ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ЧАДВАРЫГ НАТО БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2015 оны 12 сарын 03

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөний эхний өдрийн дүнгээр тус эвслийн тэргүүн Йенс Столтенберг сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Туркийн Инжирлик бааз дээр нисэх онгоцуудаа байрлуулахад бэлнээ Их Британи илэрхийлсэн, Дани ч Газар дундын тэнгисийн зүүн эрэг рүү хөлөг онгоцуудаа илгээнэ гэж хэлсэн байна.

Туркийн батлан хамгаалах чадварыг ийн бэхжүүлж буй нь Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбоогүй, тус улсын хилийг бэхжүүлэх шийдвэрийг Сирид Орос байлдааны ажиллагаа эхлүүлэх, Оросын онгоцыг устгахаас өмнө гаргасан байсан юм гэж Столтенберг онцолсон аж.

Гадаад харилцааны сайд нарын зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан мэдэгдэлд “Туркийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх өөр хувилбаруудыг холбоотнууд бэлтгэж байна. Энэ ажил ойрын үед дуусна гэж хүлээж байгаа” гэж өгүүлжээ.

НАТО-гийн зүүн өмнөд хил дээр байдал тогтворгүй байна гэж сайд нар үзэж буй аж. Эвслийн аюулгүй байдал нэгдмэл, холбоотнууд Турктэй эв санал нэгтэй гэж дээрх баримт бичигт тэмдэглэсэн байна.

Эвслийн холбоотнууд нь өөрийн агаарын орон зайг хамгаалах Анкарагийн эрхийг дэмжиж буй. Түүний зэрэгцээ Москватай зөрчилдөөнөө намжаах талаар гаргаж буй хүчин чармайлтад нь ч талархаж байгаа гэж Столтенберг өнгөрсөн сарын 30-нд мэдэгдэж байсан билээ.

Эвслийн орнууд цэргийн төсвөө хорогдуулахаас татгалзаж, аюулгүй байдлаа хамгаалах салбарт оруулах хөрөнгөө нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа аж. Столтенбергийн хэлснээс үзвэл гишүүн орнуудын цэргийн төсөв ДНБ-ий хоёр хувийн түвшинд байх ёстой гэнэ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД