АЗИЙН ТӨМӨР ХАТАГТАЙ

2015 оны 12 сарын 03

Янгоны нисэх онгоцны төв буудалд 2010 оны арваннэгдүгээр сард

хүү Ким Аристайгаа уулзав.

Аун Сан Су Чи 1945 онд төржээ. Эцэг нь Бирм улсынхаа орчин цагийн зэвсэгт хүчнийг үндэслэгч бөгөөд улсаа тусгаар тогтнуулах асуудлаар 1947 онд Британийн эзэнт улстай хийсэн хэлэлцээрт оролцож байв.

Гэвч Засгийн газрынхаа хэд хэдэн гишүүний хамт 1947 онд алагдсан тул Аун Сан Су Чийг нэртэй улстөрч ээж Кхи Чи нь өсгөж хүмүүжүүлсэн байна. Эднийх бас хоёр хүүтэй байв.

Кхи Чи 1960 онд Энэтхэгт суух Элчин сайдаар томилогдлоо. Охин нь ч хамт явж Шинэ Дели хотод боловсролоо үргэлжлүүлэв. 1964 онд коллеж дүүргэж, Оксфордын их сургуульд элсэж, 1969 онд философи, улс төр, эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгслөө.

Тэгээд Нью-Йоркт амьдарч, голчлон санхүүгийн ажил эрхлэн, НҮБ-д гурван жил ажиллав. Төвд судлаач Михаэль Эйристэй 1972 онд гэрлэлээ. Тэд Александр, Ким гэдэг хоёр хүүтэй болов.

1985 онд Лондоны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж философийн ухааны доктор боллоо. Тэрбээр 1990 онд энэ сургуулийнхаа хүндэт гишүүнээр сонгогдсон юм.

Өвчтэй эхийгээ асрахаар Аун Сан Су Чи Бирмдээ эргэж ирлээ. Удалгүй ардчиллын төлөөх хөдөлгөөнийг тэргүүлэв. Бутанд аж төрж байсан Михаэль Эйрис нь 1997 онд түрүү булчирхайн хорт хавдартай, тэр нь эмчилгээ авахгүй гэсэн оноштой болсон байна.

Гэвч түүнийг Бирмд ирэхийг нь Засгийн газар зөвшөөрсөнгүй, Аун Сан Су Чи ч цэргийн хунт буцаж ирэхэд нь хилээ хаачих байх гэж болгоомжлон Бутан руу явахыг зүрхлэхгүй байлаа.

Олон жил Бирмийн цэргийн болон эрх баригч намын удирдагч байсан генерал Не Вин 1988 онд Аун Сан Су Чийг Бирмдээ буцаж ирэхэд нь огцорсон юм. Үүний дараахан ардчиллыг шаардсан олон түмний жагсаал 1988 оны наймдугаар сарын 8-нд боллоо.

Бирмчүүд наймын тоог бэлгэддэг учир 88.8.8-ыг нь их сайн өдөр гэж үзсэн аж. 26-ны өдөр Аун Сан Су Чи хагас сая хүн оролцсон цуглаан дээр үг хэлж, ардчилсан засаглал тогтоохыг уриалав.

Харамсалтай нь түүхэнд “8888-ын бослого” гэж нэрлэгдсэн тэмцлийг хатуу ширүүнээр дарлаа. Ингээд есдүгээр сард цэргийн шинэ хунт улс орны эрхийг авав.

Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын хүч үл хэрэглэх сургаал хийгээд Буддын шашны үзэл баримтлалыг удирдлага болгон эх орондоо ардчилсан засаглал тогтоохын төлөө тэмцэлд Аун Сан Су Чи шулуудаж, 1988 оны есдүгээр сарын 27-нд “Ардчиллын төлөө үндэсний холбоо” гэдэг нам байгуулав.

Гэтэл 1989 оны долдугаар сарын сүүлчээр түүнийг гэрийн хорионд оруулж, гадагшаа явбал суллах амлалт өгсөн ч Аун Сан Су Чи зөвшөөрсөнгүй.

1990 онд цэргийн хунт Парламентын сонгууль явуулав. “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам 59 хувийн дэмжлэг хүлээж Парламентын суудлын 80 хувийг нь авлаа. Харин Аун Сан Су Чийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрөөгүй учраас тэрбээр депутат болж чадсангүй.

Тиймээс шинэ Засгийн газрын Ерөнхий сайд болохоор шийдэв. Гэтэл цэргийн хунт сонгуулийн дүнг цуцалж, эрх мэдлээ шилжүүлэхээс татгалзлаа. Аун Сан Су Чи ч төрөлх Янгон хотдоо гэрийн хорионд үлдэв.

Ийн аж төрж байхдаа тэрбээр Европын Парламентын Сахаровын нэрэмжит шагнал, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Харин шагналуудыг хоёр хүү нь очиж авчээ.

Аун Сан Су Чийг намынхаа бусад удирдагчийн хамт машинаар Янгон хотод явж байхад нь 1996 оны арваннэгдүгээр сарын 9-нд төмөр гинж, бороохой, чулуугаар зэвсэглэсэн 200 орчим хүн довтолжээ.

Тэднийг цэргийн эрхтэнүүдийн Засгийн газар хөлсөлсөн гэх таамаг байдаг. Энэ үйлдлийнх нь төлөө Аун Сан Су Чи-гийн нам цагдаа нарт хандаж, мөрдөн байцаалт явуулсан ч юу ч бололгүй тэгсгээд өнгөрсөн байна.

Аун Сан Су Чи 1988-2010 оны хооронд нийтдээ 15 жил гэрийн хорионд байжээ. Түүнийг намынхан хийгээд гадаадын зочидтой уулзахыг нь зөвшөөрдөггүй байв. Гэрийн хорионд байхдаа гүн ухаан, улс төрийн ном уншиж, төгөлдөр хуур хөгжим тоглодог байсан гэж тэрбээр хожим нь сурвалжлагчид ярьсан байдаг.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг эднийхээр орохыг бас хориглодог байж. Зөвхөн Засгийн газрын төлөөний хүмүүс л түүнтэй уулзана. Цэргийн хунтын удирдагч, генерал Тан Шве 1994 оны есдүгээр сарын 26-нд ирж уулзжээ.

Гэрийн хорионд байхад Аун Сан Су Чигийн бие хэд хэдэн удаа муудаж, эмнэлэгт хүргэгдэж байсан аж. Түүнийг “Энх амгалан байдлыг сүйтгэгч, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж чадах хүн” гэж Мьянмар (Бирм)-ын Засгийн газар үздгээс гэрийн хорионд байлгадаг байв.

Иргэдээ шүүхийн шийдвэргүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорихыг эрх баригчдад зөвшөөрсэн 1975 оны Төрийн хамгаалалтын тухай акт гэдэг баримт бичгийн заалтыг Аун Сан Су Чигийн эсрэг ашигладаг байлаа.

Тэр үед Мьянмарт улс төрийн 2100 хоригдол байсан бөгөөд тэднийг суллуулах гэж олон улс, улстөрчид тэмцдэг байлаа. Хунтын байгуулсан “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам 20 жилийн хугацаанд 2010 онд анх удаа сонгуульд ялж Аун Сан Су Чийг суллахыг Засгийн газар нь зөвшөөрөв.

Цэргийн хунт, Аун Сан Су Чи хоёрыг хэл амаа ололцдог болгох гэж НҮБ багагүй чармайлт гаргаж байлаа. Аун Сан Су Чийг 2002 оны тавдугаар сарын 6-нд чөлөөлөхөд НҮБ-аас хийсэн нууц яриа хэлэлцээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв.

“Ийн суллаж буй нь бие биендээ итгэж буйн илрэл” гэж Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэж, “Улс оронд маань шинэ өглөөний үүр цайлаа” гэж Аун Сан Су Чи зарласан ч 2003 оны тавдугаар сарын 30-нд 1996 оныхтой адил явдал болж, төрөөс дэмжлэг хүлээсэн хэсэг хүн сөрөг хүчний удирдагчийн цуваа руу довтолж олон хүний амь хороож, шархдуулав.

Жолоочийнхоо тусламжтайгаар Аун Сан Су Чи эндээс зугтаж чадсан ч удалгүй баригдлаа. Улс төрийн эмх замбараагүй байдлаас хамгаалж буй гэх нэрээр түүнийг Янгонд нь шоронд хорьсноо гэрийн хорионд орууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ибрахим Гамбари 2006 онд ирж Аун Сан Су Чийтэй уулзав. Дараа оны намар нь Аун Сан Су Чи болон генерал Тан Шве нартай яриа хөөрөө хийхээр мөнөөх Ибрахим Гамбари буцаж ирлээ.

Улсын телевизээр Гамбаритай хийсэн уулзалтыг харуулсан нь сүүлийн дөрвөн жилд Аун Сан Су Чи олон түмний нүдэнд анх удаа харагдсан явдал болов.

Нобелийн шагналын мөнгөнөөсөө ашиглахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн Мьянмарын төрийн хэвлэлд Аун Сан Су Чи-г 2007 оны нэгдүгээр сард буруутгав.

Мьянмарын Засгийн газраар ардчилсан өөрчлөлт хийлгэж эхлүүлэх, сөрөг хүчнийхнийг суллуулах зорилго өвөрлөж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2009 оны долдугаар сарын 3-нд тус улсыг зорилоо. Тэрбээр эндээс явахдаа Аун Сан Су Читэй уулзахыг генерал Тан Шве зөвшөөрөөгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхээс аргагүй болсон байна.

2010 оны арваннэгдүгээр сарын дундуур Аун Сан Су Чи-г гэрийн хорионоос суллагдахад нь Бан Ги Мүн түүнтэй утсаар холбогдож баяр хүргэсэн байна. Бан Ги Мүн 2012 оны дөрөвдүгээр сарын эцэс, тавдугаар сарын эхээр Мьянмарт дахин айлчлав. Парламентын гишүүнээр сонгогдоод байсан Аун Сан Су Читэй уулзаад түүнийг “дэлхий дахины итгэл найдварын бэлгэ тэмдэг” гэж нэрлэсэн юм.

Аун Сан Су Чигийн хүү Ким Арис 2010 оны арваннэгдүгээр сард ээжийгээ суллагдсаны дараа Мьянмарт ирэх зөвшөөрөл авав. Энэ бол сүүлийн 10 жилд олдсон ээжтэйгээ уулзах анхны боломж байлаа.

Ээжийгээ 2003 оноос хойш Янгон хотоосоо анх удаа гарч өөр газар очиход нь дагалдахаар Ким дараа оны долдугаар сард дахин ирэв.

2011 оны арваннэгдүгээр сард болсон “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдагчдын уулзалтаас Парламентын ээлжит бус сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.

Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар хийсэн бага хуралд Аун Сан Су Чи оролцов. Тэгээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Мьянмарт ирүүлэхээр тохиролцсон аж.

Янгон хотод байдаг Америкийн дипломатчдын өрөөнд Су Чи, Хилларитай уулзав. 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават ирж Су Читэй уулзлаа. Энэ нь Мьянмарын сөрөг хүчний удирдагч гадаадын том зочидтой анх удаа уулзсан тохиол байв.

Аун Сан Су Чи дөрөвдүгээр сарын 1-нд товлогдсон Парламентын ээлжит бус сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 2012 оны нэгдүгээр сарын 18-нд бүртгүүллээ. Тэрбээр эрх баригч “Эв санааны нэгдэл, хөгжлийн холбоо” намаас нэр дэвшигчтэй өрсөлдөх болжээ.

Гуравдугаар сарын 14-нд улсынхаа телевизээр Аун Сан Су Чи анх удаа үг хэлж улс төрийн өөрчлөлт хийх, хүний эрхийг хүндэтгэх, шүүхийн бие даасан тогтолцоо бий болгохыг уриаллаа. Гэтэл уг үгээс эрх баригч цэргийнхэнтэй холбоотой хэсгийг нь хасаж олон түмэнд хүргэсэнгүй.

Сонгуулийн өмнөх сурталчилгааны үед олон удаа хууль зөрчиж буйд эрх баригчид хийгээд дэлхийн олон нийтийн анхаарлыг Аун Сан Су Чи хэд хэдэн удаа хандуулав.

Сөрөг хүчнээс нэр дэвшигчдэд эрх баригчдын зүгээс дарамт үзүүлж, сурталчилгаа хийхэд нь саад учруулахыг оролдож, сонгогчдын нэрсийн жагсаалтад луйвар, залилан хийж байгааг тэрбээр байнга илчилж байлаа.

Гэхдээ улс орныхоо эв нэгдлийг хадгалах үүднээс сонгуульд оролцохоо болихоор “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам шийдвэрлэв.

2015 оны Парламентын сонгуульд тус нам оролцож ялалт байгуулсныг бид мэднэ.

Харахад уяхан туяхан, “хариугүй амьтан” гэмээр ч нугаршгүй энэ эмэгтэйг одоо дэлхий даяар мэдэх болсон. Түүний эр зоригийг үнэлдэг, бахархдаг, үзэн яддаг хүмүүс олон.

Тэрбээр зургадугаар сарын 19-нд эхээс мэндэлсэн юм билээ. Энэ онд 70 нас хүрлээ. Түүнийг 2013 оны төрсөн өдрөө тэмдэглэхэд Бирмийн армийн удирдагчдын нэг, ерөнхий командлагч байсан генерал Тин У “Улс орныхоо төлөө ажиллах боломж олгохуйц албыг Су Чи хаших ёстойг бид одоо ойлгох учиртай.

Аун Сан Су Чи улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрмэлзлийг нь дэмжихийг би армиасаа хүсэж, гуйж байна” гэж хэлсэн байдаг.

Харамсалтай нь Аун Сан Су Чид ийм боломж олгохгүй нь. Энэ нь 2008 онд баталсан Үндсэн хуульд нөхөр (эхнэр) нь юм уу гэр бүлийн гишүүд нь гадаадын харьяалалтай хүний нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй гэсэн заалт байдагтай холбоотой аж. Су Чигийн талийгаач нөхөр нь Английн иргэн, хоёр хүү нь ч тэндхийн иргэний харьяалалтай юм байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД