“СААРАЛ ЧОНОНУУД”

2015 оны 12 сарын 17

Агжаг “Ребибиа” шоронд байхад нь Ромын хамба лам II Иоанн Павел 1983 оны арванхоёрдугаар сарын 2-нд эргэж очоод “Би чамайг уучилсан” гэж санваартны ёсоор хандсан байдаг.

Шүхрээр бууж байсан биеэ хамгаалах боломжгүй нисгэгчийг буудаж хөнөөсөн Сирийн туркменүүдтэй хийсэн ярилцлага Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг устгасан өдөр цахим ертөнцөөр дэлхий дахинд цацагдсан юм.

 Алпарслан Челик   /баруун гар талд/         

Энэ туркменүүдийн удирдагч нь “Үндэсний хөдөлгөөн нам”-ын ажилтны хүү, тус намын залуучуудын “Саарал чононууд” жигүүрийн идэвхтэй гишүүн Алпарслан Челик гэгч байлаа.

“Саарал чононууд” Туркийн хэт барууны “Үндэсний хөдөлгөөн нам” болон түүний нэр хүндтэй удирдагч, фюрерийг дээдлэн шүтэгч, улаан фашист хурандаа Алпарслан Тюркешд “Гитлерюгенд”-ийн адил залуучуудын жигүүр хэрэгтэй болсон үед 1960-аад оны эцсээр “төрсөн” аж. “Саарал чоно”-ыг турк хэлээр “Бозкуртлар” гэнэ.

Энэ байгууллагын үзэл суртлын үндэс нь бүх “туран” үндэстнийг лалын шашнаар нь биш, мах цусаар нь харгалзан нэгтгэсэн Туркийн аугаа эзэнт улс байгуулах мөрөөдөл буюу пантюркизм байв.

Энэ үзэл санаа “чононуудыг” аяндаа Иран, Хятад, ЗХУ-д амьдардаг турк хэлтнүүдийн дайсан нь болгож орхижээ. “Бозкуртлар” Ататюркийн үзэл санааны төлөө тэмцэнэ хэмээн мэдэгдэж, өөрсдийгөө “идеалистууд” гэж нэрлэжээ.

“Чононуудыг” үндсэндээ ажилгүй залуучууд, оюутнуудын дундаас олж, улс орон даяар сүлжээтэй болоод байсан лагериудад бэлтгэл дасгал хийлгэж байлаа.

Тус байгууллага айхтар хатуу сахилгаар ойртож нягтарсан хэдэн арван мянган гишүүнтэй боллоо. Түүнийг Тюркеш шууд удирдах болов.

“Чононуудыг” удалгүй Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын нууц ажилтнууд сонирхож эхэллээ. Турк улс НАТО-гийн өмнөд зүгийн тэргүүн эгнээнд байх тул дайн болбол Зөвлөлтийн цохилтод хамгийн түрүүнд өртөх юм гэж үзэн Зөвлөлтийн цэрэг дайраад орж ирвэл ар талд нь партизаны дайн өрнүүлэх нууц байгууллагуудыг бэлтгэх “Гладио” хэмээх ажиллагааг НАТО-гийн гишүүн орнуудын тусгай албад боловсрууллаа.

Коммунизмд яснаасаа дургүйг нь харгалзан гол ачааг зүй ёсоор хэт барууны байгууллагуудад үүрүүлэхээр шийдэв. “Гладио” -гийн Турк дэх салбар нь Америкийн тусгай албадын ивээн тэтгэдэг “Саарал чононууд” боллоо.

Тэгэхдээ “чононууд” ашигтай хэрнээ түвэгтэй холбоотон байв. Тэдний дотор Өрнөдийг ЗХУ-аас дутахгүйгээр үзэн яддаг хүн олон.

“Туркийн ард түмэн бүхнээс илүү” гэсэн уриатай, өөрсдийгөө еврей-масон-коммунизмын хуйвалдааны эсрэг тэмцэх зорилготой гэж үздэг, олж авсан мэдлэг, зэвсэг, мөнгөө дотоод фронт дахь тулаанд зориулахыг хэт баруунтнууд чухалчилна.

“Саарал чононууд” арми, цагдааг оролцуулахгүйгээр зүүний сөрөг хүчинтэй тэмцэх боломжтой болохоор тэд Засгийн газрын хувьд тохиромжтой зэвсэг байлаа.

Түүнээс гадна нийгэмд тогтворгүй байдал бий болгоход эрх баригчид “чононуудыг” ашигладаг, чухам ийм нөхцөлд л иргэд нь дэг журам сахиулах цорын ганц арга, түшиг тулгуур нь болох төр, засгаа дэмждэг гэж үздэг байв. Саяхан болсон сонгуульд чухам энэ тактик нь Эрдоаны намд ялалт авчирсан байна.

“Чононууд” өөрсдөө сэжиглэдэггүй ч тухайн дэглэмийнхээ хяналт дор, түүний сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулсаар иржээ. Тэд зүүнтэн, либерал үзэлтэн, сэхээтэн, ҮЭ-ийн байгууллагын удирдагчид, курдууд, сэтгүүлчид, төрийн ажилтнуудыг алж байлаа.

Тэд Марашт долоо хоногийн дотор 100 орчим алавитыг үгүй хийж, 1977 онд Таксим талбай дээр майн баярын жагсаалд оролцогчид руу гал нээж 42 хүний аминд хүрсэн юм.

Гэтэл эрх баригчид нь эмх замбараагүй байдал бий болгохыг л хичээгээд байлаа. 1980 онд хэсэг генерал цэргийн эргэлт хийж, салан тусгаарлах үзлийн аливаа илрэлтэй баруун солгойгүй тэмцэл хийж эхлэв.

Үүнд “Саарал чононууд” ч өртлөө. Тэднийг 694 удаагийн хүнийг бүрэлгэсэн хэрэгт буруутгахад, Америкийн ТТГ-тай хэлхээ холбоотой нь илэрсэн байна. “Бозкуртлар”-ын үйл ажиллагааг хориглож, ихэнх удирдагчийг нь шоронд хорилоо.

Гэлээ ч энэ байгууллага устаж алга болсонгүй. “Чононууд” нууц байдалд орж, өөрсдийн бодлоор Туркийн дайсан гэж үзсэн бүхний эсрэг өргөн цар хүрээтэй алан хядах ажиллагаа эхлүүлэв.

Хамгийн шуугиан тарьсан нь Ромын хамба лам II Иоанн Павелын амь насанд халдсан үйлдэл байлаа. Шоронгоос оргосон “саарал чоно” Мехмед Али Агжа гэгч 1981 оны тавдугаар сарын 13-нд хамба ламыг тулгаж байгаад буудаж орхив. II Иоанн Павел хүнд шархадсан ч амьд үлдлээ. Агжад насаар нь хорих ял шийтгэж, хожим нь Туркэд шилжүүлж өгсөн.

Хамба ламд халдсан нь мөсөн уулын оргил нь л байжээ. Европт хэд хэдэн улсад Туркийн баруунтны алан хядагчид тус улсын дипломатчид болон энгийн иргэдийн амийг хөнөөсөн армяны АСАЛА байгууллагын алуурчдын эсрэг жинхэнэ дайн зарлалаа.

Энэ тэмцлийн нэг баатар нь Абдулла Жатли гэгч болов. Чухамхүү энэ хүн тухайн үедээ Агжаг шоронгоос оргуулах хэргийг зохион байгуулж, хуурамч бичиг баримтаар түүнийг хангасан байна.

“Саарал чононууд” НАТО-гийн гишүүн орнуудын тусгай албадтай тогтоосон холбоо сүлбээгээ бэхжүүлж мансууруулах бодисын олон улсын мафитай хэлхээ тогтоов.

“Чононууд” дамын наймаагаар Ойрхи Дорнод руу НАТО-гийн нөөцөд байсан зэвсгээс нийлүүлж оронд нь хар тамхи аван Италийн мафиар дамжуулан АНУ руу зөөж байлаа.

1990-ээд оны эхнээс байдал өөрчлөгдөв. Баривчлагдсан “чононууд”-ын ихэнх нь хоригдох хугацаагаа дуусгаж, зарим нь өршөөлөөр суллагдлаа.

Туркийн шинэ удирдагч Тургут Озал улс орноо бүс нутагтаа тэргүүлэгч болгож, ЗХУ задарсны дараа Кавказын чанадад бий болсон нөлөөллийн орон зайг эзлэхийг хичээх болов.

Хурандаа Тюркеш, “Саарал чононууд” хоёр Анкарад дахин хэрэг болж, тус байгууллагын үйл ажиллагааг албан ёсоор зөвшөөрлөө.

Тюркешийг 1992 онд Азербайжанд ирэхэд нь баатрын ёсоор хүлээж авав. Тэрбээр хожим нь Азербайжаны Ерөнхийлөгч болсон, пантюркизмийг дэмжигч Абульфаз Эльчибейтэй Бакуд холбоо тогтоож, дэмжинэ гэдгээ итгүүлэв.

Хэт баруунтан удирдагч хэлсэн үгэндээ эзэн болдог нэгэн аж. Карабахын дайны үед тэрбээр азербайжанчуудад туслуулахаар хэдэн зуун “чоноо” илгээжээ. Энэ дайчид сүүлд нь Чеченьд салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж, тэдний талд тулалдсан байна.

“Чононууд” Туркийн дотоодод ч тэмцлээ үргэлжлүүлсээр, тусгаар тогтнолын төлөө тэмцэж асан курдууд болон зүүнтнүүдийг хөнөөж, Курдистаны ажилчны намын эсрэг ажиллагаанд цагдаа нартай хамтарч ажиллах болов.

Хэт баруунтны энэ “үхлийн эскадроны” гарт 100 гаруй мянган энгийн иргэний амь үрэгдсэн гэж үздэг аж.

1996 онд Абдулла Жатлийн амийг зам, тээврийн зохион байгуулалттай ослоор хөнөөж, Туркийн тусгай албадын захиалгаар тусгай даалгаврууд биелүүлж явснаа Тюркеш үүнээс нэлээн хойно мэдээлж байжээ.

“Миний мэдэж буйгаар бол Жатли төрийн талд ажилладаг байсан. Тэрбээр тусгай албадын нууц ажилтан байсан”. Туркийн Ерөнхий сайд байсан Тансу Чиллер “Тэр буруутай эсэхийг би мэдэхгүй.

Тэгэхдээ улс орон, төр, ард түмнийхээ төлөө буу дуугаргаж, шархандаа шаналж байсан хүмүүсийг бид хүндэтгэн дурсаж байх болно” гэж мэдэгдсэн байдаг.

“Чононууд” үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бас нэг бүс нутаг бол Хятадын Шиньжан-Уйгарын автономит район юм. Энд Зүүн Туркестан улс байгуулахыг зорьдог салан тусгаарлах хөдөлгөөнийг тэд дэмждэг.

Тэгэхдээ ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, оюутан, сэтгүүлчид гээд сэхээтнүүдийнх нь сэтгэл санааг татахыг хичээдэг байна.

Чөлөөт Шиньжаны төлөөх дайн заримдаа Хятадын хилийн гадна болох удаа бий. Үүний хамгийн дуулиантай жишээ нь наймдугаар сард Бангкок (Тайланд)-т болсон алан хядах ажиллагаа юм.

Энд бөмбөг дэлбэрснээс 19 хүн амиа алдаж, 123 хүн шархадсан. Уйгарын нууц тэмцэгчдийг Хятадад барьж өгсний төлөө Тайландаас хонзон авахыг хүсэж “Саарал чононууд”-ын нэг, Туркийн иргэн Адем Карадаг энэ хэргийг зохион байгуулсан гэж сэжиглэдэг байна.

“Чононууд” энэ оны долдугаар сард Туркэд хүртэл олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулав. Рамадан сарын үеэр Шиньжан-Уйгарын автономит районд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Хятадын эрх баригчид хориглосон нь үүний шалтгаан байв.

Энэ арга хэмжээнд оролцогчид “Хятад цус урсгахыг хүснэ” хэмээн хашгичиж, Хятадын далбааг шатааж, Хятадын зоогийн хэд хэдэн газрыг сүйтгэж, хятад хэмээн андуурч солонгос жуулчдыг барьж авч балбасан аж.

Алпарслан Тюркешийн оронд Туркийн үндэсний үзэлтнүүдийн удирдагч болсон Девлет Бахчели гэгч үүнтэй холбогдуулж “Залуучуудаа би буруутгахгүй. Хятадын эрх баригчдын үйлдэж буй шударга бус явдалд тэд их эмзэг ханддаг юм.

Тэгээд ч жартгар нүдтэнүүд хоорондоо адилхан болохоор ялгахад түвэгтэй” гэж хэлсэн аж.

“Чононууд”-ын гадаад дахь гол бааз нь Европ, тэр дундаа Герман, Нидерланд, Бельги улс юм. Тэд энд Туркийн соёлын олон тооны байгууллагын далбаан дор орогноно. Тэгэхдээ “чононууд” Европт нэлээд даруулгатай байдаг.

Алан хядах ажиллагаа ховор үйлдэнэ, курдүүдийг тэр болгон алаад байхгүй. Гэлээ ч эдний аюулыг дутуу үнэлж болохгүйг Европын мэдээллийн хэрэгслүүд анхааруулсаар байдаг. Германы хэвлэлд бичиж буйгаар бол тус улсад 10 гаруй мянган “чоно” байгаа аж.

“Чононууд” Европт турк хүмүүсийн эрхийн төлөө тэмцдэг бол эх орондоо сири хүмүүсийн давхарга бий болгохыг эсэргүүцдэг. 2014 оны долдугаар сард Сирийн дүрвэгчдийн эсрэг жагсаал хийсэн юм.

Тэгэхэд Эрдоаны Засгийн газар баруунтнуудтай харилцаагаа хурцатгахгүй байхыг хичээж, уг жагсаалыг өдөөн хатгагчид зохион байгуулсан биз гэсгээд өнгөрөөж.

Курдистаны ажилчны намын эсрэг тэмцэхэд шаардлагатай бохир ажил хийгээд өгөх холбоотон эрх баригчдад хэрэгтэй учраас тэд ийм аядуу хандахаас аргагүй.

Курдүүд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхэд “Саарал чононууд” түүнийг хөөн тараадаг байна. Онцгой шамдуу “чононууд” нь тулалдахаар Сирийг зорьжээ. Чухам хэдэн “чоно” тэнд очсон нь тодорхой бус.

Үндэсний үзэлтэйгээрээ нэрд гарсан Бурак Мишинжи Сири рүү явахынхаа өмнө “армян, алавитуудын толгойг авна” гэж сүртэй хэлж байсан ч төдийлөн гавихгүй байсаар энэ оны долдугаар сард сири цэргийн суманд оногдож Латакид ясаа тавьжээ.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
195.174.158.6 ..