Хван Гё Ан: Солонгос улс Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын ойрын түнш нь болсон

2015 оны 12 сарын 15

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.

Тэрбээр манай сурвалжлагчийн асуултад хариулсан юм. Дашрамд хэлэхэд БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд манайд ирж байснаас хойш 14 жил гаруйн дараа ноён Хван Гё Аны айлчлал тохиож байна.

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд улс төр, соёл, хүмүүнлэгийн харилцаа амжилттай сайн хөгжиж ирлээ гэж боддог. Солонгос, Монгол хоёр улсын харилцааг Та хэрхэн дүгнэж байгаагаа хэлж өгнө үү?

-Монгол, Солонгос хоёр бол “Ах дүүсийн орон” хэмээн нэрлэгдэх хэмжээний угсаа гаралтай, соёл, оюун санааны хэлхээ холбоо нь бусдаас онцгой улсууд юм.

Хоёр улс энэхүү онцгой харилцаандаа тулгуурлан 25 жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн харилцаа зэрэг бүхий л салбарт гайхмаар хөгжиж ирлээ.

Монгол, Солонгос улсын хооронд Төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийснийг оролцуулаад дээд хэмжээний харилцаа тогтмол үргэлжилж байгаа бөгөөд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн бүтцийн ачаар хоёр улсын худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд 140 дахин өсөж, Солонгос улс Монголын худалдааны дөрөв дэх түнш, долоо дахь хөрөнгө оруулагч улс болсон.

Хоёр улсын иргэдийн хоорондын харилцаа ихэд нэмэгдэж, жил бүр 100 мянга гаруй иргэн харилцан зорчиж байгаа бөгөөд Солонгос улс монгол иргэд хамгийн олноор оршин суугаа гадаад орон болсон.

Мөн хоёр улс Умард Солонгос, Умардын цөмийн асуудлыг хамруулан бүс нутаг болоод олон улсын асуудлаар ч нягт хамтран ажилласаар байна.

Хоёр улс өнгөрсөн хугацааны олон талт хөгжлийн үр дүнд суурилан хамтын ажиллагааны нөөц бололцоог хамгийн дээд хэмжээнд ашиглан иж бүрэн түншлэлийн харилцааг улам илүү бодитойгоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

-Өнгөрсөн хугацаанд Таны хэлснээр иргэдийн харилцаа сайн байлаа. Энэ онд л гэхэд БНСУ-аас 30 шахам мянган хүн манайд ирсэн, манай 60 орчим мянган хүн Өмнөд Солонгост очсон гэх статистик баримт бий.

Цаашдаа хоёр улсын иргэдийн харилцааг өргөжүүлэхийн тулд визний журмыг хөнгөлөх талаар бодож төлөвлөж буй юм бий болов уу?

-Хоёр орны иргэдийн солилцоо нь манай хоёр орны харилцааны бат бөх суурь гэсэн ойлголт дор Солонгосын Засгийн газар Монгол, Солонгосын хооронд иргэдийн харилцааг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авсаар ирсэн.

2012 оноос хойш виз олгох шалгуур болон бүрдүүлэх материалыг тууштайгаар хөнгөвчлөн, олон удаагийн визэнд хамрагдах иргэдийн хүрээг өргөтгөх зэрэг арга хэмжээ авсан.

Үүний үр дүнд өнгөрсөн жилд хоёр улсын 100 мянга гаруй иргэн харилцан зорчлоо. Солонгосын Засгийн газар цаашид ч тохиромжтой арга замаар визний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Монгол, Өмнөд Солонгосын харилцаанд өөлөх юм байхгүй мэт ч эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрэхгүй байгаа.

Тухайлбал, 2015 оны аравдугаар сарын байдлаар худалдааны хэмжээ болон импорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал буурсан байдаг.

Тэгэхээр эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах шаардлага байгаа юм биш үү?

-Монгол, Солонгосын эдийн засгийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш хурдацтай хөгжиж ирсэн.

1990 онд харилцаа тогтоож байсан тухайн үед 2.7 сая ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт 2014 онд 370 сая ам.долларт хүрч, бараг 140 дахин өссөн.

Сүүлийн үед Монголын эдийн засаг түр хугацаанд хүндрэлтэй байгаагийн улмаас хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ буурсан хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломж их байгаагийн хэрээр өөр өөрийн давуу тал бүхий салбарыг уялдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааны төслийг идэвхтэй эрэлхийлэн хэрэгжүүлбэл худалдааны эргэлт зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа илүү нягт хөгжиж чадна гэж бодож байна.

Энэ үүднээс өнгөрсөн гуравдугаар сард эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч гэх мэт салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхийн тулд хоёр улсын тогтмол хэлэлцэх механизм болгон Солонгос, Монголын хамтарсан хороог байгуулсан.

Энэ мэт хичээл зүтгэлийн үрээр харилцан ашигтай хамтын ажиллагааны олон талт төслүүд бий болж, хэрэгжин цаашид хоёр улсын эдийн засгийн харилцааг шат ахиулан дээшлүүлнэ гэж найдаж байна.

-Солонгосын талаас хөрөнгө оруулах, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухайд ямар ирээдүй бий бол?

-Солонгосын Монгол дахь хөрөнгө оруулалтын нийт хэмжээ ойролцоогоор 750 сая ам.долларт (2014 оны сүүлийн байдлаар нийт бүртгэлийн мэдээгээр) хүрч, Солонгосын олон томоохон компани болон жижиг, дунд үйлдвэрүүд Монголын эрдэс баялаг, барилга, бөөний болон жижиглэн худалдаа гэх мэт салбарт хөрөнгө оруулж байна.

Цаашид ч зам тээвэр, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монголын зах зээлд орж ирж байгаа компаниуд улам илүү ил тод, итгэлцэл бүхий бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдвэл Солонгосын компаниудын Монгол дахь хөрөнгө оруулалт ч улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

-Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхэд бид нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй явж ирэв үү? Өнгөрсөн хугацаанд энэ талаар олзуурхмаар амжилт олсонгүй юү гэх бодолтой явдгийг минь та хуваалцах уу?

-1990 онд Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын гадаад худалдаа болон хөрөнгө оруулалт тууштай нэмэгдэж ирсэн.

Хоёр улс харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн бүтэц болоод өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан үзэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих магадлал өндөр гэж бодож байна.

Ялангуяа дэлхийн 10 дахь том баялагтай орны хувьд Монгол Улсад Солонгосын дэвшилт техник, технологийг уялдуулбал харилцан ашигтайгаар эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадна гэж найдаж байна.

-Эдийн засгийн харилцааг ямар салбарт гүнзгийрүүлж, ахиц дэвшил гаргах боломжтой гэж Та үзэж байна?

-Тусгайлан нэг салбараар хязгаарлаж болохгүй ч, хоёр улсын хооронд эдийн засгийг эрчимжүүлэхэд нөлөөүзүүлж болох зам, тээвэр, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны боломж их гэж үзэж байна.

Ялангуяа Солонгос улс төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи болоод үнийн өрсөлдөх чадвартай бөгөөд сүүлийн үед ухаалаг тээврийн систем хэрэгжүүлж байгаа тул Монгол Улсын нэвтрүүлэх гэж буй зам тээвэр, дэд бүтэц барих болон ухаалаг тээврийн систем зэрэг салбарт хамтын ажиллагаа улам нэмэгдэх буй заа.

Мөн өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахын тулд цахилгаан станц барих, эрчим хүч бий болгох, хэмнэх, хянах зэрэг янз бүрийн салбарт болон Монголын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний, ойн зэрэг салбарт ч хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Бүс нутаг, олон улсын тавцан дээр бид биенээ дэмжиж ирсэн. Манай улс АПЕК-ийн гишүүн болох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болох зорилготой байдаг. Үүнд БНСУ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

-Солонгосын Засгийн газар Монголын олон улсын тавцанд идэвхтэй оролцох хүсэл сонирхлыг сайн мэдэж байгаа АПЕК, АСЕАН-ы хувьд одоо шинээр өргөжүүлэх яриа хэлэлцээ хийгдээгүй байгаа хэдий ч цаашид энэ ажил саадгүй хэрэгжинэ гэж найдаж байна.  

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.229.230 За ойн салбарын оруулсанд баярлалаа
122.201.24.146 Энэ баагийгийн айлчлалын нөмрөг дор ОТ гэрээг зурах гэж байна. Зам харгүй хааж байгаа нь уг нөгөө арга хэмжээг хамгаалах утгатай.