Орос, Америкийн харилцаа сайн байх бодит үндэслэл байхгүй

2016 оны 01 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа ирэх сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Гэхдээ сунгаа хэдийнэ эхэлчихсэн төдийгүй түүний явц дунд санаанд оромгүй хэд хэдэн явдал тохиогоод байгаа.

Юуны урьд ихээхэн найдвар хүлээж байсан Жеб Буш БНН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүс дотроо “баян ходоодонд” орж, хачирхалтай гэж хэлж болохоор Дональд Трамп өнгөлж яваа.

Хоёр намын нэр дэвшигчдээс хэнд нь илүү боломж байгаа хийгээд хэнийх нь ялалт Москва, Вашингтон хоёр хэл амаа ололцоход ямар үүрэг гүйцэтгэх гэх мэт асуудлаар Оросын “Внешняя политика” агентлагийн удирдагч, “Валдай” клубийн хөтөлбөрийн захирал Андрей Сушенцов ямар байр суурьтай байгааг уншигчдадаа сонирхуулъя.

-Судлаачдын үзэж буйгаар БНН-аас нэр дэвшигчид дундаас Дональд Трамп бусдаасаа нэлээд түрүүлж явна. Тэгэхдээ “заануудаас” (БНН-ын билгэ тэмдэг) чухам түүнийг гарч ирнэ гэдэгт эргэлзэж буй шинжээч олон байна. Трамп Ерөнхийлөгч болчихно гэдэгт итгэж буй хүн тун цөөн. Яагаад энэ вэ?

-Трамп үнэндээ намынхаа горилогчдоос дор хаяж 15 хувиар илүү явна. Бүх судалгааны нийлбэр дүнгээр түүний чансаа 30.5 байгаа бол хамгийн ойр яваа өрсөлдөгч Тед Крузийнх 15 хувь байгаа.

Тэгэхдээ Трамп бол даацтай тоглогч биш. Түүнийг намынх нь нөлөө бүхий хэсэг дэмжинэ гэх магадлал туйлын бага. Тэрбээр намынхаа гол гол хүмүүстэй бүгдтэй нь ам мурийчихсан, түүний цуглуулсан хандив хамгийн бага байгаа.

Трамп өөрөөс нь өмнө хэн ч хэлж зүрхлээгүйг хэлж, этгээд араншин гаргаж буй нь нэр хүндийг нь өсгөж байна. Түүнээс хэл ам салахгүй байгаа ч Трамп цөхрөхгүй байна.

Энэ байдал нь Америкийн хүн амын дундаж хэсгийг бүрдүүлдэг БНН-ын сонгогчдын гол хэсгийн дэмжлэгийг хүлээж буй болохоос баруун, зүүн эргийн том хотуудын оршин суугчид түүнд талархалтай хандахгүй байгаа.

-Трамп намынхаа дээд хэсгийн дэмжлэгийг хүлээхгүй байгаа нь харин ч давуу тал нь болж байгаа юм биш үү.

Өөрөө олон тэрбумын хөрөнгөтэй болохоор тэрбээр намынхаа удирдлагын, намынхаа сан хөрөнгийн царайг харахгүй байна.

Тэрбээр Америкийн гол гол сонинуудын тэргүүн нүүрнээс салахгүй байгаа учраас сурталчилгаандаа ч мөнгө зарахгүй байна шүү дээ.

-Энэ үнэн. Үүгээрээ ч нэлээд бахархаж “Би Ерөнхийлөгч болчихвол манай улсад бүх юм ийм эмх журамтай байх болно” гэж ярих болсон. Намынх нь дээд хэсгийнхэн ч Трампын эсрэг ам нээхгүй байна.

Хэрэв нам нь түүнийг “нухахаар” шийдвэл явц байдал эрс өөрчлөгдөж, хэвлэлийнхний дуу хоолой ч өөр болоод ирнэ. Трамп тэр дороо юу ч биш болно. БНН-аас нэр дэвшигчийг тодруулах мөч ойртоход л чухам ийм юм болох болов уу гэж бодогдоод байх юм.

-Трампад улс төрийн мөрийн хөтөлбөр гэж байна уу, эсвэл шуугиан тарьсан мэдэгдэл хийгээд байхад л болоод явчих уу?

-Одоо бол хариуцлагагүй мэдэгдлүүдээрээ хүмүүсийн анхаарал татах гэсэн стратеги л түүнд байна. Тэр бүхнээ ажил хэрэг болгох боломж түүнд олдох юм бол Трамп маш эвгүй байдалд орно. Тэрбээр лалын шашинтнуудыг АНУ руу оруулахгүй байж чадахгүй, Мексикээс цагаачид ирэхийг зогсоож чадахгүй.

Түүгээр ч барахгүй эрүүлийг хамгаалах салбарт улсаас үзүүлэх санхүүжилтийг хорогдуулахтай холбоотой амлалтаа ч тэр хэрэгжүүлж чадахгүй. Гадаад бодлогын салбарт Трамп маш хязгаарлагдмал байх болно.

Догшин ширүүн авираасаа болж, өнөөдөр найдвартай түнш гэгдэж байгаа хүмүүстэйгээ ам мурийх болов уу гэх бодол төрдөг. Владимир Путинтэй ч харилцан ойлголцохгүй.

Олон улсын харилцаа дүрэм журмаар явдаг, түүнийг баримтлах ёстой гэсэн зарчмаар манай улстөрчид хандах бол Трамп “журам гэдэг чинь би” гэсэн зарчмаар хандана.

-Тэгэхдээ дэлхийн улс төрийн бодлогын төв одоо хаашаа хазайж байгаа тухайд Трампад тодорхой төсөөлөл байна. Хятадын талаар тэр байнга ярьж байгаа шүү дээ…

-Тэрбээр нийгмийн ухамсрын хөндүүр цэг дээр гол цохилтоо хийх тактик баримталж байгаа юм. Хятадын хажуугаар “Исламын улс”-ыг одоо “барьж аваад” байгаа. Тэрбээр “Исламын улс” бол маш аймшигтай аюул. Тэгтэл Обама түүнд бараг анхаарахгүй байна.

Алан хядагчидтай тэмцэхэд хэрэгтэй хүн нь чухамхүү Трамп гэсэн сэтгэгдэл хүмүүст төрүүлэхийг хичээж байна. Хятадын асуудалд ч мөн ингэж хандаж буй. Хятадын талаар их ярьж буй ч түүнийг Обамаг шүүмжлэх шалтаг болгож, “Исламын улс” шигээ ашиглаж байна.

Трамп Бээжинтэй одоогийн Ерөнхийлөгчөөс илүү хэл амаа ололцож чадна, АНУ-ын тавьсан болзлыг хятадуудаар хэрэгжүүлүүлж чадна  гэсэн бодол төрүүлэхийг оролдож байна.

-Трамп хажуудаа чадвартай зөвлөхүүд, шинжээчдийг цуглуулаад, гадаад бодлогыг нь тэд нар нь зохицуулаад байж болохгүй гэж үү?

-Гадаад бодлогын асуудлаар нэгээс нөгөөд шилжээд, өвлөгдөөд явдаг зөвлөхүүд БНН-ынханд бий л дээ. Хүү Буш, эцэг Бушийн багт ажиллаж, бидэнд танил болсон зөвлөхүүд ч байж л байна.

Тэгэхдээ Трамп хэн нэгний зөвлөхийг сонсоод, үгэнд нь ороод байна гэж төсөөлөх гээд үз дээ. Би л лав ингэж төсөөлж чадахгүй.

-Трамп ийм гөжүүд хүн юм бол нам нь түүний нэрийг дэвшүүлэхгүй байх, тиймээс тэрбээр бие дааж сонгуульд өрсөлдөх магадлал бий юү?

-Зуун хувь бий.

-Тэгэхлээр Трамп БНН-аасаа нэр дэвшигчийн авах саналыг хувааж, АН-ын нэр дэвшигчийг ялах боломжтой болгочихно биз дээ.

-Чухам ийм л юм болох болов уу.

-За тийм байж. Хэрэв Трамп эс дэвшвэл БНН-ыг сонгуульд хэн төлөөлж болох вэ?

-Чансаагаараа БНН-ынхан дотроо Тед Круз хоёрт яваа. Энэ бол тун анхаарал татам ч ихээхэн түвэгтэй нэгэн. Түүний улс төрийн уян хатан биш байдал нь нэлээд түгшүүр төрүүлнэ.

Ийм чанартай хүмүүс яриа хэлэлцээний үед буулт, тохиролцоо хийх чадвар муутай, харилцан хүлээж авахуйц хувилбарт хүрэхийн тулд найр тавихад бэлэн биш байдаг.

Гэлээ ч БНН-ын бусад нэр дэвшигч дотроо Круз аливаад үндэслэлтэй ханддаг, ёс журамтай хүн болох нь харагдаад байгаа юм.

-БНН-ын Марко Рубиог хамгийн ирээдүйтэй улстөрч гэх шинжээч Орост ч, Америкт ч олон байна. Энэ удаа нэрийг нь дэвшүүлдэггүй юм гэхэд ирээдүйд заавал амжилт олно гэлцэх юм. Яагаад тэрбээр ийн үнэлэгдээд байгаа юм бол?

-Маш ирээдүйтэй улстөрч гэдэгтэй санал нэг байна. Сенатын хамгийн залуу гишүүний нэг энэ хүн Төрийн тэргүүний суудалд очих нэлээд магадлалтайд тооцогдож буй. Тэрбээр сүүлчийн уулзалт дээрээ 2008 оны сурталчилгааны үеийн Обамаг маш их санагдуулна лээ.

Түүнчлэн Америк орон гэж юу болохыг БНН-ын нэр дэвшигчдээсээ илүүтэй ухаарсан хүн юм байна гэх сэтгэгдэл төрүүлсэн. Түүний зэрэгцээ Рубио америк мөрөөдлийн биелэл юм. Цагаачдын хүү тэрбээр бор зүрхээрээ өдий зэрэгт хүрсэн, залуухан, царайлаг, дөрвөн хүүхдийн эцэг.

Түүнийг залуу, туршлагагүй гэлгүй БНН-ын дээдчүүл дэмжихэд бэлэн байгаа. Тус намын хувьд ялалт чухал. Тэгээд ч тэд бүх түвшинд олонх байгаа, амбан захирагчид, хотын дарга нар, Конгрессын хоёр танхимд олонх.

Үүн дээрээ нэмээд өөрийн Ерөнхийлөгчтэй болох нь тэдний туйлын хүслэн. Үүний төлөө нам нь Трампаа “нухахаас” ч буцахгүй.

-2016 онд Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн Хиллари Клинтон, Жеб Буш хоёрын хооронд болох нь гэдэгт хагас жилийн өмнө бол хэн ч эргэлзэхгүй байсан.

Жеб бол ухаалаг хүн, удирдан жолоодох туршлага ч түүнд бий. Тэрбээр мексик бүсгүйтэй гэрлэсэн болохоор испани хэлээр ярьдаг сонгогчдыг өөртөө татах боломжтой.

Гэтэл түүний чансаа доогуур байгаагаас өрсөлдөөнд ялах магадлал тун бага болчихсон байна. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Түүнд бас хандив дажгүй цугларсан. БНН-ын голлох хүмүүс мөнгөө нэмэрлэсэн, мөн зөвлөхүүдийн маш сайн багтай. Гэтэл тэр өөрөө хүмүүсийн урмыг хугаллаа. Энэ нь түүний мэтгэлцэх чадвар султай нь холбоотой.

Хурц ширүүн маргааны үед онцгойрон тодорч чадахгүй, өөртөө итгэлгүй болчихдог хүн юм байна. Тэгээд Рубио мэтийн туршлагагүй улстөрчид ч эцэст нь ялагдаж байна.

Үүнийг нь харсан жирийн америк хүн л түүнийг өөрийнхөө төлөө тэмцэх чадваргүй, бусдын эрх ашгийг хамгаалж чадахгүй юм байна гэж ойлгоход хүрсэн.

-Тэгвэл БНН-ынхныг орхиод АН-ын нэр дэвшигчдийн талаар ярилцъя. Хиллари Клинтон ялах боломж хэр бий вэ?

-Тийм боломж бараг л зуун хувь бий. Хилларигийн сурталчилгаа АН-ынхан өөр хоорондоо өрсөлдөхөд биш, БНН-ын нэр дэвшигчидтэй “үзэлцэхэд” чиглэж байна. Тэгэхдээ Хилларид хэд хэдэн ноцтой асуудал байгаа бөгөөд түүнийгээ давж гарах гээд чадахгүй байгаа.

Тухайлбал, жирийн америк хүмүүстэй түүнд хэлхээ холбоо алга. Хиллари бол дээд хэсгийнхний төлөөлөл, түүний зэрэгцээ Вашингтоны зүгээс гарч буй бүх таагүй юмтай нэр нь холбогдсон хүн юм.

Тэрбээр улс төрд удсан, хор уршгийг нь америкчууд өөр дээрээ мэдэрсэн олон алдаа дутагдал түүний нэртэй холбоотой. Барак Обама аливааг сайн зүг тийш өөрчлөх итгэл найдварын билгэ тэмдэг болж байсан бол Хилларид тийм хөзөр алга.

Тиймээс түүний штаб нэр дэвшигчээ эмэгтэй хүн гэдэг дээр нь гол анхаарлаа хандуулж байх шив дээ.

-Хиллари өөрийн намынхантай гэхээсээ илүү БНН-ынхантай илүүтэй өрсөлдөж байна гэж Та сая хэллээ. Тэрбээр хэн нэгнийг нэр заан шүүмжилж байна уу?

-Тэрбээр өөрийгөө Трампын яг эсрэг хүн болгон харагдуулж байна. Лалын шашинтнуудыг АНУ руу нэвтрүүлэхийг хориглох нь зүйтэй гэж Трамп үзэж байхад Хиллари ингэж болохгүй, Америк бол тэгш боломжийн эх орон гэж мэдэгдсэн.

Энэ алхам нь сонгогчдыг уйдааж болзошгүй. Хэрэв өрсөлдөөн Буш тэр хоёрын хооронд болох юм бол энэ нь муу хувилбар.

-Тэгвэл ардчилагчид Берни Сандерсийг гаргаж ирж болох юм биш үү. Хүмүүс түүнээс уйдаж амжаагүй байгаа шүү дээ. Тэгээд ч түүний чансаа таамаглаж байснаас хавьгүй өндөр байгаа.

-Тэрбээр Америкийн улс төрийн хэвшмэл зүйлийг шүүмжилдэг. Сандерс өөрийгөө социалист гэж нэрлэхээс нэрлэхэхгүй. АНУ-ын гол асуудал өнөөдөр тэгш бус байдал гэж хэлж байгаа.

Энэ бүхэн нь түүний чансааг муугүй, 30 орчим хувьтай байх боломж бий болгосныг шинжээчид гайхаж буй. Харин Сандерс өөрөө АН-аас нэр дэвшигч болох тухайд төдийлөн итгэхгүй байгаа болов уу.

-Сүүлчийн асуулт. Бид сая нэрийг нь дурдсан улстөрчдөөс хэн нь сонгогдвол Орос, Америкийн харилцааг сайжруулах талаар ямар нэг юм хийх бол?

-Эдгээр улстөрчийн аль нь ч тэр талаар нааштай юм хийхгүй. Тийм болохоор би асуултыг арай өөрөөр, хэнийх нь ялалт Москвагийн хувьд илүү таагүй мэдээлэл байх бол гэж тавимаар байна.

Энэ үүднээс хандвал Трамп, Круз, Хиллари гурав хамгийн муу хувилбар. Трамп бол дүрмээр тоглох, тохиролцоонд хүрэхэд бэлэн биш хүн.

Эхлээд тэрбээр Москватай харилцаагаа аятайхан болгох гэж оролдож магадгүй ч асуудал тун ярвигтай болохыг ойлгохоороо урам нь хугараад оросууд муу хүмүүс, тэдэнтэй орооцолдохыг хүсэхгүй байна гээд мэдэгдчихнэ.

Круз бол чигээрээ хүн, түүнтэй юуны ч тухай ярих хэрэггүй. Өөрөөр хэлбэл, бидний хувьд хүлээж авч боломгүй байр сууринаас тэр хандана.

Хиллари бол хүмүүсийн хоорондын хувийн харилцаанаас бүх юм шалтгаална гэсэн хатуу итгэлтэй хүн. Хэн нэгнийг тэрбээр өөрийн дайсан гээд үзчих юм бол түүнийгээ давж гарах чадваргүй.

Оросын удирдлагад хандаж эрс, басамжлан доромжилсон ч гэж болохоор үг хэлж байсныг нь бид мэднэ шүү дээ.

Орос, Америкийн хооронд сайн харилцаа байна гэдэг хэвийн юм биш гэдгийг харгалзаж үзэхээс аргагүй. Ийм байх бодит үндэслэл байхгүй. Хоёр орны хооронд бараа эргэлт хамгийн бага, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд байхгүй, харилцаа муудлаа гэхэд түүнд санаа тавих лобби бүлэг ч байхгүй.

Тиймээс харилцааг сайжруулах биш, түүнийг үр ашигтай, тааварлаж болохуйц, эрх ашгаа харилцан харгалзсан болгохыг хичээх нь бодит зорилт юм.

Ийм нөхцөлөөр яриа хөөрөө хийхээс буцахгүй хүн АНУ-ын Ерөнхийлөгч болох юм бол бид одоогийн байдлаас гарч болох юм.

-Тэгвэл Рубиог л дэмжих үү дээ?

-Бидний хувьд энэ л муугүй хувилбар байх болов уу.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД