Нуур нууц хадгалж чадна

2015 оны 12 сарын 16

1960 онд Финландын онгон байгальд нэгэн цуст явдал болсны нууцыг тайлах гэж мэргэжилтнүүд оролдоод одоо хэр нь чадаагүй байна.

Бодом нуур бол финчүүдийн амрах дуртай газар. Богино хэрнээ өгөөмөр зун ийш нь олон жуулчин авчирдаг аж.

1960 оны зургадугаар сарын эхээр энд дөрвөн залуу ирсэн нь 15 настай Майла Ирмели Бьорклунг, түүний найз, нас чацуу Анья Тууликки Мяки гэдэг охин, 18 настай Сеппо Антеро Бойсман, Нильс Вильгельм Густавсон гэдэг хоёр залуу байв.

Тэд Хеллунтай хэмээх шашны баярыг зөвхөн хайр дурлалтай хүнтэйгээ хамт угтах ёстой. Тэгэхгүй бол жилийн турш хайртай учрахгүй гэсэн уламжлалт ёсонд итгэдэг байлаа.

Биендээ сайн дөрвөн залуу зургадугаар сарын 3-нд хоёр мотоцикльтой хөдлөв. Асар майхан, загас агнах хэрэгсэл, бэлгэвч, архи дарс ч авахаа мартсангүй. Хөвгүүд архи, дарсыг гэрээсээ гарсан хойно замдаа авсан болохоор эцэг, эх нь яахин мэдэх. Сеппог нуур руу явахад аав нь дургүй байв.


Бодом нуур

Ойд хонох аюултай. Гэвч хүү нь “Нильс бид хоёр спортоор хичээллэдэг, бие бялдар сайтай” гэсээр байгаад сэтгэлийг нь уужруулж дөнгөж.

Финландад хэд хэдэн удаа хэрцгий аллага үйлдсэн алуурчныг цагдаа нар бараг 10 жил хайгаад олохгүй байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрээсээ холдуулахаас айдаг болсон байлаа.

Хөвгүүд түүдэг галаа асаалаа. Хайр сэтгэлтэй залуус нуурын усанд орж, архи дарс ч чамгүй хүртэв. Хөвгүүд нь шөнө загасчлахаар явсан ч үүрээр ганзага хоосон буцаж иржээ. Гэгээ орчихсон байлаа.

Зургадугаар сарын 4-ний 06.00 цагийн орчимд залуусын майхнаас холгүй газарт хоёр эрэгтэй хүүхэд ойд шувуу ажиглахаар ирсэн байна.

Тэд сүүлд майхны амаар эрэгтэй хүний хөл цухуйж байхыг хараад загасчин унтаж байна даа гэж бодсоноо цагдаа нарт ярьсан байдаг.

Цайвар үстэй эрэгтэй хүн майхнаас гарсан бололтой нуур руу явж байхыг ч хүүхдүүд харжээ. Хоёр загасчин байгаад нэг нь кофе чанаж уухаар усанд явж байна гэж таамаглаж.

Үүнээс таван цагийн дараа эндхийн нэг хүү нуурын усанд орохоор явж байгаад майхан байхыг харахад энд тэнд нь зүсэгдсэн, хүн яраглах чимээ ч сонсогдож, холгүй шархадсан залуу хэвтэж байсан нь Нильс байв.

Хүү гэртээ хар хурдаараа ирж, үзсэн зүйлээ аавдаа хэлжээ. Үд болж байхад л хэргийн газар цагдаа нар ирэхэд өмнө нь баахан “амьтан” ирээд тэр газрыг чийрлэж орхисон байлаа.

Янз бүрийн юм нэлээдийг үзсэн цагдаа нар ч нүдэндээ итгэхгүй байв. Майханд мал нядлагч ажилласан гэмээр байлаа. Цогцсуудыг тэр гэхийн тэмдэггүй болгожээ. Ирмелийн толгой их биендээ утас шиг шөрмөсөөр торж байв.

Өмдийг нь шувталсан, цогцосны доод тал нь нүцгэн байлаа. Дөрвөн залуу хүний гурав нь унтаж байхдаа алагдсан, Нильс л толгойгоо чулуугаар цохиулж гэмтсэн байв. Эмч нар түүний амийг аварчээ.

Алуурч үнэтэй мотоциклийг хөндөлгүй орхисон мөртөө юухан хээхэн авсан байлаа. Тэр яарч сандарснаас залуусын цүнхийг сэгсэрч, дотор нь байсан юмыг тараагаад хаячихсан байв.

Ганцаар амьд үлдсэн
Нильс Вильгельм Густавсон

Сеппогийн хуучирсан савхин хүрэм, Ирмелийн цүнх, хүзүүний ороолт, бүх түрийвч, том алчуур, хөвгүүдийн бугуйн цаг, Сеппо, Нильс хоёрын гутал алга болсон байлаа. Алуурчин Ирмелийн цогцсыг бусдынхаас нь илүү элдэвлэсэн байлаа.

Шуугиан тарьсан аллага Финландад 1953 оны хавар эхэлжээ. Тавдугаар сарын 17-нд фермийн аж ахуйтан Кюлликки Сааригийн 17 настай охин алга болов. Тэрбээр сүсэгтэй хүн болоод ч тэр үү хөвгүүдтэй дотносдоггүй нэгэн байжээ.

Тэгтэл түүний дугуй долдугаар сарын сүүлчээр намгаас олдов. Гутал дотор нь хүзүүний ороолтыг нь чихээд орхисон байхыг аравдугаар сарын эхээр олжээ. Бас эрэгтэй хүний хоёр бохир оймс дэргэд нь байжээ.

Аравдугаар сарын 11-нд охины цогцсыг намагт нуусан байхыг олов. Уг хэргийг үйлдсэн байж болох сэжигтэн олон байсны дотор охины эцэг, хормойн донтой эр ч орж байлаа. Энэ хүн сүүлд нь өөр хэргээр шоронд орсон аж. Уг хэргийг илрүүлж чадсангүй.

1959 оны зургадугаар сарын 19-нд Лапландад залуу хос алга боллоо. Тэд амрахаар уул руу явсан байв. Тун сайн эрсэн ч тэдний шарил олдсонгүй. Тэгж байтал бас нэг айхтар аллага тохиолоо. 1959 оны долдугаар сарын 18-нд хоёр охин сураггүй болжээ.

Тэд Финланд улсынхаа зүүн нутгаар аялахаар дугуйгаар явсан аж. Тэд ямар нэг хот суурин газар очих болгондоо гэр орныхондоо цахилгаан явуулдаг, цагдаа нар ч тэдний араас бараг л шил даран ажиж байсан юмсанж.

Долдугаар сарын 27-нд тэднийг Вааранселк нуурын эрэг дээр амьд мэнд байхыг нь хүмүүс харсан байв. Улс орон даяараа сандарцгаан, эрж хайсаар наймдугаар сарын 21-нд цогцсыг нь нуурын эргээс олов.

Тэднийг хайж байсан цэргүүдээс нэг нь гацуур модны мөчир газрын гүн рүү хавж орсон байхыг анзаарч, ухвал охидын цогцос гарч иржээ. Рийта нь тархиндаа гэмтэл авснаас, Эйн нь хутгалуулж амиа алдсан байв.

Дугуйнуудыг нь нууранд хаясан байлаа. Удалгүй 36 настай, хүүхэд байхын л сэтгэхүйн өвчнөөр шаналсан Рунар Холмстремийг сэжиглэн баривчлав. Түүнээс эмэгтэй хүний дотуур хувцас, хутга олджээ. Охидыг тэр алаагүй гээд байлаа.

Шүүх ажиллагаа сунжрав. Шууд нотлох баримт ч байсангүй. Саатуулагдаж байх үедээ Рунар амиа хорлох гэж оролдов. Тэрбээр гаднаас хэн нэгний өгсөн хор уучихжээ. Гэлээ ч эмч нар түүнийг аварч чадлаа.

Холмстрем хоёр дахь удаагаа оролдлого хийж цагаан хэрэгслээр өөрийгөө дүүжлэн хороочихлоо. Бодом нуурын эрэгт аллага болсноос гурав хоногийн дараа ийм юм болжээ. Охидыг алсан хүн энэ биш байсан аж.

Цагдаагийн байгууллага хүчин чармайлт гаргалаа ч Бодом нуурын эрэг дээр болсон хэргийг илрүүлэх ажилд ахиц гарахгүй л байлаа. Харин профессор Йорм Палогийн ном уншигчдын гарт очсоноос хойш зарим юм тодорхой болж эхэллээ.

Бодом нуураас холгүй байх эмнэлэгт 1960 онд Палог туслах ажилтан байхад уг аллага болжээ. Аллагаас хэдэн цагийн дараа хамаг юм нь цус болсон Ханс Ассман гэгч тус эмнэлэгт ирсэн гэж профессор номондоо бичсэн байв.

Тэр хүн фин хэл мэдэхгүй байжээ. Эмнэлгийнхэн цагдаа дуудсан ч ирэлгүй удсан тул нөгөө Ассман гэгч ч яваад өгч. Профессор Палогийн бодлоор бол энэхүү Ассман л алуурчин байв.

Ассман үйлдсэн хэргээ хүлээснийг түүнийг нас барснаас хойш таван жилийн дараа, тухайн үед мөрдөн байцаагч байсан Матти Палоаро олон түмний сонорт хүргэжээ.

Эмчлэгдэхгүй өвчтэй Ассман амь тавихынхаа өмнөхөн бүх юмаа ярьсан байна. Герман үндэстэн Ассман маш сонин намтартай хүн байсан бөгөөд алуурчин байж тун болзошгүй нэгэн байжээ. Эх орны дайны жилүүдэд тэрбээр Польшийн нутаг дээр байгуулсан олноор хорих Освенцим лагерьт харуул хийж байсан аж.

Гэхдээ өөрөө л ийн ярьснаас биш үүнийг нь нотлох албан ёсны баримт үлдээгүй байлаа. Ассманы ярьснаар бол тэрбээр согтууруулах ундаа, мансууруулах бодистой холбоотой хэргээр шоронд сууж байжээ.

Тэнд байхдаа хоригдол еврей бүсгүйд сайн болж, хоёул оргохсон гэж ярьдаг байв. Гэтэл эмэгтэйг нь нүдэн дээр нь хороосноос Ассманы сэтгэл санаа нэг л биш болсон байна. 1945 оны эхээр Ассман Польшийг фашистуудаас чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдэд олзлогджээ.

Гурван ч удаа оргох гэж оролдож. Гэтэл 1949 оны арванхоёрдугаар сарын эхээр нутагт нь буцаасан байна. Тэрбээр 1959 онд Финландын иргэн болов.

Тэгэхдээ үүнээс өмнө Олимпийн тоглолт үзэхээр 1952 оны зун Финландад ирээд байв. 1953 онд Ассман Финландын иргэнтэй гэр бүл болж Суоми хотод аж төржээ.

Гэмт хэрэг судлаачдын үздэгээр бол Ассман алуурчин байж тун болохоор хүн байжээ. Майхандаа унтаж байсан залууст хэрхэн өршөөлгүй цэвдэг хандсан нь, тэднийг нүцгэлсэн байдал нь найз бүсгүйгээ алахаас буцдаггүй хүний л хийх үйлдэл байв.

Хоёрдугаар зэргийн ач холбогдолтой гэснийг нь хасахад л энэ хэрэгт 70 гаруй хүнийг сэжиглэсэн байдаг. Тэдний дотор үйлийн үртэй зугаалгаас ганцаар амьд үлдсэн Нильс Густавсон ч орж. Түүнийг сэжигтний хувиар залхтал нь байцаасан нь мэдээж. Хамгийн сүүлд түүнийг 2004 онд хоёр сараар баривчлаад хангалттай нотлох баримт олсонгүй. Нильс одоо мэдээж нас өндөр болсон ч сэжиг түүнээс арилаагүй л байгаа аж. Хэрэгт холбоотой байж болох сэжиг, баримтыг хадгалсаар шинэ цагийн техник, технологи ашиглан тэдгээрийг судалж нягталсаар байгаа юм билээ. Бодом нуур дээр болсон аллага оньсого хэвээр үлдэж ч болзошгүй. Нуур бусдын нууцыг хадгалж чадна шүү.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД