев Америкийг “гүйцэж, түрүүлэхийг” оролдож байх завсар Мао болон түүний намын нөхөд (үүнд ирээдүйн өөрчлөгч Дэн Сяопин орж байв) богино хугацаанд ЗХУ-ын эдийн засгийн түвшинд хүрэхийн тулд огцом ахиц гаргахыг эрмэлзэж байлаа. Хятадын удирдлагын энэ аварга төлөвлөгөөг хэрэгжүүлэх цорын ганц шавхагдашгүй нөөц нь хүн ам нь байв.

Эцэст нь 30 сая хүний амь сүйтгэсэн “Их үсрэлт” гэгч үзэл 1958 онд “мэндлэв”. Энэ мулгуу кампанит ажлын тухай, тосгон бүрт ширэм хайлуулах бүдүүлэг пийшин барьж металлургийн аж үйлдвэр хөгжүүлэх гэж оролдсон, ялаа, бор шувуу устгасан, ардын коммун гээчийг байгуулсан зэргийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх хэрэг алга.

Эдийн засгийн бүх хуулийг зөрчин социализмыг яаравчлан байгуулах гэсэн зүүний энэ хэлбэрийг жинхэнэ маоизм гэж тухайн үед Хятадтай ам мурийчихаад байсан ЗХУ-д үзэж байсан юм.

“Их үсрэлтийн” бодлогыг хэрэгжүүлсэн нь маш харамсалтай үр дүнд хүргэсэн. 1958-1962 онд таван жил үргэлжилсэн Хятадын түүхэн дэх хамгийн өргөн олныг хамарсан өлсгөлөн боллоо.

Том хотын иргэд модны навчаар (ерөөс идэж болох юм бүхнээр) гол зогоож, хөдөө нутагт өлссөнөөс бүхэл бүтэн тосгоноороо нас барж байв. Бээжингийн гурван охинд тохиолдсон нэг айхтар явдал байдаг юм.

Тэдний хоёр нь өдийхөн ёотон олоод түүнийгээ ам руугаа хиймээр байвч нэг нь өлдсөнөөс эмнэлэгт үхлээ хүлээж байсан тул түүндээ авчирч өгчээ. Нөгөөх нь тэр ёотонг чанга атгаад уйлсаар амь тавьсан байна.

Маогийн үзэл санааг хөгжүүлэх дараагийн гунигтай үе нь 1966 онд эхлүүлсэн “Соёлын хувьсгал” юм. Яагаад ч юм бэ намын удирдлага доторх сөрөг хүчинтэйгээ их залуурчийн хийсэн тэмцэл үүний гол шалтгаан байсан гэж үзээд байдаг юм.

Үнэн хэрэг дээрээ бол Маогийн байр суурь тэгэхэд хэзээ ч байгаагүй бат бөх байсан, түүнийг унагах бодол хэний ч толгойд орж байсангүй. Жинхэнэ маоизм Марксын сургаалийг шинэчлэх гэсэн онцгой хэлбэр болж чухамхүү “соёлын хувьсгалын” үед гарч ирсэн байна.

Хуримтлал бий болгох гэсэн хүмүүсийн сэтгэл зүй урьдын хэвээр байсаар байгаа тул үйлдвэрлэлийн хэрэгслийг нэг дор бөөгнүүлснээр социализмыг язгуур утгаар нь Хятадад байгуулж болохгүй гэдгийг 1966 онд Мао ухаарчээ.

Социализм байгуулахын тулд өөрийн гэр бүл юм уу удам судартаа биш зөвхөн намдаа үнэнч чанарыг хүмүүст бий болгох хэрэгтэй гэдэг нь Марксист сургаальд Маогийн оруулсан гол хувь нэмэр юм.

Бодсоноо хэрэгжүүлэхийн тулд Хятадын олон мянган жилийн соёлын бүх уламжлалыг бүрэн үгүй хийхээр Мао шийдэв. Тэгээд улс орноо “ревизионистуудаас” цэвэрлэхийг намын аппаратын дээд хэсгээр дамжуулан залуучуудад Мао уриаллаа.

Шийтгэл хүлээхгүйдээ эрэмшсэн оюутан, сурагчдад (хунвэйбинчүүд) багш нар болон өөрсдөд нь сэжигтэй санагдсан бүхнийг гэсгээн цээрлүүлж, Хятад улсыг эмх замбараагүй байдал руу түлхэн оруулав.

Тухайлбал, Бээжингийн нэг сургуулийн бага ангийн сурагчид багш нараа нэг өрөөнд хөөж оруулаад, ханан дээр нь тэдний цусаар коммунист уриа бичсэн байсан гэдэг.

Мао Зэдуныг нас барсны дараа “Хятадын эдийн засгийн гайхамшиг” амжилтад хүрсэн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой юм. “Их үсрэлтийн” жилүүдэд бий болгосон ардын коммунуудыг устгаж, тариачдын идэвх дээшилж, гадаадын хөрөнгийг татаж, гадаадад байгаа хятад хүмүүсийн дэмжлэгийг авч, хямд ажиллах хүчээ ашиглаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулсан.

Гэтэл дунд ангийг цаашид нэмэгдүүлж, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр улс төрийн тогтолцоог ардчилах, эсвэл түүнийг бүрэн өөрчлөхийг зүй ёсоор шаардах нь гэх болгоомжлол XXI зууны хоёр дахь арван жилийн эхээр Хятадын удирдлагад бий болжээ.

Дэн Сяопиний үеэс л эдийн засгийн өөрчлөлтийг үзэл суртлын салбар дахь хатуу хяналт, Өрнөдийн үзэл суртлын хордуулалтын эсрэг тэмцэлтэй хамт хийж ирлээ.

Хятад олон талаар одоо хэр нь ураг төрлийн нийгэмтэйгээ байгаа бөгөөд түүний одоогийн зах зээлийн эдийн засаг нь “өөрсдийн төлөөх капитализмын” хэлбэртэй байгаа юм. Хятад хүний хувьд төрөл садангийн хүмүүсээ албан тушаал ахиулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт аливаа тусламжийг хэвийн явдал гэж үздэг, авлига гэж хүлээж авдаггүй.

Эрх мэдэлтэй бүлэглэлтэй ойр холбоотой нь л Хятадад мөнгө хөрөнгөтэй болж байдаг. БНХАУ-ыг Зян Зэминь удирдаж байсан 1990-ээд онд капитализмын ураг төрлийн загвар илүүтэй цэцэглэж, зах зээлээ бүхэлд нь өөр хоорондоо хувааж авсан нөлөө бүхий олигархи бүлэглэлүүд бий болсон байдаг.

Хятадын хамгийн баян гэр бүлийн нэг нь Дэн Сяопиний охин Дэн Канийнх байдаг нь үүний нэг гэрч гэж хэлж болно.

Шанхайн Зян Зэминийн бүлгийг сөрдөг “ханхүү” нарын төлөөлөл Си Зиньпин 2013 онд Хятадын эрх мэдлийн оройд гарч ирэв. “Ханхүү” нар гэдэг нь Мао Зэдуны ойрын хамтран зүтгэгчдийн хүүхдүүд юм.

Тухайлбал, Си Зиньпиний эцэг Си Чунсюнь их залуурчийн үед Төрийн зөвлөл (Засгийн газар)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга байв. Аав, хүү хоёул “Соёлын хувьсгалын” жилүүдэд айхтар хэлмэгдсэн ч Маод итгэсэн хэвээр үлдсэн байна.

Си Зиньпин “ханхүү” нарт түшиглэн авлигатай тэмцэж эхэлсэн бөгөөд уг тэмцэл юуны урьд Зян Зэминийн хүрээллийнхний эсрэг чиглэж буй юм. 2013 оноос хойш хээл хахуультай холбогдуулан төрийн дээд албан тушаалын олон зуун хүн баривчилсны дотор Улс төрийн товчооны байнгын хорооны нэг гишүүн ороод байгаа.

Ийм түвшний албан тушаалтнуудыг урьд нь халдашгүйд тооцдог байсан билээ. Өнгөрсөн хугацаанд ийм хэрэгт буруутган 100 мянга шахам төрийн ажилтан, бизнес эрхлэгчдийг хараа хяналтад аваад буй.

Авлигын эсрэг энэхүү кампани мөнөөх “соёлын хувьсгалыг” эрхгүй санагдуулж байна. Си Зиньпин хүний төрөлх чанарыг өөрчлөх гэж Маогийн жишгээр үл гүйцэлдэх зорилт тавиагүй, ердөө капиталист задрал, намын дээд хэсгийн хүнд суртал өндийж ирэхэд л саад хийх гэсэн болов уу.

Хятад улс олигархийн капитализмын замаар цааш замнавал ЗХУ-ын гунигт хувь тавилан зайлшгүй хүлээж байгааг одоогийн удирдлага нь сайн ойлгож байна.

Эхлээд улс төрийн тогтолцоогоо либералчилна, дараа нь Коммунист намаа тараана, эцэст нь Төвд, Шиньжаан болон бусад субъект нь өрх тусгаарлаж улс орон нь бүрэн сүйрнэ.

Чухам ийм болгохгүй байхад л Мао Зэдуны нэр хүнд Хятадын өнөөгийн удирдлагад хэрэгтэй байгаа учраас “Соёлын хувьсгалын” үеийн түүний үзэл санаа дахин сэргэж буй юм.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.12.44 Капитализм,Комм