ОЛЛАНД ОЛСНЫ ҮЗҮҮРЭЭС ШҮҮРЭЭД АЛДАВ УУ

2015 оны 12 сарын 03

Франсуа Олландын унаж, боссон түүх, ялангуяа саяхны явдал нь аймшигтай эмгэнэлт явдлыг ч туршлагатай улстөрч өөрт ашигтайгаар эргүүлж чаддагийн гайхалтай жишээ боллоо.

Хэдхэн сарын өмнө тэрбээр улс төрийн үхдэл мэт байсан юм. Нийгэм нь бараг тэр аяараа түүнийг эсэргүүцэж байв. Баруунтнууд түүнийг ижил хүйстэн гэр бүлийн асуудлаар, зүүнтнүүд болохоор эдийн засгийн санаачилгуудыг нь шүүмжилж байлаа.

Уламжлалт гэр бүлийг хадгалж үлдэхийг шаарддаг хуучинсаг үзэлтнүүд буюу Францын “дуу цөөтэй олонхийн” төлөөлөгчид болон төсвийн зардлыг хасаж, татвар нэмэгдүүлснийг эсэргүүцсэн ажилчид мөр зэрэгцэн тэмцэлд нэгдэж байв.

Авлигын хэл ам Засгийн газрыг ч доргиож, Төсвийн сайд Жером Каюзак нь суудлаасаа ховхорч байлаа.

Ерөнхийлөгч болсноосоо хойших гурван жил хагасын хугацаанд Олланд сонгогчдынхоо урмыг хугалж байв. Тэрбээр сонгуулийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэхгүй, Оростой ам мурийж, улс орноо дүрвэгсдийн хямралд оруулж, ажилчид, бизнесмэн, зүүнтэн, баруунтны дургүйг хүргэв.

Хамгийн онцгүй нь өөрийгөө улбагар улстөрч болгож харагдуулав. Улс төрийн тэнхээ султайг нь дайруулж түүнийг “Пепе” (өвөө) гэж нэрлэх ч болж. Тав дахь БНУ-ын түүхэнд Франсуа Олланд хамгийн нэр хүнд муутай Ерөнхийлөгч гэгдэх болов.

Түүний улс төрийн цаашдын хувь заяа үндсэндээ мэдээжийн болж, 2017 онд ялагдаж, баруун төвийнхөн эрх мэдлийн тавцанд гарч ирэх нь зайлшгүй гэцгээх болов. Гэтэл Парист алан хядах ажиллагаа үйлдсэн явдал энэ хүнд дахин нэг боломж авчрав уу гэлтэй.

Францын нийслэл айдас хүйдэс, эмх замбараагүй байдалд автаад ирсэн чинь нугаршгүй Ерөнхийлөгч бий болох нь тэр. Парист буун дуу намжаагүй байхад Олланд телевизийн дэлгэцнээ гараад ирэв. Тэрбээр итгэлтэй, эрс хатуу үг хэлж, иргэддээ итгэл найдвар төрүүлж эхэллээ.

Бүх хүчийг дайчлан төвлөрүүлж, цэргийн анги, салбаруудыг Парис руу татан авчирч, улс орондоо онц байдал тогтоож, хилээ хаав. “Франц улс алан хядлагатай нүүр учраад хүчирхэг болох ёстой.

Эрх баригчид нь эрс зоримог шийдвэр гаргана. Аймшигт явдлын өмнө өөрийгөө яаж хамгаалах, хүчээ хэрхэн дайчлахаа мэддэг, алан хядагчдыг дахин ялах чадалтай үндэстэн бий болно. Францын иргэд ээ, аюулыг зайлуулж буй Засгийн газар, тусгай албадынхаа үйл ажиллагаанд итгэж байхыг та бүхнээс хүсэж байна” гэж тэрбээр хэлсэн юм.

Ерөнхийлөгчөөсөө сонсохыг хүсэж байсан ч Олландыг хэлнэ чинээ францчууд бодож байгаагүй үгээ ийн сонсов. Барьц алдаагүй, Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр байр байрандаа байна, нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байна гэдгийг “өвөө” харууллаа.

Парист аллага үйлдсэний дараахнаас Олландын чансаа даруй 15 хувиар суга дээшлэв. Нөгөө улс төрийн үхдэл чинь гэнэт сэрж, оноо авч гарлаа. Өөрийн ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нүдэн дээр шийдвэртэй, хатуу чанд үйл ажиллагаа явуулах ёс суртахууны зөвшөөрлийг тэрбээр авлаа.

Асуудлыг “ямааны махыг халуун дээр нь” гэдэг зарчмаар шийдэхээр Францын Ерөнхийлөгч хөдлөв. Эх орноо хамгаална гэдэг хамгийн аятайхан ажил биш ч гэсэн алан хядах ажиллагаанаас хойш армийн эгнээг өөрийн биеэр зузаатгах хүсэлт өдөрт 1500 ирэх болсон.

Сирид явуулж буй байлдааны ажиллагаа эх орноо аугаа болохыг нь шалгах боломжийг францчуудад олголоо гэж “le Courrier de Russie” сонины ерөнхий эрхлэгч Жан-Феликс дэ ля Виль Бож хэлсэн байх юм.

Олланд иргэдийнхээ хүсэж байсныг хийж байна. Лалын дайчдад цохилт өгөхөө амлаж, “Исламын улс”-ын эсрэг агаарын довтолгоонд оролцохоо зарлаж, Сирийн эрэг рүү “Шарль де Голь” хөлөг онгоцоо илгээж, алан хядлагын эсрэг эрчимтэй тэмцэх зорилгоор Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг санал болголоо.

Түүнээс гадна Орос, Америк, Англи, Турк, Герман, Итали болон бусад улсыг оролцуулсан лалынхны эсрэг “өргөн эвсэл” байгуулах гэж хэзээ ч байгаагүй дипломат хүчин чармайлт гаргав.

Олланд өнгөрсөн сарын 23-нд Парист Дэвид Кэмеронтой уулзаж, Америк руу Обама дээр нисэж оччихоод Европ руу эргэн ирж Меркельтэй саналаа солилцчихоод, 26-нд Москвад Путинтэй ярьж суулаа.

Маргааш нь Мальта улсад болсон Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ням гаригийн орой Канадын тэргүүнээр саяхан сонгогдсон Жастин Трюдо, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай яриа өрнүүлсэн юм.

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал өнгөрсөн сарын 30-ны даваа гаригт Парист нээгдэв. Түүнд 150 орчим улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн очжээ.

Парис руу нисэхээр зэхэж байгаагүй удирдагчид ч Францтай эв санаагаа илэрхийлж буй ийм нөхцөлд тэнд очихгүй бол бусдын гайхлыг төрүүлнэ хэмээн үзэж Парист ирсэн байна гэж уг Бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Пьер-Анри Гиняр тайлбарласан байсан.

Гэхдээ Францын төслөөр байгуулах өргөн эвсэл сайхан мөрөөдөл болж үлдэж мэдэхээр болчихлоо. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаны талаар Москва, Өрнөдийн санал зөрөлдөөнд Москва, Анкарагийн хоорондын зөрчилдөөн “гал руу тос хийсэн” мэт нэмэр болов.

Энэ явдал Олландын хувьд тун санамсаргүй явдал боллоо. Орос, Туркгүйгээр “өргөн эвсэл” байгуулах тухай юугаа ярих билээ. Москвад Путинтэй уулзаад Анкаратай эвдрэлцэхгүй байх зүгт алхуулж гишгүүлэх гэж Олланд оролдоод олигтой үр дүнд хүрээгүй.

Харин Оросын гаар сансрын хүчин тагнуулын мэдээллээ францчуудтай солилцож байх, зорилгоо тохиролцох, “Исламын улс”-ын эсрэг тэмцэхэд хүчээ нэгтгэх амлалтыг л Путинээс авч чадсан юм.

Москвад хийсэн түүний энэ аялал дотоод фронт дээр л үр ашгаа өгч магадгүй. Францын Ерөнхий сайд байсан, одоо БНН-аас депутат болчихоод байгаа Франсуа Фийон “Бид Европын зүгээс авч буй хоригийн бодлогыг баримталж байгаа хэрнээ оросуудтай мөр зэрэгцэн ажиллаж чадах уу” гэсэн эгзэгтэй асуулт тавиад “чадахгүй” гэж өөрөө хариулсан байдаг.

Гэхдээ Олланд Оростой хэл амаа ололцоход бэлэн байгаагаа харуулахдаа Орост тавьсан хоригийн хугацаа дуусах 2016 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл шүүмжлэлийн галыг сүүмийлгэхийг хичээсэн нь ойлгомжтой.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД