ӨМНӨД АМЕРИК ХУУЧИН ОНЫГ УСАРХАГ БОРООТОЙ ҮДЭЖ БАЙНА

2015 оны 12 сарын 28

Усархаг аадрын улмаас Өмнөд Америкийн Парагвай, Уругвай, Аргентин, Бразил улсуудад үер болж 160 гаруй мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болсон байна.

Аргентиний Копкорди хотод 10.5 мянган хүн гэр оронгүй болжээ. Энэ нь сүүлийн 50 жилд байгаагүй их үер гэж эндхийн хүмүүс үзэж буй аж.

Уругвайд 9083 хүн хохирол амссаны 1.8 хувийг нь нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын умард нутагт онцгой байдал зарлав. Үер Парагвай улсад бусдаас илүү хохирол учруулсан байна. Төрийн тэргүүн Орасио Кортес нь улс орондоо онцгой байдал тогтоов.

Нийслэл Асунсьон хот нь бүхэлдээ усанд автах дээр тулжээ. Номхон далайн экваторын хэсгийн усны дээд давхаргын температур хэлбэлзсэн буюу Эл-Ниньо гээч үзэгдэл болсноос бүлээссэн ус нь зүүн тийш давалгаалсан аж.

Энэ үзэгдэл салхины чиглэлд нөлөөлж, бас усархаг бороо оруулдаг байна. 2015 оны нэгээс есдүгээр сард хоногт дундаж температур XIX зууны (1850-1900) дундаж үзүүлэлтээс 1.02 градусаар дээшилсэн гэж Английн цаг уурын алба арваннэгдүгээр сарын 10-нд мэдээлж байсан аж.

Эль-Ниньо үзэгдлээс шалтгаалж дундаж температур нэгээр дээшлсэн гэж судлаачид тэмдэглэж буй. Эрдэмтдийн үгээр бол дундаж температур цельсийн хоёр градусаар дээшлэхэд л хүн төрөлхтөнд нөхөж баршгүй хохирол учруулах аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД