НАТО ЮУ ХҮСЭЖ БУЙ ТАЛААР ПУТИН ЯРЬЖЭЭ

2016 оны 01 сарын 12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы “Bild” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа ЗХУ задарснаар дэлхийн хүчний хоёр дахь төв үгүй болсон тул алдар хүнд, эрх мэдэл, элбэг хангалуун байдлын оргилд гарч түүнээсээ таашаал авах хүсэл НАТО-гийн гол гишүүдэд төрөх болсон гэж хэлсэн байна.

“Ноёлж байхыг тэд хүссэн, энэ ширээн дээрээ ч суусан. Одоо тэгээд цаашаа яах юм бэ? Бид одоо хямралт байдлын тухай ярих болоод байна шүү дээ” гэж тэрбээр хэлсэн аж. Түүний үзэж буйгаар Умард Атлантын эвслийн тэргүүлэх гишүүдэд олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг хайхрах хүсэл байхгүй болжээ. Тэгээд НҮБ-ыг хөгширсөн гэлцэх болсон байна.

НАТО-г Дорнод руу тэлэх бодлогын гол шалтгаан нь “хүйтэн дайны” үед байсан харилцаа дэлхий дахинд хадгалагдсаар байгаа явдал гэж Путин үзэж байна. 1990 онд Зөвлөлтийн удирдлага Германы улстөрчидтэй хийсэн яриаг тэрбээр эш татжээ.

Энэ яриа урьд нь олон түмний сонорт ер хүрч байсангүй. Янз бүрийн цаг үед Германы онцгой үүрэгт сайд, Эдийн засгийн хамтын ажиллагааны сайд зэрэг албан тушаалд ажиллаж байсан Эгон Барыг Путин жишээ болгож авсан байна.

“Тэрбээр тухайн үедээ Европын улс төрийн бодлогын эцэг гэгдэж байв. Европын ирээдүйн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байлаа. Тэр тун ухаалаг нэгэн байж. НАТО-г Төв Европ руу биш, цааш нь, Дорно зүг рүү тэлэхийг гүнзгий утга учиртай гэж үзэж, хамрах газар нутгаа өөрчилж, “хүйтэн дайн”-ы үеэс ахих ёстой гэдэгт итгэж байжээ” гэж Путин ярьжээ.

Цааш нь “Бид анхнаасаа буруу алхам хийсэн. Бид Европыг талцуулахгүй байж чадсангүй. 25 жилийн өмнө Берлиний ханыг нураасан ч Европ нэгдмэл болсонгүй. Харин ч үл үзэгдэх хана зүүн зүг рүү нүүв” хэмээн тэмдэглэсэн байна.

ЗХУ оршин байхаа 1991 онд больсон юм. Тэр үеэс Орос, НАТО хоёр харилцаа тогтоосон. Гурван жилийн дараа Орос улс Умард Атлантын эвслийн түншлэлийн хөтөлбөрт оролцох ч болов.

2014 оны гуравдугаар сард Крымийг Орост нэгтгэснээс хойш харилцаа хурцдаж Оростой хамтарч ажиллахаа зогсоож буйгаа НАТО 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд зарласан юм.

2014 онд НАТО-д Болгар, Латви, Литва, Румын, Словак, Словени, Эстон улсууд элсэв. Хорват, Албанийг НАТО-д элсүүлэх шийдвэрийг 2008 оны дөрөвдүгээр сард гаргасан.

Энэ дашрамд Ангела Меркелиэс уучлалт хүссэн тухайгаа Путин ярьжээ. Меркелийг нохойноос айдгийг нь Путин мэддэггүй байж. Тиймээс түүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “Кони” нэрт лабрадор нохойгоо үзүүлэх гэж уулзалт дээр авч очсон аж. “Дараа нь би нарийн учраа хэлж уучлалт гуйсан” гэж хэлсэн байна.

Энэ явдал 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сочи дахь харшид уулзах үеэр болсон аж. Путин нохойгоо хүн рүү дайрдаггүйг хэлж, түүнээс битгий ай хэмээн Меркелийг тайтгаруулахыг хичээсэн байна.

Канцлер нохойноос айдгийг Путин мэдэхгүй байх учиргүй хэмээн Өрнөдийн хэвлэлд сүүлд нь баахан бичжээ. Хөршийнх нь анч нохой 1995 онд Меркелийг дугуйтай явж байхад хөлнөөс нь зууснаас хойш айгаад байх болсон юм байна.

Тухайн үед Онцгой байдлын сайд байсан Сергей Шойгу 2000 онд “Кони” нэрт лабрадор үүлдрийн гөлгийг Путинд бэлэглэсэн юмсанжээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД