ХАМАРТАЙ БОЛОХЫГ ЧИНЬ ХҮЛЭЭНЭ

2015 оны 11 сарын 29

Техникийн дэвшилд дайн хөдөлгөгч хүч болдгийг хэн ч мэднэ. Үүнийг дэлхийн I дайн юунаас ч илүү харуулсан. Тэр үед шинэ зэвсэг, хүн алах, гэмтээх шинэ аргууд бий болсон. Харин анагаах ухаан тэр бүхнийг гүйцэж чаддаггүй.

Шархадсан олон мянган хүн тахир дутуу болж хоцорсон. Гэтэл хиймэл хөл, гартай болчихоод спортод амжилт гаргаж буй хүн, гайхамшигтай зураг зурсан уран бүтээлч бас цөөнгүй.

Бараа, төрхийг нь хүнд харуулахгүй байсан нь дээр гэмээр тахир дутуу болсон хүн олон байдаг. Дэлбэрэлтэд өртөөд юм уу, нүүр нь хүнийх гэмээргүй болчихсон “амьтны” барааг хүнд харуулж, химийн довтолгооны улмаас толгойных нь арьс зумраад уначихсан цэргийн тухай ярьж олон түмний сэтгэл санааг өөд нь татна гэж яаж байх вэ дээ.

Ийм хүн харамсалтай нь цөөнгүй. Тэдний гар, хөл нь бүрэн бүтэн, энгэрээр нь одон дүүрэн ч нүүр царайг нь харахаараа хүүхнүүдийн дотор муухайрч, хүүхдүүд айсандаа хөшчихнө. Зарим хүн өөрийн эрхгүй харцаа буруулна.

“Нүүргүй хүмүүс”-ийн амьдралыг төсөөлөхүйеэ аймшигтай. Эрүү, амгүй ч өлсөж үхэхгүй байж хүн чаддаг. Хэцүү ч гэсэн ийм хүмүүс амьдарч л байдаг. Тэгвэл орчин тойрных нь хүмүүс өөрийг нь хараад айж, хирдхийж байхыг тэсэж тэвчихэд тун хэцүү.

Гарцаагүй нүүрлэсэн ганцаардал, хүмүүс өөрөөс нь байнга цэрвэхийг үл тэвчсэнээс эрэмдэг зэрэмдэг болсон олон зуун цэрэг, офицер хорвоотой өөрөө тооцоо хийсэн юм.

Тиймээс өөр хувь тавилан тохиож болзошгүй өчүүхэн ч гэлээ горьдлого төрснөөс тэд дөнгөж мэс заслын багаж барьж үзэж буй хүмүүст ч өөрийн биеийг сайн дураараа тушаадаг аж.

Нэрд гарсан мэс засалч, шинийг санаачлагч Гарольд Гиллис Шинэ Зеландаас Англид ирэв. Тухайн үед түүний мэргэжилд өөрийн гэсэн нэр ч байсангүй. Олон жилийн дараа л анагаах ухааны энэ чиглэлийг “гоо сайхны мэс засал” гэж нэрлэх болжээ.

Түүний санал болгосон зүйл нүүр, царайгүй болсон хүмүүсийн анхаарлыг татахгүй байж яаж чадах билээ. Тэрбээр өөр дээрээ туршилт хийлээ. Гэтэл дагалдах сөрөг үр нөлөө гээч юм өөрийн үүргийг гүйцэтгэх нь тэр.

Шаналгаатай мэс засал хийхдээ мань хүн өвчин намдаах юм хэрэглэж зуршсан нь тухайн үед мансууруулах чанартай бодис л байлаа. Тэгээд эмчилгээгээ дуусгахад Гиллис нэгэнт мансуурагч болж орхисон байв. Удалгүй амьсгал ч хураав.

Гэмтэл нь айхтар хүнд биш бол доктор Гиллис өөр арга хэрэглэдэг байжээ. Арьсыг нь нөхөх арьсыг мэс засал хийлгэж буй хүний гарнаас авдаг байв. Нөхсөн арьс бүрэн төлжтөл хэдэн долоо хоногийн турш эмчлүүлэгч маань нүүрэндээ гараа чанга гэгч баглуулчихаад явна.

Гарольд Гиллис мөгөөрсөн эд, эсийг сэргээчихдэг байжээ. Тэрбээр хамар шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа хийсэн байна. Уильям Спрекли гэдэг цэрэг шархдаж хамаргүй болсон аж.

Суулгах хамарт хэрэглэх мөгөөрслөг эдийг цэргийн өвчүүний хэрсэнгээс авав. Багаж, эмчилгээний хэрэгсэл нь өөр болсон ч Гарольд Гиллисийн арга өнөө цагийн гоо сайхны мэс заслын үндэс болсоор байгаа аж.

Нүүр царай нь эвгүй болсон ахмад дайчдад нөхөн сэргээлт хийх өөр нэг боломж бас байжээ. Амь насанд нь ч аюултай байж мэдэх мэс засал хийлгэж зүрхлэхгүй хүмүүст зориулж Лондон, Парис хотод “нүүрний хэв хийх” студи байгуулсан байна.

Энд гол ажлыг мэс засалчид биш, барималчид хийнэ. Тэд заримдаа бүхэл бүтэн баг ажиллуулна. Зарим тохиолдолд нүүрний зарим хэсгийг бидний сайн мэдэх шинэ жилээр хэрэглэдэг “хамар, сахалтай шил” баг гэдэг зарчмаар бэлтгэнэ.

Түүнийг маш нимгэн металлаар хийж, паалан түрхэж хүний арьсны унаган өнгөтэй аль болох ойртуулна.

Эхлээд захиалагч өөрийн ирээдүйн дүр төрхийн талаар барималчтай ярилцана. Гэмтэж бэртэхээсээ өмнө авахуулсан зураг нь тэр бүр багны эх дүр болохгүй. Тухайн үеийнхээ алдар цуутай ямар нэг хүнтэй төстэй нүүр хийж өгөхийг хүсэх нь цөөнгүй байжээ.

Гоо сайхны мэс засал хийх арьсыг Орост сайн мэддэг, энэ аргаар мэс засал хийдэг байв. Владимир Петрович Филатов гэдэг эмч бүр 1916 онд хүний нүүрний гажгийг арилгах мэс засал хийж байв.

Хүний арьсыг хуйлж хадгалсныг Оросын гоо сайхны мэс засалд “Филатовын шилбэ” гэж нэрлэх болжээ. Энэ “шилбэ”-ийг хэд хэдэн янзаар бэлтгэнэ. Филатовын шилбэ ихэнхдээ 35-40 см урт байна.

Энд Английн залуухан нисгэгч Генри Ральф Лавлыг дурсах шаардлагатай. Түүний дүр төрхийг шингээсэн хачирхалтай зөөлөн тоглоом хийсэн юм. 1916 онд Генри Агаарын цэргийн хүчний нислэгийн бэлтгэлээр төгсөлтийн шалгалт өгсөн байна.

Гэтэл онгоц нь осолдож улмаар шатжээ. Эцэст нь нисгэгчийн нүүр махны үлдэгдлээр нимгэхэн гэгч нь хучсан яс болж хувирах нь тэр. Азаар өрөөсөн нүд нь үлдсэн ч юм үзэхээ байсан байлаа. Олон түмэн түүнд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан ч тэрбээр сэтгэлийн гүн хямралд орж, нүүрээ хүн төрхтэй болгохын тулд амиараа дэнчин тавихад ч бэлэн байв.

Генрийн цээжнээс нь арьс авч нүүрэнд нь суулгав. Гэтэл тэр арьс нүүрэнд “сууж” төлжиж өгөхгүй, харин ч махыг нь гэмтээж эхэлжээ. Сульдаж муудсан бие нь халдварыг тэсэж чадалгүй, улмаар цусанд нь орж хөөрхий нисгэгч хордлогоор өөд болов. Тэр үед антибиотик гээч хүчтэй эм бэлдмэл бий болоогүй байсан аж.

Бүтэлгүйтэх явдал тааралдаж байсан ч арьс шилжүүлэх туршилтыг хийсээр л байв. Усан цэрэг Уолтер Йео тун азтай хүн. Түүний нүүр сүрхий түлэгдэж хоёр нүд нь зовхигүй болжээ. Гэмтээгүй арьснаас нь авч хийсэн “баг” нүүрэнд нь тун аятайхан тохирчээ.

Тэгэхдээ үүнд хэрэглэсэн аргыг “арьсыг шилбээр шилжүүлэх” гэж ойролцоогоор орчуулж болох, Walking-stalkskin flap гэдэг туршилтын шинэ арга байв. Энэ удаа арьсыг гүйцэд хуулалгүй, нэг захыг нь үлдээсэн аж. Энэ нь шилжүүлэн суулгасан хэсгийг төлжиж анитал нь цусны эргэлтийг хадгалах боломж олгосон байна.

Алдарт Ютландын тулаанд сүйрсэн Британийн хөлөг онгоцны усан цэрэг Вилли Викэриж бол Гиллис эмчийн гарт өөрийгөө даатгасан хүн. Түүний доод эрүүний урд хэсэг нь тасарч, тэрбээр үндсэндээ эрүүгүй болсон аж. Алга болсон ясных нь оронд эхлээд төмрөөр сараалж зангиджээ.

Өөрийнх нь арьснаас авч түүнд нөмөргөв. Хэдэн жилийн турш энэ хүн олон удаа хэцүү, шаналгаатай мэс засал хийлгэсэн байна. Хугацаа их зарцуулсан ч Вилли Викэриж шинэ эрүүтэй болж чадав.

Хүний нүүрэнд хийсэн хамгийн дорвитой мэс заслын талаар энэ сарын 16-нд дэлхийн хэвлэл шуугилаа. 2001 онд түймэрт өртсөн хүнд үнэн хэрэг дээрээ хамар, чих, уруул, зовхийг оруулаад цоо шинэ нүүр “хийж өгсөн” байна.

Түлэгдсэнээс эрэмдэг болсон хүмүүст 1940-өөд онд шинэ нүүр царай төдийгүй шинэ амьдрал бэлэглэж, гоо сайхны мэс засалд хувьсгал хийсэн Британийн эмч Арчибальд МакИндо болон түүний “далайн гахай клуб”-ийн талаар өгүүлье.

Дэлхийн II дайнаас өмнө хүмүүс айхтар түлэгдэх нь Британид тун ховор байв. Харин Британийн төлөө тулалдаж байсан “Спитфаир”, “Харрикейн” онгоцууд сүйрсний улмаас л цэл залуу, эрүүл саруул нисгэгчид айхтар түлэгдэх болсон байна.

Сэргээн засах мэс засалд эргэлт гаргасан Шинэ Зеландын эмч Арчибальд МакИндо тэднийг авардаг байжээ. Тэрбээр 1930 онд өөрийн садангийн гарольд Гиллисийн урилгаар Англид ирсэн байна. Цөөхөн байсан гоо сайхны мэс засалчийг 1939 онд энд тэнд хуваарилахдаа МакИндог Агаарын цэргийн хүчний эмнэлэгт өгсөн аж.

Тэр үед ийм мэс засалд ихээхэн болхи бүрдүүлэг ханддаг байв. Шархыг аниулах гэж химийн тусгай бодис түрхэнэ. Энэ нь түлэгдсэн талбайн хэмжээ их байвал сөрөг нөлөө үзүүлнэ. Химийн түрхлэг нь арьсыг хуурайшуулж, айхтар өвтгөнө.

Усанд унасан онгоцны нисгэгчдийн түлэгдлийн шарх бусдынхаас түргэн аньж байгааг МакИндо анзаарсан байна. Тэгээд давс хэрэглэж үзэхэд шарх аних, эдгэх явцыг түргэсгэж байсан аж. Гэхдээ өвчтөнд хүн төрх бий болгоход энэ нь нэмэр болохгүй байлаа.

Багахан талбайн асуудлыг шийдэж, тухайлбал дунд чөмөг хавиас арьс аваад шинэ зовхи хийчихэж болж байлаа. Түлэгдсэн талбай нь томрохоор л байдал түвэгтэй болоод байв.

Гиллисийн онож хэлснээр гоо сайхны мэс засалд хамгийн гол тулаан гоо үзэмж хийгээд цусан хангамж хоёрын хооронд болдог аж. Алгын чинээ арьс хаа нэгтээгээс нь аваад нүүрэн дээр наачихаж болдоггүй. Тэр арьс цусны эргэлтийн системтэй холбогдох ёстой.


Үүнийг шийдэхийн тулд МакИндо нэг арга бодож олсон байна. Гуянаас арьс тасдаж авахдаа захын хэсэгт нь гар хүрсэнгүй. Тэнд нөгөө судаснууд, цусан хангамж хэвээр үлдэж буй. Дараа нь авсан арьсаа хуйлж, тэгэхдээ доод өнгөн хэсгийг нь халдвараас хамгаалахын тулд захаар нь оёв. Ийм байдлаар өвчтөн хэдэн долоо хононо.

Энэ хугацаанд арьс төлжинө. Дараа нь зааны хошуутай төстэй “шилбийг” гуянаас айлгүй тасалж аваад гар хүрэх л дуртай газраа нааж болно. Үечлэн шилжүүлж суулгах энэ аргыг “вальс” гэж нэрлэв. Энэ аргыг микроскоп ашиглаж хийх мэс засалд дэвшил гарч, эцэст нь том талбайд үечлэлийн зайгүйгээр арьс суулгадаг болох хүртэл буюу 1960- аад он хүртэл анагаах ухаанд өргөн хэрэглэж байв.

МакИндогийн ажил зөвхөн мэс заслаар хязгаарлагдсангүй, эмч өвчтөнөө эдгээгээд зогсохгүй түүнийг нийгэмд нь буцааж авчрахыг хүсэв. Эрэмдэг болсон нисгэгчид хаалттай эмнэлэгт бусдаас тусгаарлагдаж байсаар хорвоог орхих ганц л зам бий гэдэгт бүгд эргэлзэхгүй байв. Үүнтэй эмч харин санал нийлэхгүй байлаа.

Тэгээд Виктори дахь цэргийн эмнэлэгт бүрэн хяналт тавих эрхийг нисэх хүчний удирдлагаас авлаа. Эмнэлгийн дэг журмыг сулруулж, офицерийн цолонд хэн ч анхаарал хандуулахаа больж, өдөр, шөнийн аль ч цагт өвчтөнүүд шар айраг хэрэглэхийг зөвшөөрөв.

Урт удаан хугацааны хүнд мэс засалд шаналсан бие сэтгэлээ шар айргаар тайвшруулах болсон өвчтөнүүд жинхэнэ британи уламжлалаар өөрийн клуб байгуулахаар шийдэв. Эхлээд тэд клубээ эрүү нүүрний мэс заслын нэр (maxillofacial surgery)-ийг хадгалж “Максиллонианчууд” гэж нэрлэх гэснээ тэдний амьдралын өвөрмөц байдлыг илэрхийлж чадахгүй нь, зохимжгүй юм байна гэж үзэв.

МакИндогийн өвчтөнүүд үнэн хэрэг дээрээ гоо сайхны мэс засалд шинэ арга бий болгоход туршилтын амьтны үүрэг гүйцэтгэж байсан хийгээд өөрсдийн хувь тавиланд шогч байдлаар хандаж клубээ “Далайн гахай” гэж нэрлэх болжээ.


Тэдний үйлдэл, шийдвэрт гунигтай ч гэмээр хошигнол их байлаа. Наад зах нь л гар нь их түлэгдсэнээс үзэг барих чадваргүй болсон нисгэгчээ нарийн бичгийн даргаар, мөнгө аваад зугтаж чадахгүйг нь бодолцон хөл нь түлэгдсэн нэгнээ нярваар томилж байх жишээтэй. Наргиан хийгээд дайчин нөхөрлөлийн уур амьсгал тэдэнд сэтгэл санааны их тус дэм болж байлаа.

Эрэмдэг болсон нүүр царайнаас нь зэвүүцээд гэргий, найз бүсгүй нь санаагаа буруулчихсан, ажил мэргэжлийн хувьд ч бас ямар ч ирээдүйгүй болсон тэд амьдралаас залхахдаа амиа хорлодгийн даваан дээр очих нь олонтаа. МакИндо ч сэтгэл санааг сэргээн засахад ихээхэн анхаарал тавьж байлаа.

Өвчтөнүүдээ тахир дутуу хүмүүс гэж үзэж хандахыг эмнэлгийнхээ ажилтнуудад хориглов. Сувилагчидтай марзаганахыг нь эмч нар хараагүй юм шиг өнгөрнө. Өвчтөнүүдийн нэг нь гар нь айхтар түлэгдсэн хүүхнийг чимхээд авахад сувилагч хариуд нь хамрыг чинь чимхэнэ шүү хэмээн айлгахад нисгэгч инээмсэглэн “надад хамар байх биш” гэхэд нь “хамартай болохыг чинь хүлээнэ ээ” гэж хариулав.

Ийм юм их тохиолдоно. Сайхан охид хүүхнүүдтэй танилцах боломжтой гэдгийг нотлох үүднээс Лондоноос бүжигчин, жүжигчин бүсгүйчүүдийг МакИндо авчирдаг болов. Дүрэмт хувцсаа өмсөж, одон тэмдгээ зүүгээд эмнэлэг дотуур явахыг өвчтөнүүддээ зөвшөөрлөө. Нисгэгчдийг гэртээ цай хоолонд урихыг нутгийн иргэдээс хүсэв.

Энэ бүхэн бол эрэмдэг зэрэмдэг болсон нисгэгчдээ хүмүүсийн дунд оруулах гэсэн эхний алхам төдий оролдлого байв. Өвчтөнүүд нь үлдсэн амьдралаа эмнэлэг хэсэж битгий өнгөрүүлээсэй, архи дарсанд битгий ороосой, эргээд энэ нийгмийнхээ бүрэн эрхт гишүүн нь болоосой гэж л МакИндо хүсэж байлаа.

Эмнэлгээс холгүй байх Гринстед гэдэг жижиг хот нөхөн сэргээх талбар болж хувирав. Тэндхийн хүмүүс шинэ кино, жүжиг эхлэхийн өмнө заавал алга ташиж нисгэгчдэд баяр хүргэнэ. Өвчтөнүүдээ хотын гудамжаар сэлгүүцэж, хүмүүстэй уулзаж ярьж хөөрч байхыг шаардана.

Хотын оршин суугчид ч их тактиктай хандана. Зоогийн газрууд нь шил толио хурааж, нисгэгчдийн нүүр царайны талаар ямар нэг юм ярихыг хориглов. Гринстедийг зүй ёсоор “хэзээ ч нүдээ бүлтийлгэж болохгүй хотхон” хэмээн нэрлэх боллоо. Зарим өвчтөн нутгийн бүсгүйчүүдтэй гэрлэсэн гээд л бод.

1945 онд “Далайн гахай” клуб 649 хүнтэй байлаа. Энд зөвхөн англичууд биш, канад, австрали, шинэ зеланд, чехүүд ч байв.

Билл Фоксли сургалтын нислэг хийж байгаад бөмбөгдөгч онгоцтойгоо унаснаас 1944 онд тус эмнэлэгт иржээ. Фоксли өөрөө түлэгдэж, бэртэлгүй бүхээгнээсээ гарсан ч холбоочноо аврахаар гал дүрэлзэж буй зорчигчдын суудаг хэсэг рүү орсноос арай гэж амьтай голтой үлдсэн аж.

Харамсалтай нь, холбоочноо аварч чадсангүй. Түүнд эрүүл үлдсэн эрхтэн байсангүй. Өрөөсөн нүдтэй үлдэж. Түүнд хийсэн мэс засал амжилттай болсон ч инээж чадахаа байжээ. Гэхдээ 1947 онд эмнэлгийнхээ сувилагчийг эхнэрээ болгоход энэ нь саад болсонгүй…

“Далайн гахайнууд” эрүүл саруул болоод эмнэлгээс гарсан хойноо ч жил бүр уулзаж, зун болохоор МакИндогийн өвчтөн байсан хүмүүс, баярын зоогонд цугларч “эзэн хааныхаа төлөө”, “энд ирээгүй нөхөд, бүсгүйчүүдийн төлөө” хундага өргөж, клубийнхээ сүлд дууг дуулцгаана.

2007 онд клубийн ахмад гишүүн нь 102, хамгийн залуу нь 72 нас хүрэхэд л уламжлалт уулзалтаа хийхээ больсон гэдэг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД