Алан хядагчидтай хийдэг нефтийн бизнест Туркийн Ерөнхийлөгч оролцдог гэв

2015 оны 11 сарын 29

Сиритэй залгаа хилийг нь хаалгахын тулд АНУ-ын Ерөн­хий­лөгчийн засаг захиргаа Тур­кэд шахалт үзүүлж байна гэж хэвлэлд бичиж байна. Энэ хи­лээр “Исламын улс”-ын дай­чид орж гарч байдаг аж. Хилийг хаахын тулд 30 мянга хүртэл цэргийн алба хаагч, их буу хэрэгтэй болно гэж Пентагон үзэж буй юм байна.Хилээ хаахгүй, түүгээр нь алан хядагчид нэвтрэн Туркээр дамжиж Европт очоод цус ас­га­руулах үйлдлээ хийгээд байх юм бол Европын холбооны зүгээс дорвитой хариу арга хэм­жээ авна гэж Анкарад Ва­шинг­тон анхааруулжээ. Парист аллага үйлдсэнээс хойш Туркэд үзүүлэх дарамт шахалт нэмэгдсэн аж. “Исламын улс”-д үзүүлж буй сан­хүүгийн шууд дэмжлэг, ши­нээр дайчид ирүүлэх, нефть ху­далдах зэрэг тусламж Саудын Араб, Катарын оролцоотойгоор Туркийг дамжин хэрэгжиж буй гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нэг бус удаа мэдэгдэж байв. “Исламын улс”-ын дайчдыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан, Ерөнхий сайд Ахмет Даву­тоглу нар биечлэн дэмжиж байдаг гэж Асад үздэг аж.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмит­рий Медведевийн хэлс­нээс үзвэл алан хядагчдын бүлэг­лэлээс нефть авах сонирхол Тур­кийн өндөр албаны зарим хүнд байдаг юм байна. Үүнийг нотлох баримт ч бий гэнэ. Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Пес­ков нефтийн бизнест Тур­кийн удирдагч Эрдоаны гэр бүлийн ашиг сонирхол бий, түү­ний хүргэн сая Эрчим хүчний сайд болсон. Эрдоаны хүү ч үүнд холбоотой гэх мэдээлэл бий гэж телевизийн сэтгүүлчийн асуул­тад хариулахдаа хэлэв.Оросын Агаар-Сансрын хүч алан хядагчдын хяналтад бай­даг нутаг дээр байгаа үйлд­вэ­рүүд  руу түүхий нефть зөөж буй машины цувааг бөмбөгдөж эхэлснээс хойш Анкара цухалдах болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 27-нд мэдэгдэж байв. Сирийн Мэдээллийн сайд Омран Аз-Зоуби ч Сириэс Турк руу алан хядагчид нефть зөөж байсан цувааг дэлбэлсний хонзонгоор Оросын бөмбөгдөгч онгоцыг туркүүд сөнөөсөн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа өмнө нь хэлж байсан юм.

Дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин хямд, нэг баррелийг нь 20 ам.доллараар “Исламын улс”-ын алан хядагчид түүхий нефть зарахыг хараагүй юм шиг царайлснаараа Туркийн эрх баригчид тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа юм гэж Иракийн улстөрч, нийгмийн зүтгэлтэн Муваффак аль-Рубай мэдэгдэв. Түүнээс гадна энэ бүлэглэлийн элсүүлж авсан шинэ дайчдыг дамжин  өнгөрөх цэг нь Турк болж буй гэнэ. “Исламын улс”-ын элсүүлэгчид дүрвэгчидтэй Туркийн Истанбул хотод уулзаад Иракийн Мосул, Сирийн Ракка хот руу тэднийг зөөдөг гэж аль-Рубаи үзэж байна. Энэ хүн 2004-2009 онд Иракийн аюул­гүй  байдлын асуудал эр­хэлсэн зөвлөхөөр ажиллаж бай­жээ. Түүний хэлснээр бол “Ис­ламын улс”-ын шархадсан алан хядагчид Туркэд ирж эмч­лүүлдэг гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД