“...Чухам тийм учраас л би энэ явдлыг урвалт гэж үзэж буй юм”

2015 оны 11 сарын 29

Османы эзэнт улстай тэм­­цэл­дэн байж Оро­сын өмнөд хилийн аюул­гүй байдлыг хан­гаж бай­сан хатан хааны дурс­галыг хүн­дэт­гэж Кремлийн нэ­гэн тан­хи­мыг “Екатеринагийн” гэж нэрлэсэн аж. Османы эзэнт ул­сыг залгамжлагч Туркийн хийгээд Орос улсын хооронд үүссэн хэрэг явд­лын талаар чухамхүү энэ танхимд ярил­цав. Оросын Ерөн­хийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Фран­суа Олланд нар энэ сарын 26-нд мөн энд сэтгүүлчидтэй уулзлаа. Оросын ха­тан хаан Туркийг холбоотноо гэж үздэггүй байсан бол Путин түүнийг анд нөхрөө гэж үзэж, “чухам тийм ч учраас энэ явдлыг би урвалт гэж үзэж буй юм” гэж Оросын бөмбөгдөгч он­гоцыг устгасан талаарх бодлоо илэр­хийлсэн юм. Олланд ийм ноц­той дүгнэлт хийхээс түдгэлзсэн ч алан хядах явдлын эсрэг өргөн цар хүрээ­тэй эвсэл байгуулах гэсэн түүний хи­чээл зүтгэлд Анкара саад хийв. “Исламын улс”-ын аюулын талаар манай Ерөн­хийлөгч хоёр ч удаа хэл­сэн, харин Путин ганц ч удаа хэл­сэнгүй. Хэн нь манай  дайсан юм бэ” хэмээн хоёр Ерөнхийлөгчийн уул­зал­тыг ажиг­лаж байсан францын сэт­гүүлчид гайхаж байв.

Тэдний уулзалт үр дүнтэй бол­сон­гүй. Олландын хүчин чар­майлт энэ орой шавхагдав. Түү­ний  дипломат аяллын сүүлчийн зог­соол Москва байлаа. Тэрбээр даваа гаригт Их Бри­танийн Ерөнхий сайд Дэвид Кэме­ронтой, мягмар гаригт АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обаматай уулзаж, лхагва гаригт Германы Канцлер Ангела Меркелийг оройн зоогонд уриад, пүрэв гаригт Италийн Засгийн газрын тэргүүн Маттео Ренцитэй ярилцсаны эцэст Путинтэй уулзахаар Москваг зорьсон юм.Парист алан хядах үйлдэл болж 100 гаруй хүний амь сүйт­гэсний дараа Олланд эмгэнэл гашууд­лаа илэрхийлсэн үгийг хүчирхэг эвсэл болгож хувир­гахаар шийдсэн билээ. Бүх нийтээр эв санаагаа нэгтгэх ховорхон боломжийг аль болох хурдан ашиглахыг тэр хичээв. Тийм боломж ч түүнд байлаа. Синайн хойгт Оросын онгоц унасан нь түүн дотор байрлуулсан бөмбөг дэлбэрснээс үүдэлтэй гэж мэдэгдэхтэй зэрэг Путин Парисыг холбоотноо хэмээн нэрлэв. Сирид байгаа Оросын цэргүүдийг францчуудтай шууд холбоо тогтоохыг тушаалаа. Европын хөршүүд нь ч шийдэмгий хөдөлцгөөв. Малийн лалын дайчидтай тулалдахад нь Францын армид туслахаар ХБНГУ-ын Батлан хамгаалах яам 650 цэр­гээ тийш нь илгээхээ зарлалаа. Гэх­дээ үүний тулд Бундестагаас зөв­шөө­рөл авах ёстой юм. Кипр дэх Агаа­рын цэргийн баазаа ашиглахыг франц­чуудад Лондон зөвшөөрч, Фран­цын сөнөөгч онгоцуудыг цэнэг­­лэхэд нь ч туслахаар тохи­рол­цов.

Гэтэл Туркийн “ичгүүргүй дов­толгоон” эвсэл байгуулах ажилд цохилт болох нь тэр. Оросын Су-24 онгоцыг Турк сөнөөсөн яг тэр өдөр Олланд Обаматай уулзаж таар­сан юм. Тэгтэл өөрийн агаа­рын орон зайг Анкара батлан хам­гаалах эрхтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгд­лээ. Тэгснээ Америкийн тэр­гүүлсэн олон улсын эвсэлд Орос нэгдвэл баяртай байх болно гэж хэлэв. Үйл явдал ийн өр­нөсөн нь өргөн эвсэл байгуулах Олландын чармайлт хэрэгжих яв­цыг эргэлзээтэй болгож ор­хилоо. Оросын онгоцууд Сирийн тэнгэрт хэдийд, чухам хаана байсныг Америк мэдэж байжээ. “Бид онгоцоо хэзээ, хаана байгаа тухай мэдээллийг америкчуудад яах гэж өгөв өө? Холбоотнууд нь хаана, юу, хийж байгааг америкчууд хянадаггүй юм уу эсвэл хожим ямар үр дагавар авчрахыг ойлголгүй энэ мэ­дээл­лийг баруун, солгойгүй та­раагаад байсан юм уу” хэмээн Ол­­ландтай уулзсаныхаа дараа хэв­лэлийн бага хурал дээр Путин эгдүүцэн хэлсэн юм.

Уулзалт эхлэхэд Орос, Фран­цын удирдагчдын нүүрэнд илт бай­сан ядарсан байдал төгсгөл рүүгээ хүйтэн хөндий байдлаар солигдов. Тэднийг харахад хэл амаа ололцжээ гэмээр шинж тэмдэг үгүй байлаа. Шуурхай мэдээгээ солилцох, цэргийн мэргэ­­жилт­­нүүдийнхээ үйл ажил­лагааг уялдуулах, алан хядаг­чидтай тэмцэж буй зэвсэгт хүчний салбарууд ямар нэг цохилтод өртөхгүй байх нөхцөлийг хангах. Путин, Олланд хоёр үүнээс илүүг тохирч чадсангүй.Тэдний санал юун дээр зөрөл­дөөд байгааг Олланд шууд хэлж орхив. Францын удир­дагчийн үзэж буйгаар бол Сирийн Ерөнхийлөгч Башар Асад зайгаа тавьж өгөх ёстой. Шилжилтийн үед түүний суудлыг эвслийн Засгийн газар эзэлж, шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтийн сонгууль явуулна. “Улс орныхоо ирээдүйд Асад ямар нэг үүрэг гүйцэтгэж болохгүй. Харин Орос бол чухал үүрэгтэй” гэж Олланд тэмдэглээд Сири дэх тэмцэл Украины асуудлаарх франц­чуудын байр суурьт нө­лөөлөх­гүй гэж хэлсэн байна.

Газар дээр байлдааны ажил­лагаа явуулахгүйгээр алан хядаг­чид­тай хийх тэмцэл амжилт олох­гүй гэж Москва үзэж буй. Тэгвэл Сирийн Засгийн газрын армиас өөр хүч тэндхийн газар дээр одоо­гоор алга. Тийм хүч гараад ир­вэл Москва түүнтэй хамтарч ажил­лахад бэлэн байна.“С-400” системийг Сирид хэрэг­лэх нь олон улсын эвслийн үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Францын сэтгүүлчид сонирхоход “Алан хядагчдын хүрч чадахааргүй өндөрт манай онгоцууд байгаа гэж бид үзсэнээс Сирид ийм төхөөрөмж хэрэглэхгүй байсан юм. Орос улс одоо өөрийн онгоцыг бүх л арга хэрэгслээр хамгаалах болно” гэж Путин хариулсан байна. Ер нь л яриа хөөрөө Турктэй шөргөөцөлдөх чиглэл рүү улам бүр яваад байсан гэж хэлж болно. Алан хядагчдад эзлэгдсэн Сирийн газар нутгаас нефть зөөдөг машинууд Туркийг зорьж буй талаар Путин энд ярьжээ. “Энэ торхнуудад нефть төдийгүй манай иргэдийн цус байгаа юм. Яагаад гэвэл энэ нефтийг худалдаж олсон мөнгөөрөө алан хядагчид зэвсэг авч, түүгээрээ Синайд манай онгоцонд, Парис болон дэлхийн бусад хотод цус урсгасан үйлдлээ хийсэн. Туркийн дээд удирдлага энэ талаар юу ч мэдээгүй байгаа бол одоо мэдэж аваг” хэмээн Путин мэдэгдэв.Эрдоан алан хядагчдаас нефть худалдаж авсан нь нотлогдоод Тур­кийн Ерөнхийлөгчийн алба­наа­саа огцорно уу, байна уу “Би­дэнд хамаагүй” хэмээн сэт­гүүлч­дийн асуултад хариулахдаа Путин хэлэв. Энэ үед Олланд дуугүй л байлаа.

Бараг энэ цаг мөчид Фран­цын сурвалжлагчийн асуул­тад Тур­кийн Ерөнхийлөгч “Оросын онгоц болохыг нь мэдсэн бол бид анхааруулах дохиог өөрөөр өгч болох байсан” гэж хариулсан байв. Тэгвэл Путин үүнийг эрс үгүйсгэж “Манай он­гоцууд дээр таних тэмдэг бий, тэр нь сайн харагдана. Манай нисэх хүчин ямар цуваанд хаана, хэзээ явах талаарх мэдээллийг Америкийн талтай тохиролцсон ёсоор урьдчилан өгсөн. Ийм дэ­мий шалтаг хэлэх хэрэггүй” гэсэн хариулт өгчээ. Путин Туркийг дайсан гэж үзэхгүй байгаа, харин урвагч гэж тооцож буй. Түүний тушаал гарч, Туркэд үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнийг Оросын газар нутаг руу оруулахыг хориглож, хязгаар тавив. Туркийн хуулийн этгээдүүдэд энэ шийдвэр үйлчлэх аж. Ирэх оны эхнээс турк иргэдийг Орост хөлсний хөдөлмөр эрх­лэхийг нь болиулахаар болов. Мөн Орос, Туркийн хооронд виз­гүй­гээр зорчихыг түр хуга­цаагаар хориглолоо. Оросын иргэдийг Турк руу жуулчлахыг бас зогсоов. Хоёр улсын хооронд агаа­раар бараа тээвэрлэхийг хориглов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  энэ сарын 25-нд  Туркэд хийх байсан айлчлалаа цуцлав. Тэгвэл Оросын эдийн засгийн  энэ хориг Туркэд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж Туркийн тал үзэж буй гэх мэдээлэл бий.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД