БИ ГАЗАР ШОРОО, ЭЦЭГ, ЭХДЭЭ ИТГЭДЭГ

2015 оны 12 сарын 17

2006 оноос Боливийн төрийг тэргүүлж байгаа Хуан Эво Моралес Айма нь Испанийн колоничлолоос хойших 400 гаруй жилд энэ албыг хашиж буй Америкийн уугуул иргэдийн анхны төлөөлөл юм.

Тэрбээр 2002 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцоод ялагджээ. Харин 1997-2005 онд Боливийн Үндэсний конгресс (Парламент)-ийн депутат байв.

Эво Моралес (товчоор ийн нэрлэдэг) 1959 онд Исальяви гэдэг тосгонд ядуу амьдралтай, индианы аймара овгийн гэр бүлд төрсөн аж. Эцэг, эх нь 1980 онд төрөлх газар нутгаа орхиж Сан-Францискод ирэн кока тарьж амь зуух болжээ.

Зиндааныхан дундаа Моралес богино хугацаанд нэр хүндтэй болж, 1985 онд ҮЭ-ийн байгууллагын удирдагчаар сонгогдов. Гурван жилийн дараа түүнийг тушаал дэвшүүлж Кочабамба мужийн хэмжээнд энэ байгууллагыг удирдах боллоо.

1980-1990-ээд онд Моралес кокаин үйлдвэрлэлийн түүхий эд болдог бут тарихыг Америкийн санаачилгаар хориглохыг эсэргүүцсэн арга хэмжээнд олонтаа идэвхтэй оролцож байв.

1995 онд НҮБ-ын дэргэдэх мансууруулах бодисын асуудлаарх 38 дахь удаагийн чуулганы хуралдаанд тэрбээр Вена хотноо уригдан очиж Өмнөд Америкийн хөдөө аж ахуйн уламжлалт ургамал болох кокаг хамгаалж үг хэлжээ.

2000-2002 онд тэмцэл хөдөлгөөн ширүүсч, эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур тариачид, уугуул хүн амын эрхийг өргөжүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийг шаардав.

Кочабамба хотын оршин суугчид ч үүнд нэгдлээ. Эмх замбараагүй байдал дэгдээхэд оролцсон, иргэдийг дуулгаваргүй байхад уриалсны учир 2002 оны нэгдүгээр сард Моралесийн депутатын бүрэн эрхийг нь цуцлав.

Үндсэн хуулийн шүүхээр энэ асуудлыг шийдэж байж бүрэн эрхийг нь сэргээсэн аж.

2002 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, зургадугаар сарын 30-нд 20.9 хувийн санал авч өрсөлдөгчийнхөө дараа орж дараагийн шатанд оролцох эрхтэй болов.

Боливийн хуулиар хоёр өрсөлдөгчийн хоорондын өрсөлдөөнийг Парламентын гишүүд хагалдаг байлаа.

Ингээд наймдугаар сарын 5-нд санал хураахад Төрийн тэргүүний алба өрсөлдөгч Гонсало Санчес де Лосадад нь ногдов. Конгрессийн гишүүдийн олонх нь түүнийг дэмжлээ.

Зүүн радикалуудын нөлөө бүхий удирдагч болсон Моралес 2003-2005 онд Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдав.

Эмх замбараагүй байдал намжихгүй, жагсагчид хийгээд хууль сахиулагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсаар хоёр ч Ерөнхийлөгчийг огцруулж орхив.

2003 оны аравдугаар сарын 17-нд де Лосада эх орноосоо зугтаж, түүний халааг авсан Карлос Меса 2005 оны зургадугаар сард албан тушаалаасаа татгалзлаа.

Наймдугаар сарын 2-нд Моралес гүйцэтгэх засаглалын тэрүүний суудалд нэрээ дэвшүүлэв. Тэрбээр бүтцийн өөрчлөлт хийх, нефть, хийн үйлдвэрлэл, байгалийн баялгийг төрийн хяналтад авах, кока тариалахыг хууль ёсоор зөвшөөрөх амлалт өглөө.

2005 оны арванхоёрдугаар сарын 18-нд болсон эхний шатны санал хураалтаар Моралес 53.74 хувийн дэмжлэг хүлээлээ. Тэрбээр юуны түрүүнд нүүрс устөрөгчийн салбарыг улсынх болгов.

Зарчмын санал зөрөлдөөнтэй байсан болон 2007 оны намраас гудамжинд тэмцэл өрнөснөөс депутатууд бараг нэг жил хагасын хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй байснаас Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг сөрөг хүчнийг оролцуулалгүй Засгийн газрыг дэмждэг “Социализмд хүрэх хөдөлгөөн” 2007 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 8-нд нарийвчлан ярилцалгүй баталж орхив.

Моралесийн өөрчлөн шинэчлэгч үйл ажиллагааг эдийн засгийн хувьд хөгжингүй районуудын зүгээс шүүмжлэх боллоо.

2006-2008 онд тэдгээр районд олон хүн оролцсон жагсаал нэг бус удаа болж зүүний Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарах болов.

2008 оны тавдугаар сарын 4-нд Санта-Крус мужид санал хураалт явуулж 80 гаруй хувь нь өөртөө засах эрхтэй байхыг дэмжив. Үүнээс хойш хэд хэдэн мужид ийм үйл ажиллагаа зохион байгуулахад үр дүн нь дээрхтэй төстэй байлаа.

Тэгэхлээр нь хямралыг гэтлэхийн тулд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар 2008 оны наймдугаар сарын 10-нд бүх нийтийн санал хураалт явуулсан чинь сонгогчдын 67 хувь нь Моралесийг дэмжжээ.

2009 оны нэгдүгээр сард Боливт шинэ Үндсэн хууль батлагдлаа. Моралесийн хэрэгжүүлсэн өөр олон шинэчлэлийн хамт энэ хууль түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж олгов. 2010 оны нэгдүгээр сард Моралес тангаргаа өргөж Төрийн тэргүүний үүргээ дахин гүйцэтгэж эхэллээ.

Олон улсын тавцан дээр тэрбээр өөрийгөө АНУ-ын ноёрхлыг тууштай эсэргүүцэгч гэдгээ харуулсаар байв. Империализмыг эсэргүүцсэн эвсэлд түүний ойрын холбоотон нь Уго Чавес, Фидель Кастро, Махмуд Ахмадинежад нар байлаа.

1995, 1996, 2007 онд Моралесийн нэрийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлж байсан юм. Тэрбээр 2008 онд “Time” сэтгүүлийн үзүүлэлтээр дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэг болж байлаа.

Болив нь НҮБ-ын баримтаар дэлхийн кокаин үйлдвэрлэгч томоохон улс юм. Эднийх кокаин тариалдаг 133.700 га талбайтай. Дараа нь Перу (105.000 га), Колумб (48.000 га) орно.

Уг нь Боливийн дотоодын хэрэгцээг хангахад 12.000 га талбай байхад л хүрэлцэх юм. Моралесийн имижийн салшгүй хэсэг нь кокагийн навч, өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр түүнийг тэрбээр байнга зажилж явдаг байна.

Моралес бага сургууль төгсөөд Ориноки хотын хөдөө аж ахуйн техникийн дээд сургуульд орсон ч төгсөж чадалгүй орхижээ. Тэднийх өөр газар шилжиж, бас нэг дээд сургуульд орсон ч дээд боловсролын диплом авч чадсангүй.

Тэгэхлээр нь армид алба хааж, Ерөнхийлөгчийн ордныг хамгаалж явав. Энэ үед Болив улс төрийн хямралаас салж чадахгүй байлаа. 1971 онд Боливийн түүхэнд цэргийн 187 дахь эргэлт болж түүнийг хурандаа Уго Бансер Суарес толгойллоо.

1978 онд түүнийг огцруулж Хуан Переда Асбун гэгч Ерөнхийлөгч болов. Түүнийг тун удалгүй нэг генералын толгойлсон бослого огцруулж орхилоо. 1979 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч нэр дэвшигчдээс хэн нь ч хангалттай санал авч чадаагүй тул цэргийнхэн эрх мэдлийг түр Ерөнхийлөгчид шилжүүллээ.

Гурван сарын дараа түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов. Түүнийг Лидия Гейлер Техада гэнэ. Гэвч тэрбээр улс орондоо нэг жил л тогтвортой байдал бий болгоод 1980 онд ээлжит цэргийн эргэлт болж, иргэний дайн дэгдэв.

Цэргийн албаа дуусгаад Моралес орон гэртээ эргэж ирлээ. Гэрийнхэнтэйгээ кокагаа тарьж амь зуув. Өмнөд Америкийн хүн амын амьдралд энэ ургамал онцгой үүрэг гүйцэтгэдэг юм. Түүнийг гадаадад ч гаргана.

Андын нурууны ард түмэн одоо хэр нь коканы навчийг хэрэглэсээр, мөрөн дээрээ шуудай тохсоор аж төрж байна. Уулархаг нутгийн хүнд нөхцөлд олон төрлийн бодис агуулдаг энэ кока л аминд ордог гэж хэлж болно.

Кока бас нойр сэргээх, өндөр газар даралт багассанаас үүдэлтэй толгойн өвчин намдаах үйлчилгээтэй гэж үздэг. Эрт үеэс кокаг ариун ургамал хэмээн шашны зан үйлд ч ашиглаж иржээ.

Перу, Болив, Эквадор, Колумб, Умард Аргентинд одоо хэр нь энэ зорилгоор хэрэглэсээр буй аж.

“Манай гэрийн ганц хогшил нь эрдэнэ шишийн шуудай байв. Тэр шуудайг сэгсэрч байж л ээж минь биднийг хооллоно. Баяр ёслол болохоор харин борцолсон мах бага зэрэг өгнө” гэж Моралес хүүхэд насаа дурссан байдаг. Дионисио Моралес, Марин Мамани хоёр долоон хүүхэдтэй байлаа.

Моралес хонь хариулж явахдаа өөрийн хийсэн бөмбөгөрхүү юм өшиглөдөг байснаас багаасаа хөлбөмбөгийн хорхойтой болсон аж. 13 настайдаа өөрийн гэсэн баг байгуулсан байна.

Хожим нь бүр бүс нутгийн хөлбөмбөгийн багийг дасгалжуулах үүрэг ч хүлээж байлаа. Хүүхэд байхдаа хонио давс, төмс, эрдэнэ шишээр наймаалцахаар эцгийнхээ хамт хоёр долоо хоногоор явган “тэнэдэг” байжээ.

Сүүлд нь Моралес нэгэн сонины сурвалжлагчтай ярилцахдаа, 14 нас хүртлээ дотуур хувцас гэгчийг мэддэггүй байсан гэсэн нь бий.

...1980 онд цэргийн эргэлтийн дүнд генерал Луис Гарсия Меса гэгч төр тэргүүлэх боллоо. Энэ хүн улс төрийн бүх намын үйл ажиллагааг хориглов.

Түүгээр ч барахгүй кока тариалагчдыг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж нэг өдрийн дотор олон мянган тариачныг цэргүүдээр зодуулж, амьдаар нь шатаалаа.

Ардчилсан холбооны Эрнан Силес Суасо гэгч төрийн тэрүүн болоод ч байдал улам дордов. Тэрбээр АНУ-ын дэмжлэгтэйгээр улсын секторын үлэмж хэсгийг хувьчилсны дотор усаар хангах систем орсноор усны үнэ нь тэнгэрт хадав. Тэгсэн хэрнээ борооны ус нөөцлөхийг хориглов.

Улс оронд олныг хамарсан бослого тэмцэл өрнөж, мөнгөний ханш унаж, ажилгүйдэл газар авлаа. ҮЭ-ийн ажилтан Моралесийн нэр хүнд харин өсөж байв. Гэвч 1983 онд эцэг нь өөд болсноос Моралес ҮЭ-ийн ажлаа орхиж, гэр орноо авч явахаас аргагүйд хүрэв.

Кока үйлдвэрлэгчийн эсрэг эрх баригчдын тэмцэл улам хүчээ авч, АНУ-ын зүгээс ч Боливийн Засгийн газарт шахалт үзүүлж, ийм аж ахуй эрхлэгчдийн эсрэг тэмцүүлэхээр америкчууд цэргээ оруулж ирэв.

Энэ байдлыг Моралес гэрээсээ ажиглаад сууж тэвчсэнгүй. Түүнтэй хамт “Социализмын төлөөх хөдөлгөөн” намд зүтгэж явсан нэгийн ярьснаар бол кокагийн нэг акр талбайгаа устгавал 2500 ам.доллар өгөхийг Моралест санал болгож байжээ.

Энэ нь их мөнгө байсан ч кока тарих нь үндэсний тусгаар тогтнолтой холбоотой асуудал болохыг Моралес сайн ойлгож байв. “Мансууруулах бодистой холбоотой асуудлаа Боливийн ажил хэрэгт хөндлөнгөөс оролцолгүйгээр АНУ өөрөө шийдвэрлэвэл зохино.

Би мансууруулах бодис наймаалагч биш, би кока ургуулдаг, кокаинтай ямар ч холбоогүй үндэснийхээ хүнсний бүтээгдэхүүнийг тариалдаг л хүн. Коканы навчийг худалдсанаар энэ бүтээгдэхүүнд бидний оролцоо дуусдаг юм” гэж Моралес сэтгүүлчдэд ярьж байжээ.

“Моралес өөрийн бодлыг ямагт энгийн бөгөөд тодорхой илэрхийлдэг. Итгэлцэлд ихэд анхаарч, өөрийн зөн совинд түшиглэдэг. Заримдаа ёр, зүүдэндээ хөтлөгдөж ажиллах нь ч бий. Ер нь бол олны хүндэтгэл хүлээсэн хүчирхэг удирдагч.

Бусдыг их сонсдог, хүмүүсээс их суралцдаг, урвахгүй, эрмэг дайчин, хүмүүсийг татах чадвартай хүн”. Нэгэн хамтран зүтгэгч нь түүнийг ийн үнэлсэн байдаг.

Моралесийг үйлдвэрчний байгууллагын зүтгэлтэн байхад нь цагдаа нар зодчихоод ууланд хаячихсан нь угтаа бол алах зорилготой байсан хэрэг. Энэ бол 1988 онд болсон явдал. Хэдэн өдрийн дараа олоход тэр амьд байж.

Эргэлт хийхэд өдөөн турхирсан гэж буруутган 1994 онд Моралесийг шоронд хориход өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийллээ. Түүнийг дэмжиж маргааш нь 3000 тариачин тухайн үеийн нийслэл Ла-Пас хотод жагсаал хийв.

Төрийн эргэлт хийх гэсэн сэжгийг шууд нотлох баримт байхгүй, олон нийт ч Моралест ихээхэн анхаарал тавьж байсны хүчинд түүнийг суллав.

1995 онд бас л Засгийн газрын эсрэг үйл ажилллагаа явуулсан хэмээн дахин баривчилсан ч удалгүй сулламагц Аргентинд орчиж “Социализмын төлөөх хөдөлгөөн” гэдэг намаа байгуулахад бэлтгэлээ.

Тус намыг ажилчин, тариачных гэж хэлж болно. Түүнд уурхайчид, тариачид, Боливийн уугуул үндэстнүүд нэгдсэн байлаа. Аж үйлдвэрийг улсын болгох, кока тариалахыг хуулиар зөвшөөрөх, үндэсний нөөц баялгийг тэгш хуваарилахыг шаарддаг хүмүүс манай намд нэгдэж буй гэж Моралес хэлдэг байж.

Хуан Эво Моралес Айма улсынхаа Ерөнхийлөгчөөр энэ жил гурав дахь удаагаа сонгогдлоо. Болив улс хийгээд Моралесийн өмнөх 79 Ерөнхийлөгчийн түүхэнд ийм явдал тохиож байсангүй.

Түүнийг Төрийн тэргүүн байх үеийн дэглэмийг маш товчоор тус улсын түүхэнд уламжлалыг хамгийн их сахисан, шийдмэг байсан гэж үздэг. Урьд нь хэн ч чадаагүй улс төрийн тогтвортой байдлыг улс орондоо Моралес л бий болгосон байна.

Түүний үед эдийн засгийн бодлого залгамж чанартай болж, улсын төсвийн зардлыг хатуу хянаж, төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж шинжээчид хэлдэг.

Моралес маш идэвхтэй гадаад бодлого явуулж ирэв. Тэрбээр АНУ-ын Элчин сайдыг улсаасаа явуулж, бүс нутгийн бодлогод Америкийн оролцоог таслан зогсоож, Кубыг бүслэн хаах бодлогыг нь нэг бус удаа шүүмжилж байв.

Гондураст болсон цэргийн эргэлт, Фолклендийн арлыг алдахгүйн төлөө тэмцсэн Аргентиний Засгийн газрыг дэмжиж байлаа. Одоо түүний хийхээр зорьж буй юм нь хүмүүсийнхээ амьдралын түвшинг дээшүүлэх явдал болж байна.

Ажилгүйдэл багасаж буй ч Латин Америктаа цалин хамгийн багатай, хүн амынх нь 51 хувь нь өдөрт хоёр ам.долларын орлоготой байдаг юм.

Эво Моралес одоо 56 настай ч албан ёсоор огт гэрлэж байгаагүй. Боливийн тэргүүн хатагтайн үүргийг эгч Эстер Моралес нь гүйцэтгэдэг. Тэгэхдээ Моралес хоёр өөр эхийн хоёр хүүхэдтэй. Бурханд итгэдэг үү гэж асуухад газар, шороондоо, эцэг, эхээ итгэдэг гэж хариулсан байдаг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД