ПАРИСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР ТҮҮХЭН ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ

2015 оны 12 сарын 15

Улс орнууд хүлэмжийн хийгээ ийм хэмжээгээр бууруулна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн орнуудын 21 дэх чуулга уулзалт Франц улсын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө.

Энэ үеэр 195 орны төр, засгийн тэргүүн эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн Парисын гэрээг санал нэгтэйгээр баталсан тухай Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас өчигдөр мэдээлэв.

Тэд хүлэмжийн хийг хорогдуулахад чиглэсэн түүхэн тохиролцоонд хүрч, холбогдох баримт бичигт гарын үрсэг зурлаа. Энэ баримт бичиг 1991 онд гаргасан Киотогийн протоколыг орлох аж.

Парисын гэрээний зорилго нь дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг 1.5 градус болгох юм. Энэхүү баримт бичигт дурдсанаар хөгжиж буй орнууд 2020 он хүртэл цаг уурын асуудлыг шийдэхэд зориулж 100 тэрбум ам.доллар авч байхаар болжээ.

Уг баримт бичигт гарын үсэг зурсан орнууд энэ мөнгийг өгөх юм байна. Улс орнуудын уур амьсгалын сөрөг үр дагавартай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр гэрээнд заажээ.

Ялгаруулж буй хүлэмжийн хийгээ аль болох богино хугацаанд багасгаж, энэ зууны сүүлчийн хагаст уг хийг ялгаруулах, агаарын найрлагад түүнийг байхгүй болгох хоёрын хооронд тэнцвэр бий болгох, температурыг нэмэх хоёр хэмээс дээш нэмэгдүүлэхгүй байхын төлөө хүчин чармайлт гаргах, олсон амжилтаа таван жил тутам дүгнэж байхаар тохиролцов.

НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман “Дэлхий нийтээрээ анх удаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдвэр гаргалаа.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй 100 орны наймдугаарт жагсаж буй. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшиг болон давтамжийг нэмэгдүүлж байна.

Үүнээс болж сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан” гэв.

Дээд хэмжээний энэ уулзалт өнгөрсөн сарын 30- нд эхэлсэн. Хүлэмжийн хийг бууруулах талаар заавал биелүүлэх анхны түүхэн хэлэлцээр байгуулах нь уулзалтын гол зорилго байв. Зорилгоо ч биелүүлэв.

Р.ЖАРГАЛАНТ, Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД