“Өөрөө суудалдаа үлдэх үү” гэж Путинээс асууя хэмээн Эрдоан хэлжээ

2015 оны 12 сарын 01

Турк улс алан хядагч “Исламын улс” бүлэг­лэлээс нефть худалдаж авдаг гэх мэдээ­лэл нотлогдвол огцорно гэж Туркийн Ерөн­хийлөгч Режеп Тайип Эрдоан өнгөрсөн сарын 30-нд Парист мэдэгджээ. Түүгээр ч барах­гүй “Өөрөө суудалдаа үлдэх үү” хэмээн Путинээс асууя гэсэн байна.Тэгвэл “Исламын улс”-аас нефть ний­лүүл­дэг үйл ажиллагааг хамгаалахын тулд Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин устгасан гэж мөн энэ өдөр Парист болсон хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Анкарагаас хэн тушаал өгсөн нь Москвад чухал биш ч, Оросын онгоцыг Турк сөнөөснийг тэрбээр “том алдаа” гэж үзсэн юм. Эрдоан огцрох, эсэх нь бидэнд хамаагүй, энэ бол Туркийн ард түмний асуудал, ийм хэрэгт бид оролцож бай­гаагүй, оролцох ч бодолгүй гэж Путин урьд нь хэлж байсан билээ.

Орос, Туркийн хооронд визгүй зорчих дэглэмийг алан хядагчид ашиглаж байгааг болиулахыг хүсэхгүй байгаад Анкараг Путин буруутгав. Ийм хүмүүс Туркийн тусгай албад, цагдаа нарын хамгаалж буй нутаг газар дээр нь байж байгаад визгүй зорчих дэглэмийг ашиглан зэвсгээ барьсаар манай нутаг дэвсгэр дээр хүрч очиж байна, бид тэдэнтэй тэмцэлдсээр байна гэж Оросын Төрийн тэргүүн хэлжээ. Энд түүний хэлснээс үзвэл Туркт заналхийлээгүй “Су-24” онгоцыг устгах ямар ч шаардлага байгаагүй гэдэгтэй Парист очсон төр, засгийн тэргүүн нарын “олонх” нь санал нэг байжээ. Тэрбээр Сирид “Исламын улс”-ын эсрэг тэмцэх өргөн эвсэл байгуулахыг Орос улс ямагт дэмжсээр ирсэн, гэхдээ алан хядагч байгууллагын нэгээхэн хэсгийг ч гэсэн хэн нэг нь өөрийн ашиг сонирхолд ашиглавал ийм эвсэл байгуулах боломжгүй хэмээн онцолсон байна.