“Аугаа англи хүний” арчаагүй хоёр нүүр

2015 оны 11 сарын 26

Ялалт авчирсан 1945 оны хавар Их Британийн Ерөнхий сайдын гэргий Клементина Черчилль ЗХУ-д нисэж ирэв. Энэ талаар өгүүлсэн архивын материал саяхан болтол нууц байжээ.

Хатагтай Черчилль большевикуудын оронд 1945 оны дөрөвдүгээр сарын 2-нд ирсэн байна. Үнэн хэрэг дээрээ бол Их Британийн хааны Зэвсэгт хүчний онгоц гуравдугаар сарын 31-ний үдэш Крымд газардсан аж. Дөрөвдүгээр сарын 1-нд Клементина 60 нас хүрсэн бөгөөд энэ тэгш ойгоо Орос оронд, Крымийн газар шороон дээр тэмдэглэжээ. Уг нь бол гуравдугаар сарын 31-нд нисэж ирэх ямар нэг онцгой шалтгаан байгаагүй ч Британийн Ерөнхий сайдын гэргий төрсөн өдрийнхөө урьд өдөр гадагш явна гэж  Гитлерийн тусгай албаныхан бодоогүй нь лавтай. Гадаад орны төрийн тэргүүн болон түү­ний гэргийн аюулгүй байдлыг хангах үүрэг хү­лээдэг Зөвлөлтийн аюулаас хамгаалах бай­гуул­лагын түүхэнд энэ айлчлал мөрөө үлдээлгүй яах вэ. Тэгээд ч 42 хоног үргэлжилсэн юм чинь. 

Клементина болон түүний бараа бологсод Британи, Зөвлөлтийн төрийн далбаагаар чи­мэг­лэсэн Москвагийн Фрунзийн нэрэмжит ни­сэх онгоцны төв буудалд дөрөвдүгээр сарын 2-нд хүрэлцэн ирлээ. Британийн тэргүүн хатаг­тай төдийгүй Британийн Улаан загалмай ний­гэм­лэгийн Орост туслах сангийн дарга, Иеру­са­лимын гэгээн Иоаннын одонт хатагтайг ЗХУ-д мо­рилж ирэхэд түүний нөхөр Уинстоны оролц­сон Ялтын бага хурал дуусаад хоёр сар болоогүй байв.

Британичууд, түүний дотор 1941 оны арав­ду­гаар сард байгуулагдсан, Ерөнхий сайдын гэр­гийн тэргүүлдэг cан ЗХУ-д есөн сая гаруй фунт стерлингийн тусламж үзүүлсэн байлаа. Эм­нэлгийн төхөөрөмж, аппарат хэрэгсэл Анг­лиас ирүүлсний дотор рентгенийн 600 гаруй аппарат, мэс заслын багаж, эм тариа илгээсэн байв. ЗХУ-ын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны дарга А.Колесников өөрийн байгууллагын шагналыг Клементинад гардуулав.

Одоо Австрийн ЭСЯ байрлаж буй хамгийн гайгүй л гэсэн ордондоо Черчиллийн гэргийг да­гал­даж яваа хүмүүсийнх нь хамт байрлуулжээ. Ноён Черчилль 1942 оны найм, 1944 оны аравдугаар сард Москвад айлчлахдаа мөн энд байрлаж байсан аж.Хатагтайг Орос орноор явахад нь зориулж  галт тэрэг бэлтгэж, тусгай зориулалтын гараа­шаас машин, хамгаалалт, тогооч, үйлчлэгч гар­гаж өгч, 1945 оны хувьд нэлээд түвэгтэй зүй­лийн нэг болоод байсан хүнсний нөөц ч хуваарилж өгсөн байна.ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов хатагтай Черчиллийг Кремльд хүлээн авч уулзжээ. Дараа нь Молотов гэргий Полина Жемчужинатайгаа Лондоны зочны хамт Их театрт  “Игорь ван” дуурь үзсэн аж. Дөрөв­дүгээр сарын 7-нд Клементинаг Зөв­лөл­тийн удирдагч хүлээж авлаа. Энэ өдрийн орой “Ерөнхий сайд И.В.Сталин” (“Их гурав”-ын удир­дагчдад бичсэн захидлынхаа дор Сталин ийн бичиж гарын үсэг зуржээ) өөрийн ажлын өрөөнд болсон уулзалтын талаар Британийн Ерөн­хий сайдад “Хатагтай Черчилльтэй би ая­тайхан яриа өрнүүллээ. Тэрбээр надад сайхан сэтгэгдэл төрүүлэв. Таны бэлгийг надад өглөө. Бэлэг илгээсэнд чин сэтгэлээсээ талархаж буйг минь хүлээн авна уу” гэж бичсэн байна.

Энэ нь Британийн Ерөнхий сайдын гэр бүлээс өгч буй хариу бэлэг байв. 1944 оны арав­дугаар сарын 19-нд Черчилль хийгээд гэргийд нь Сталин гоёмсог гүц бэлэглэсэн аж. Нэг хүнийг тахин шүтэх явдлыг эрс эсэргүүцдэг Хрущев ч Сталины уламжлалыг өвлөж авсан аж. Никита Сергеевич 1956 оны дөрөвдүгээр сард Лондонд айлчлахдаа улс төрөөс нэгэнт хөндийрөөд бай­сан Черчилльд зураач Шишкиний “Ой” гэдэг бү­тээлийг коньяк дарсны цуглуулгын хамт өгсөн байдаг. Гэргийд нь алтан гинжтэй зүүлт, булганы арьсан нөмрөг өгчээ.

Москвад анх удаа хөл тавьсан Клементина хүлээн авч буй талын хүчин чармайлтаар, Аюу­лаас хамгаалах хорооны тусламжтайгаар дайны сүүлчийн жилийн Зөвлөлтийн нийслэлийн анхаарал татах гол юмнуудыг бараг л үзчихжээ. Кремлийн ч гэсэн москвачуудын нүдэнд өр­төө­гүй нарийн ширийнийг сонирхоод авч. Хатагтай Черчилль эмнэлгүүдээр орж шархад­сан цэргүүдтэй уулзаж, чихрийн  “Красны октябрь” үйлдвэрт зочилж, “Дукат” хэмээх там­хины үйлдвэрийн дэргэдэх хүүхдийн цэцэр­лэгийг үзэж сонирхсон байна. Бас Зөвлөлтийн дээд зиндааныхны хүүхдүүд суралцдаг 175 дугаар сургуульд очжээ. Албан ёсны арга хэм­жээнд “Кремлийн хүүхнүүдийг” зохих түвшнээр нь урьж, Зөвлөлтийн нэрд гарсан цэр­гийн жанжнууд, уран бүтээлчдийн гэргий нар, Москвагийн үйлдвэрийн тэргүүний ажилчин эмэгтэйчүүдийг оролцуулж байв. Тухайлбал, Кле­ментинад Полина Жемчужина цай уул­гах­даа зохиолч Леонид Леонов, Самуил Маршак, Борис Пастернак нарын гэргийг урьсан аж.

Хатагтай Черчилль ЗХУ-ын нутгаар хийх гурван долоо хоногийн аяллаа 1945 оны дөрөвдүгээр сард 9-нд Ленинградаас эхэл­сэн байна. Түүний хөлөглөсөн галт тэрэг Ста­линград, Курск, Одессод зогсож, Умард Кав­казын рашаан амралтын Кисловодск, Ессентуки, Пятигорск, Крымд Клементина очсон аж. Тэрбээр сэргээн босгож буй хотууд, үйлдвэрүүд үзэж, амь үрэгдсэн цэрэг эрсийн шарилд цэцэг өргөж явав. 1945 онд бичиж хэвлүүлсэн “Орост хийсэн миний айлчлал” номдоо Севастополь хот Сталинградаас илүү сүйдсэн юм шиг ажиглагдсаныг, хүмүүс нь онцгой сэтгэгдэл төрүүлснийг бичсэн байдаг. “Энэ дэлхийн хаанаас ч олохгүй сэтгэлийн тэнхээ, нугаршгүй чанарыг би хаана ч очсон мэдэрч байсан”. Түүнчлэн Германы булаан эзлэгчдийн цөлмөж орхисон газар хаа сайгүй өрнүүлж буй сэргээн босгох нүсэр ажил, хүмүүсийн гаргаж буй эх оронч санаачилга, эр зоригийг өөрийн нүдээр харж, мэдэрч явжээ.

Орос хүмүүс Британийн төлөөлөгчдөд тун  найрсаг, дулаан зөөлөн, зочломтгой хандаж байлаа. Германчуудад олзлогдоод байхад нь Улаан арми чөлөөлж авсан англи, франц офицер, цэргүүдтэй Клементинаг өөрийнх нь хүсэлтээр Одессод уулзуулсан байна. Пятигорскод Маяковскийн гэрээр орж, халз буудалцаан хийсэн газар нь очжээ. Ялтад Чеховын гэр-музейг сонирхож, зохиолчийн эмэгтэй дүүтэй нь уулзсан аж. Молотовгүйгээр Клементина Их театрт хоёр ч удаа очиж “Жизель”, “Хунт нуур” үзэж, Ленинградын С.М.Кировын нэрэмжит театрт Хачатуряны “Гаянэ”, Минкусийн “Дон Кихот” бүжгэн жүжгийг сонирхсон байна. Одесс хотноо дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны  нэгдлийн өдрийг тэмдэглэхэд байлцаж, цэргийн парад үзжээ. Ингэх ч үндэс түүнд байсан нь ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Клементинаг дөрөвдүгээр сарын 12-нд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байлаа. Одонг сүүлд нь Калининий нэгдүгээр орлогч Николай Шверник тавдугаар сарын 7-нд гардуулсан аж. Гэргийд нь өндөр хүндтэй шагнал хүртээсэнд дөрөвдүгээр сарын 14-нд ноён Черчилль талархлаа Сталинд илэрхийлэхдээ “...Манай ард түмнүүдийн нөхөрлөл, армиудын харилцан хүндэтгэл, манай Засгийн газруудын харилцан ойлголцлоос дэлхийн ирээдүй хамаарна” гэж бичсэн байна. Харамсалтай нь ноён Черчилль эдгээр мөрийг бичихдээ айхтар заль мэх гаргасан байдаг. Гэргийгээ 42 хоногийн айлчлалаа үргэлжлүүлж, Зөвлөлтийн ард түмэнд үнэнч байхаа тангараглаж явахад нөхөр нь “Санаанд багтамгүй” гэсэн нэртэй ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулахыг Нэгдсэн штабтаа үүрэг болгож байжээ. Энэ төсөл 1945 оны тавдугаар сарын 22-нд  бэлэн болж зургадугаар сарын 1-нд Өрнөдийн холбоотнууд нь Германы 10-12 дивизийг оролцуулан ЗХУ-ын эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлэхээр зэхэж байв. Улаан армийг Польшоос хүчээр шахаж гаргах зорилготой энэ төлөвлөгөө үнэндээ санаанд багтамгүй түрэмгий зүйл байсан бөгөөд ЗХУ-ыг Японтой даруй дайтуулахаар Ялтад хийсэн тохиролцоог Английн Ерөнхий сайд огт хайхралгүй орхисон явдал байлаа. Лондоны стратегичдийн тооцоолсноор Москва, Токиотой холбоотон болбол дайны төгсгөл Америкийн холбоотнуудын хувьд амаргүй болох байсан юм.

“Санаанд багтамгүй” гэх тэр ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр интернэтээс олоход түвэггүй, хуучирсан гэж санагдахгүй, гагцхүү Польшийг нь Крымээр сольчиход л болно. Гитлерийг дарсан улсыг Клементина магтаалын үгээр булж явахад холбоотон Британи нь түрэмгий төлөвлөгөө боловсруулж байх юм гэж Сталины толгойд орж ирнэ гэж үү. Энэ төлөвлөгөөг харин Ким Филби болон түүний нөхөд болох “Кэмбрижийн тав”-ын  ачаар Зөвлөлтийн тагнуулын байгууллага олж авсан билээ. ... Тавдугаар сарын 9-нд Зөвлөлтийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Шверник хатагтай Черчилльд ялалтын баярын өдрийн өглөөний цай өгөв. Орой нь 19.00 цагийн орчимд мөн түүнд зориулж Бүх холбоотын гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг зоог барилаа. Уур амьсгал  сайхан, Британийн тэргүүн хатагтайд тоглосон концертод хийлч Давид Ойстрах, дуучин Наталья Шпиллер, Георгий Виноградов, жүжигчин Сергей Образцов нар оролцов.Клементина Черчиллийн айлчлал 1945 оны тавдугаар сарын 11-нд өндөрлөлөө. Түүний нөхөр Уинстон Черчилль хүйтэн дайны эхлэл болсон үгээ Фултонд хэлэх хүртэл нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн байв...