Асуулт олон, хариулт алга

2015 оны 11 сарын 25

Сири, Туркийн залгаа хилийн дэргэд Оросын Су-24 онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин сөнөөсөн нь яалт ч үгүй улс төрийн үр дагавартай олон улсын ноцтой үйл явдал. Тэгэхдээ энэ нь олон улсын харилцаанд урьд өмнө нь тохиолдож байгаагүй асуудал биш. Иймэрхүү үйл явдал түүнд хамааралтай улсуудын улс төр, эдийн засгийн харилцаанд ямагт ихээхэн сөрөг үр дагавар үзүүлсээр ирсэн. Түүгээр ч барахгүй цэргийн сөргөлдөөн үүсгэх ч магадлалтай байдгийг түүхэн туршлага харуулдаг.Хүйтэн дайны эхний жилүүдэд ийм явдлыг төдийлөн тоодоггүй байсан тал бий. 1950-1970 онд АНУ-ын Зэвсэгт хүчний 20 шахам нисэх онгоц, нисдэг тэргийг ЗХУ устгасан байдаг. Со­лон­госын болон Вьетнамын дайны үед ЗХУ-ын Агаараас эсэр­гүүцэн хамгаалах хийгээд Агаа­рын цэргийн хүчний дайчдын уст­гасан нисдэг аппаратыг үүнд оруулдаггүй. Оруулбал хэдэн зуу­гаар тоологдоно.

Америкийн онгоцыг Зөв­лөл­тийн хил зөрчсөн гарцаагүй тохиол­долд устгаж байсны зэрэг­цээ тодорхой бус нөхцөл байдалд сөнөө­сөн явдал ч байдаг. АНУ-ын хол­боотон Швед, Ираны онгоцыг ч устгаж л байв. Ингэж байхдаа ЗХУ тагнуулын нислэг хийхээс түд­гэлздэг байсан болохоор өө­рөө энэ мэт хохирол амсаж бай­сан­гүй.Харин Солонгосын дайны үед Америкийн онгоцууд эн­дүү­­рэн Япон тэнгисийн тэнгэрт Зөв­лөлтийн бөмбөгдөгчид рүү довтолж байсан тохиолдол бий. Мөн 1950 онд нислэг зохицуулах ажиллагааны алдаанаас болж Приморьт онгоцны буудалд цохилт өгч байсан удаа ч байдаг. 1970-аад онд хүйтэн дайн ид байхад ч энэ мэт тохиолдол ховор байсан хэрнээ Өмнөд Солонгосын зорчигч тээврийн онгоцыг 1978, 1983 онд ЗХУ сөнөөчихөж л байв.1986 оны наймдугаар сарын 4-нд Афган-Пакистаны хил дээр Оросын Су-25 дайрагч онгоц руу Пакистаны F-16 бөмбөгдөгч онгоц довтолсон юм. Оросын онгоцонд хожим нь Дэд Ерөнхийлөгч бол­сон Александр Руцкой сууж явсан бөгөөд олзлогдож, Пакистаны тал удалгүй түүнийг Орост эр­гүүлж өгсөн. Туркээс ялгаатай нь Пакистан НАТО-гийн гишүүн биш байв.

Ийм явдал хүйтэн дайны гадна талд тохиолдож л байлаа. 1992 онд Перугийн Агаарын цэргийн хүчин Номхон далайн тэнгэрт Америкийн цэргийн тээврийн С-130 онгоц руу довтолж багийн гишүүдийг нь устгасан байдаг. 1996 онд Кубийн Агаарын цэр­гийн хүчин Америкийн хүний эр­хийг хамгаалах Brothers of the Rescue байгууллагын онгоц руу буудсан тохиолдол бий. 2001 оны дөрөвдүгээр сард Америкийн таг­нуулын EP-3, Хятадын бөм­бөг­дөгч онгоц хоёр Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд мөргөлдсөн удаа байдаг. Эцэст нь Хятадын J-8II онгоцны жо­лооч Ван Вэй амиа алдаж, гэмтсэн EP-3 онгоцыг Хятадын бааз дээр буулгаж багийнхныг нь баривчилсан. Хятадын талийгаач нисгэгч үндэсний баатар болж, Америкийн нисгэгчдийг эх оронд нь хүлээлгэж өгсөн юм.

Иймэрхүү явдал дандаа улс төрийн  нарийн төвөгтэй харил­цааны үр дүн байдаг. Талуудын хооронд итгэл алдарсны улмаас, холбоо харилцааны дутагдалтай байдлаас үүдэн гардаг. Тэгсэн хэрнээ агаарын байлдааны үед зэвсэг хэрэглэх шийдвэрийг улс­төрчид биш офицерууд тухайн агшинд газар дээр нь гаргадаг учиртай. Оросын Су-24 онгоцыг Сирид сөнөөсөн саяны явдлыг зориудын өдөөн хатгалга гэж үзэх үү, тохиолдлын явдал юм уу эмгэнэлтэй эндүүрэл, алдаа байсан гэж тооцох уу гэдэгт одоогоор өгөх хариулт алга байна. Хэвлэлд мэдээлж буйгаас үзвэл Су-24 онгоцыг сөнөөснөөс үл хамааран эрчим хүчний салбарт Оростой сайн харилцаагаа хад­галж үлдэнэ гэдэгт найдаж буй­гаа Туркийн Эрчим хүч, бай­галийн нөөцийн сайд Берат Ал­байрак илэрхийлсэн байна. Оростой харилцаа хүйтэрнэ гэж эмээхгүй байхыг тэрбээр ир­гэддээ уриалсан аж. Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин онгоц руу нь довтолсон явдлыг “алан хядагчидтай амь нэг­тэй хүмүүс нуруу руу хутга шаалаа” гэж үзэж буй бөгөөд энэ үйлдэл Москва, Анкарагийн хоорондын харилцаанд хамгийн ноцтой үр дагавар үлдээнэ гэж хэлсэн байна. Оросын талаас Турк руу жуулчид явуулахыг хориглох шийдвэр гаргалаа.

Туркийн хийн хэрэгцээний 57 хувийг Оросын “Газпром” ний­лүүлж байдаг юм. Улс төрийн хямралын цар хүрээ нь ойрын өдрүүдэд өр­нөх дип­ломат үйл ажиллагаа хэр амжилт олохоос хамаарч таар­на. Хамгийн гол нь Москва, Ан­кара хоёул нөхцөл байдлыг хянал­таа­саа гаргахгүй байх нь туйлаас чухал.