ИСПАНИЙН ЕРӨНХИЙ САЙД СУРТАЛЧИЛГААНДАА ОРЛОГЧОО АШИГЛАЖЭЭ

2015 оны 12 сарын 21

Испанийн хоёр танхимтай Парламентын сонгууль өнгөрсөн ням гаригт болов. Үүгээр Конгрессын 350 гишүүн (доод танхим), 208 сенатч (дээд танхим)-ийг сонгох аж.

46 сая хүнтэй Испанийн вант улс 36.5 сая сонгогчтой, түүний 1.8 сая нь хилийн чанадад байдаг гэнэ. Парламентын босгоор алхахын тулд намууд гурван хувийн босго давах ёстой юм байна.

1970 онд Франсиско Франкогийн дарангуйлагч дэглэмийг унагаснаас хойш тус улсад одоогийн Ерөнхий сайд Мариано Рахойн тэргүүлдэг Ардын нам, Педро Санчесийн удирдаж буй Ажилчны социалист нам гэсэн улс төрийн хоёр залуу хүчин хоорондоо ширүүн өрсөлдөж, 30 гаруй жилд Засгийн газрыг төвхнүүлж иржээ.

Энэхүү хоёр гол намын тогтолцоонд зүүний чиглэлийн, төв үзэл баримтлалтай хоёр шинэ нам цэг тавьж магадгүй гэж үзэж байгаа аж.

Испанид мөрдөж буй хуулиар ялсан нам нь Засгийн газраа бүрдүүлж, намын дарга нь Ерөнхий сайдаар ажилладаг. Сүүлийн үед явуулсан санал асуулгаар улс төрийн ямар ч хүчин парламентад үнэмлэхүй олонх болохооргүй байжээ.

Ардын нам 26.5, Ажилчны социалист нам 21.7, төвч үзэлтэй “Иргэд” нам 18.6, зүүний чиг баримжаатай “Подемос” нам 17.0 хувийн дэмжлэг хүлээхээр байсан аж. Ийнхүү 350 суудалтай парламентын 186 мандатыг нь авч байсан Ардын нам 114-118 суудал аван, ялж магадгүй аж.

Ажилчны социалист намд 82-86, “Иргэд” намд 61-66, “Подемос”-т 51-57 суудал олдох болов уу гэсэн таамаглал бий. Нэг ч нам 176-аас дээш суудал авч үнэмлэхүй олонх болж чадахгүй бол мэдээж эвслийн Засгийн газар байгуулна.

Ардын нам нь аюулгүй, тогтвортой байдлыг илүүд үздэг дунд, ахмад насныханд бодлогоо чиглүүлдэг. 60 настай Мариано Рахой сонгуулийн өмнөх сурталчилгаагаа хүн ам цөөтэй газруудад илүүтэй түшиглэж хийжээ.

Энэ нь Испанийн 46 сая хүний 15 сая нь 20 мянгаас доош хүн амтай жижиг хотуудад оршин суудагтай холбоотой юм байна. Түүнээс гадна Хосе Луис Родригес Сапатера тэргүүтэй социалистуудын Засгийн газрын үед тус улс түүхэндээ хамгийн өргөн хүрээтэй хямралд өртсөн болохоор Ажилчны социалист намын сонгогчдоос “урвуулах” тактик хэрэглэжээ.

Түүнчлэн Рахойн үед эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэлээд сайжирч, тухайлбал ажилгүйдлийн түвшинг бууруулж чадсан аж.

Рахой өөрөө нэрд гарсан улстөрч биш учраас ямар сайндаа л сурталчилгааны ухуулах хуудсан дээр нь түүний оронд орлогч Сорай Саенс де Сантамариягийн зургийг тавьчихаж байх билээ. Түүгээр ч барахгүй сонгуулийн өмнөх мэтгэлцээнүүдэд ч Рахойн өмнөөс энэ эмэгтэй оролцож байжээ.

Ажилчны социалист нам, “олонхийн ирээдүйн төлөө” гэсэн уриатайгаар сонгуульд оролцлоо. Тус нам 45-аас дээш насныханд түшиглэх зорилготой байв. Испанийн өмнөд нутгийн иргэд энэ намыг илүүтэй дэмждэг аж.

43 настай Санчесийн тэргүүлдэг тус нам эхнээсээ залуучуудын дэмжлэг хүлээх зорилготой байсан ч энэ боломжийг “Иргэд”, “Подемос” хоёрт алдсан байна. Ажилчны социалист нам цалин нэмэгдүүлэх, боловсролын салбарт өөрчлөлт хийхийн төлөө тэмцдэг.

Социалистууд Ардын намын гишүүд орооцолдсон авлигын дуулиантай хэргийг өрсөлдөгчөө “унагах” гол зэвсгээ болгожээ.

“Иргэд” нам Каталонид байгуулагдсан, энэ онд л улсынхаа дэвжээнд анх гарч ирж буй. “Подемос” залуучуудад гол анхаарлаа хандуулж, жижиг бизнесийг дэмжинэ гэж амлажээ.

Р.ЖАРГАЛАНТ