“Уртын харайлт” УРАГШГҮЙТСЭН НЬ

2016 оны 01 сарын 04

И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У.Черчилль

Дайны дараах Европыг хэрхэн илбэн тохинуулах асуудлыг хэлэлцсэн ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын (“Их гурвын”) дээд хэмжээний уулзалт 1943 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-нд Ираны нийслэл Тегеран хотод болсон юм.

Энэ уулзалтыг ихэд нууц байдалд бэлтгэсэн ч ийм үйл явдал болох гэж буйг германчууд аравдугаар сарын дундуур мэдчихсэн байв. “Тегеран руу хөвж яваа томоохон загасны” тухай мэдээллийг Турк дэх Английн ЭСЯ-ны ажилтан, албани үндэстэн Элиос Базна дамжуулсан байлаа.

Сталин, Рузвельт, Черчилль нарыг устгах төлөвлөгөөг эзэнт улсын Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга Эрнст Кальтенбруннер яаравчлан Гитлерт танилцуулж бүрэн дэмжлэг авав.

“Уртын харайлт” хэмээх томьёолсон нэртэй уг “ажлыг” СС-ийн тусгай үүрэгт хүчний толгойлогч Отто Скорценид даалгав. Нацистуудын энэ төлөвлөгөө нурсан, харин Гитлерийн эсрэг эвслийн удирдагчид хэрхэн аврагдсан нь нууц байсаар өдий хүрсэн юм.

Тегеран дахь Зөвлөлтийн ЭСЯ үнэн хэрэг дээрээ хот доторх хот байлаа. 11 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, зочид буудал, дипломат ажилтнуудын сууц байсан бөгөөд Германыг хуваах асуудлыг Сталин, Рузвельт, Черчилль гурав чухам энд ярилцсан юм.

Тегеран дахь Германы тагнуулын байгууллагын санал болгосон эхний төлөвлөгөөгөөр Армяны оршуулгын газрын зүгээс газар доогуур нүхлэн ЗХУ-ын ЭСЯ-нд хүмүүсээ нэвтрүүлэх ёстой байв. Энэ оршуулгын газарт германчууд өөрийн хүнтэй байсан нь дэд хурандаа Франц Майер байлаа.

Зориуд энд ажилд оруулсан түүнийг хижээл насны армян хүний төрхтэй болгож будаж өөрчлөн, сахал тавьсан байв. Гэтэл нөгөөхийг нь Зөвлөлтийн тагнуулчид илрүүлэн баривчилчихсан тул Берлин дээрх төлөвлөгөөнөөсөө татгалзахаас аргагүй болжээ.

Тегеранд болсон Бага хурлын тухай бүрэн танилцуулгыг зуун жилийн дараа л тайлж уншина гэдэгт түүхч, орчуулагч Ахмад Сареми эргэлзэхгүй байна. Тэгэхдээ германчууд “Их гурав”-ыг хулгайлахыг гол зорилтоо болгож байснаас биш, алах бодолгүй байжээ гэсэн дүгнэлтийг сая олон түмэнд ил болгосон Ираны архивын баримт дээр түшиглэн хийж болно.

Кальтенбруннерийн бодлоор бол Сталин, Рузвельт, Черчилль гурвын амийг хороосноор дайныг зогсоож чадахгүй байв. Харин удирдагчид нь германчуудад олзлогдвол Гитлерийн эсрэг эвслийн орнуудын хүн ам учраа олохоо байж, фронт дээр эмх замбараагүй байдал бий болж мэдэх байлаа.

Тегеранд үймээн дэгдээхээр төлөвлөсөн СС-ийн ажилтнууд чухам үүнд найдаж байв. Ираны “Хабар” сонин “Сталиныг Туркээр дамжуулан Берлинд авчирч торонд хийгээд хүмүүст харуулахаар төлөвлөж байж” гэж бичиж байсан аж.

Рузвельтийг яах тухайд Германы дээд удирдлагынхны санал хуваагдаж, зарим нь бууж өгөх тушаал АНУ-ын Ерөнхийлөгчөөр албадан гаргуулах нь зүйтэй гэж үзэж байхад, маш харгис хэрцгий аргаар цаазлахыг хүсэх хүмүүс ч байжээ.

Тухайлбал, Кальтенбруннер Америкийн Ерөнхийлөгчөөр аварга загас хооллох, үүнийгээ хальсанд буулгаж авахыг санал болгож байв. Черчиллийн хувьд санал зөрсөн юм байсангүй, түүнийг байгаа газар нь хороохоор төлөвлөж байлаа.

Энэ заналхийлэлд Зөвлөлтийн эрх баригчид хайхрамжгүй хандсангүй. Тегеран руу Дотоодыг хамгаалах байгууллагын 3000 ажилтныг илгээж, тэд “Их гурав”-ыг хаа явсан газар нь хамгаалж байв.

Иранд тухайн үед Германы 6500 тагнуул байсан мөртлөө энэ гурван хүний амь насанд халдах юм уу, хулгайлах оролдлого яагаад хийгээгүй юм бол хэмээн Англи, Америкийн түүхчид хожим нь гайхаж байсан гэдэг.

Нэгдүгээрт, 1943 оны арваннэгдүгээр сарын эхээр Зөвлөлтийн тусгай албадаас явуулсан ажиллагааны дүнд Германы 400 тагнуулч баривчлагдаж, тагнуулын сүлжээ нь бүрэн сүйрсэн байв.

Хоёрдугаарт, Рудольф фон Холтен-Пфлуг болон Власовын армид байсан Владимир Шкварёв нараар удирдуулан Кум, Казвин хотын орчимд буулгасан СС-ийн шүхэрчдийн 14 бүлгийг арваннэгдүгээр сарын 22-27-нд Зөвлөлтийн тагнуулын байгууллага илрүүлэн баривчилсан байна.

Германчууд тагнуулуудаа худалдааны жинчид маягаар тэмээ унуулан Тегеран руу оруулж байсан тохиолдол ч бий юм гэдэг. Гуравдугаарт, III Рейхийн хүнд суртал “Уртын харайлт” бүтэлгүйтэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Бие биенээ үгүйсгэсэн маш олон санал тэд дэвшүүлж байсны дотор Скорцени л гэхэд “Их гурав”-ыг хулгайлахыг зөвшөөрөхгүй, тэсрэх бодисоор дүүргэсэн нисэх онгоцыг амиа золиослогч нисгэгчээр жолоодуулан ЗХУ-ын Элчин сайдын яам руу илгээж, Сталин, Рузвельт, Черчилль гурвыг шууд алах нь зүйтэй гэж үзэж байсан аж.

Олон төлөвлөгөөн дээр маргалдаж, заримыг нь цуцалж, заримыг нь өөрчлөн боловсруулсаар унжирч сунжирч байтал Германы тагнуулчид баривчлагдаж, энэ ажил унтарсан байна.

Түүхийн ухааны профессор Мехмет Мусавийн ярьснаас үзвэл, Германы тагнуулчид арваннэгдүгээр сарын 29-нд Тегеран хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээж, үүгээр халхавчлан “Их гурав”-ын цуваа руу дайрахаар төлөвлөж байсан гэж сүүлд нь мэдүүлсэн байдаг аж.

СС-ийн офицер Шюнеман гэгч Исфахан хотод кашкайн омгийн удирдагчидтай яриа хэлэлцээ хийж, эдний отрядуудыг Тегеран руу оруулж, Засгийн газрын байгууллагууд руу дайрч үймээн дэгдээх ёстой байж.

Гэтэл Берлинээс мөнгө (доллар) ирүүлсэнгүй. Нөгөө кашкай омгийн удирдагчид мөнгөө урьдчилж төлөхгүй бол дайрч довтлохгүй гээд гэдийчихэж. Ингээд төлөвлөгөө нурах нь тэр.

1943 оны арваннэгдүгээр сарын 30-нд британичууд нөгөө Холтен-Пфлугийн бүлгийг баривчилж, “Их гурав”-ыг хулгайлуулахаар Тегеран руу явуулсан шүхэрчдээс зургааг нь үүнээс хоёр хоногийн дараа саатуулсан байна.

СС-ийн төлөвлөгөөг нураахад ЗХУ-ын тагнуулчид, түүний дотор Иранд ажилласан 19 настай Геворк Вартанян онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Чухам түүний ачаар дайсны олон зуун тагнуулын үйл ажиллагааг зогсоосны дотор Шкваревын бүлэг орсон аж. Германчууд эхнээсээ л өөрсдийнх нь ажил амжилт олно гэдэгт эргэлзэхгүй байж.

Уг нь Германы тагнуулын сүлжээ Иран улсыг хэрчихсэн, 50 яам болон армид нь өөрийн хүмүүстэй болчихсон байв. Харамсалтай нь хичнээн их хүч чармайлт гаргасан ч “Уртын харайлт” биелсэнгүй.

Тусгай албад биенийхээ эсрэг хэрхэн ажиллаж байсны тодорхой дүр зургийг Орос, Америк, Британийн архивууд “Тегеран-43”-тай холбоотой бүх баримтаа ил болгох 2043 онд л бид олж харж болох байх. Тэгэхдээ мэдээж тэдгээр материалыг үнэхээр ил болгосон тохиолдолд шүү дээ…

Р.ЖАРГАЛАНТ

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
2.242.224.223 Энд арай л өөр юм бичсэн бна даа. https://de.m.wikipedia.org/wik i/Unternehmen_Weitsprung