“ЭНЭ ЧИНЬ ҮХРЭНД ЭМЭЭЛ ТОХОХТОЙ АДИЛ ЮМ БОЛНО”

2015 оны 12 сарын 10

Ялсан дөрвөн гүрний төлөөлөгч Нюрнбергийн шүүхийг бүрдүүлсэн бөгөөд ЗХУ-ыг Украины прокурор Роман Руденко, Их Британийг прокурор Хартли Шоукросс, АНУ-ыг Дээд шүүхийн шүүгч Роберт Жексон, Францыг ерөнхий прокурор Франсуа де Ментон нар төлөөлсөн юм.

Нэгэн улс хийгээд үзэл суртлыг шүүх хүн төрөлхтний түүхэн дэх анхны хурал Германы Нюрнберг хотноо 70 жилийн өмнө болсон билээ. Энэ шүүх хурал 1945 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 1946 оны аравдугаар сарын 1-ний хооронд болсон.

Уг үйл явдлын талаар Оросын нийгэм, улс төрийн түүхийн архивын захирал Андрей Сорокинтой хийсэн ярилцлагыг сонирхуулья.

-Нацистуудын хэргийг нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэхийг холбоотнууд нэлээд удаан эсэргүүцсэн гэдэг. Тэгээд яаж тохиролцоонд хүрсэн юм бэ?

-Сталинтай ярилцахдаа холбоотнууд нацистын гол гэмт хэрэгтнүүдийг шүүлгүйгээр шууд буудчихъя гээд байсан гэдэг. Черчилль “тэднийг барьмагцаа л өчиггүй буудах ёстой” гэж үзэж байж.

Рузвельт бүр үүнээс ч илүү, 1945 онд Ялтад санал болгохдоо Тегеранд өмнө нь хундага тулгахдаа хэлж байснаа сануулж “Герман-Пруссийн 50 мянган офицерийг заавал устгах” нь зөв гэж үзэж байсан гэсэн.

Германы ирээдүйн талаар бүр “сонирхолтой” төлөвлөгөө ч сэдсэн байдаг. Их Британийн Ерөнхий сайд Черчилль “Хэрэв түүнд (Германд) ирээдүй байгаа бол” гээд өмнөд мужууд, түүний дотор Баварийг нь Германаас тасалж Дунайн холбоонд оруулах санал хэлсэн байдаг.

Рузвельт нь Германыг таван тусгаар улс болгон хуваах бодолтой байсан юм билээ. Энэ мэт хачирхалтай санал холбоотнуудаас олон гарч байжээ. Төрийн байгуулалтын хувьд Германд коммунизм тохирно гэж Черчиллийг хэлэхэд Сталин хариуд нь “Энэ чинь үхэрт эмээл тохохтой адил юм болно” гэж хэлсэн байдаг.

Черчилль, Рузвельт нар шүүхийн ажиллагааг эрх зүйн биш, улс төрийн шинж чанартай байлгахыг санал болгож ч байж. Сталин бол нацистын гол гэмт хэрэгтнүүдийг эхнээсээ л хууль эрх зүйн хүрээнд яллах ёстой гэсэн байр суурьтай байсан.

Чухам энэ ч зарчмын үүднээс Олон улсын шүүхийг байгуулж, дүрмийг нь боловсруулсан.

-Шүүхээр хэргийг нь тасалсан хүмүүс бүгд ял шийтгэлээ эдэлсэн болов уу гэх асуулт олон хүний толгойд байдаг. Удалгүй нэлээд олон хүнийг сулласан гэж зохиолч Максим Кантор “Улаан гэрэл” номондоо бичсэн байдаг.

-Нюрнбергийн шүүх дээр маш цөөн хүний үйлдсэн хэргийг хэлэлцсэнийг ойлгох хэрэгтэй. Шүүхэд ердөө 24 хүнийг л өгсөн юм шүү дээ. Нас барсан нь нэгэнт тогтоогдсон Гитлер, Гиммлер, Геббельс нарыг шүүхэд өгөөгүй. Борманыг эчнээгээр ялласан.

Нацистын гол гэмт хэрэгтнүүдээс Герингээс бусдыг нь дүүжилж хороосон. Геринг хор хэрэглэж өөрөө тонилсон. Шүүхийн бүх оролцогчдийг байлцуулан цаазлах, шатаах, цогцсуудыг Мюнхений зуух руу ачиж аваачсан зэрэг үйл явдлыг бүгдийг тэмдэглэж, хальсанд буулгаж баримтжуулж авсан юм билээ.

Цаазлуулалгүй үлдсэн долоон хүн бүгд хугацаагаа дуустал шоронд байсан. Дараагийн үйл явдал буюу Нюрнбергийн бага шүүхийн үйл ажиллагаа гэж өөр юм бий. Ийм шүүх ажиллагаа 12 удаа Нюрнбергийн цэргийн шүүх дээр болжээ.

Цэргийн энэ шүүхийг АНУ-ын цэргийн эрх мэдэлтнүүд байгуулж, нацист дэглэмийн 200 орчим хүний асуудлыг 1946-1950 онд шийдсэн юм. Үнэхээр 1951 онд гэмт хэрэгтнүүдээс олон хүнийг цагаатгаж, хугацааг нь богиносгосон байдаг.

Олон улсын цэргийн шүүхээс ял авсан Йодль 1953 онд бүрэн цагаатгагдсан ч америкчуудын шахалтаар уг шийдвэрийг хүчингүй болгосныг хэлэлгүй өнгөрч яаж болох вэ. Фашизмын ноёрхлын үеийн үр дагавараас нийгмээ цэвэрлэх ажил Европын бүх улсад түүний дотор ЗХУ-д ч ихээхэн түвэгтэй үйл явц байсан.

Нацистын томоохон гэмт хэрэгтнүүд, тэдний хамсаатнууд олуул зугтаж алга болсон байлаа. Тэгээд ч Зөвлөлтийн цэргийн захиргаа Герман болон эзлэгдсэн бусад орноо нацистын гэмт хэрэгтнүүдэд нэлээд өршөөнгүй хандаж байсан, бүгдийг нь толгой дараалан цээрлүүлье гэвэл цаг ч, хүн хүч ч хүрэлцэхгүй байсан.

Нюрнбергийн цэргийн шүүх ч нацист Германы төр, засгийн бүх байгууллагыг гэмт хэрэгтэн гэж үзээгүй. Тиймээс ч нацист дэглэмийн үед төрийн аппарат удирдаж байсан хүмүүс удаан хугацаанд ажил албаа эрхэлсээр байсан юм.

Фашизм, нацизмын гар хөл бологчдыг бүгдийг шүүхэд өгчихвөл иргэд нь улсаасаа урвах явдал жирийн үзэгдэл болсон байсан орнууд ирээдүйгээ цогцлоох боломжгүйг бүгд ойлгож байжээ. Нацистын Германы удирдагчдыг энхтайван, хүн төрөлхтний эсрэг цэргийн гэмт хэрэг хийсэн гэсэн гурван гол үндэслэлээр ялласан юм шүү дээ.

-Фашистуудтай хамтарч ажилласан Украины үндсэрхэг үзэлтнүүдийн хэргийг дөрвөн гүрний төлөөлөгчид оролцсон шүүх авч хэлэлцсэн. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явж буй маргаанаас үзвэл энэ тухайд Орос, Украины түүхчид санал зөрүүтэй байдаг юм байна.

-Энэ маргаан ужгирсан. Хамгийн сүүлд НҮБ дахь Украины төлөөлөг чид мэдэгдэхдээ холбоотнууд болон НҮБ-д ЗХУ дарамт шахалт үзүүлж байж Украины үндэсний үзэлтнүүдийн байгууллагыг гэмт байгууллага гэж хүлээн зөвшөөрүүлсэн хэмээн мэдэгдсэн.

Энэ байгууллагыг гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэр үед ЗХУ тэмцээгүй юм. Уг байгууллагыг гэмт хэрэг хийгээгүй гэж үзсэн дээ ингээгүй, тодорхой асуудал хэлэлцэж буй Олон улсын шүүхийн авч үзэх асуудал биш гэж үзсэнээс тэгсэн хэрэг.

Германд эзлэгдсэн Европын орнуудаас нацистуудтай хамтарч ажиллаж, эрүүгийн хэрэг үйлдэж байсан урвагч этгээдүүдээс ганцыг нь ч хэрэгтний сандалд суулгаагүй. Нюрнбергийн шүүх цэргийн гэмт хэрэгтнүүдийн асуудлыг л ярилцсан. Үүнд нацист нам, цэргийн байгууллагын удирдлага багтсан.

Украины үндсэрхэг үзэлтнүүд нацистуудтай нягт хамтарч ажиллаж байсан нь шүүх ажиллагааны явцад тодорхой болсон юм.

Адмирал Канарисын удирдлага дор Цэргийн тагнуулын байгууллага (Абвер)-д удаан хугацаагаар ажиллаж байсан хошууч генерал Лахузенийг 1945 оны арваннэгдүгээр сард байцааж байсныг, Украины үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн “Галичина” дивиз бүрэлдэхүүнд нь ордог байсан СС-ийг Нюрнбергийн шүүх гэмт хэрэг үйлдсэн байгууллага гэж үзсэнийг жишээ болгон дурдаж болно.

Украины үндэсний үзэлтнүүдийн удирдагч Шухевич, Бандера нар Абверийн ажилтан байсныг ч хэлж болж байна. Германы зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд командлагч, Германы Засгийн газрыг гэмт байгууллага гэж үзэхээс Нюрнбергийн шүүх татгалзсан.

Энэ шийдвэртэй Зөвлөлтийн тал санал нийлэхгүй байгааг манай төлөөлөл Иона Никитченко илэрхийлж байсан юм. Энэ шүүхийн ажиллагаанд дутагдал, доголдол байсныг хүлээхээс аргагүй.

-Нюрнбергийн шүүхээр авч хэлэлцэхгүй асуудлуудын жагсаалтыг санаачлагч нь Өрнөдийн орнууд байсан. Тэд чухам юуг хэлэлцэхгүй байхыг хүсээд байв?

-Тухайлбал, британичууд өөрсдийг нь буруутгаж болзошгүй зүйлүүдийн жагсаалт бүхий санамж бичиг бэлтгэсэн байсан. Шүүхийн үйл ажиллагаанд энэ мэт хориг саад их байжээ. Энэ мэтээр Нюрнбергийн шүүх ажиллагааг шүүмжилдгийг анхаарахгүйгээр улс төрийн нөлөө огт байгаагүй гэж үзэх боломжгүй юм.

-Нюрнбергийн олон улсын шүүхийн 70 жилийн ойд зориулж танай архив цахим үзэсгэлэн бэлтгэсэн. Түүнд сонирхол татам юм юу байна ?

-Мэдээж, фото зураг. Тухайлбал, гол гэмт хэрэгтнүүдийн нэг Герингийн сэтгэл зүйн байдлыг олон талаар харуулсан зураг бий. Холбоотнуудын прокуроруудын нэг нь агуулгын хувьд тийм ч хурц гэмээргүй үг хэлсний дараа түүний сэтгэл санаа тун дажгүй болчихсон байгаа, ялын тогтоол уншсаны дараа Нацистын Германы хоёрдугаар хүн шал өөр болоод санаагаар уначихсан байгааг эндээс харж болно.

Гесс ухаан нь орж, гарсан хүний дүрд тоглохыг оролдож буйг харуулсан зураг ч бий. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрийг эсэргүүцсэн ЗХУ-ын Дээд шүүхийн орлогч дарга Иона Никитченкогийн хэлсэн мундаг үг байгаа.

Вермахтын Жанжин штаб, түүнийн командлал, нацист Германы Засгийн газрыг гэмт хэрэг хийсэн байгууллага гэж яагаад хүлээн зөвшөөрөөгүйг ойлгож, хүлээн авахад их түвэгтэй. Нацист дэглэмийг оршин тогтнуулж байсан бүх бүтцийг шүүх ажлыг холбоотнууд янз бүрийн шалтгаанаар эцэст нь хүргэж чадаагүй л юм билээ дээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД