Иранд худалдааны чөлөөт бүс байгуулах талаар судлахаар Путин амлав

2015 оны 11 сарын 24

Иранд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хийж буй айлчлалын хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Ираны төмөр замын зарим хэсгийг цахилгаанжуулах, дулааны цахилгаан станц барьж өгөхөөр тохирсон байна. Хөрөнгө оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспорт, худалдааг санхүүжүүлэхэд хоёр улсын банкууд хамтарч ажиллахаар болсон аж.

Ираны нутагт хөрсөн дорх усны нөөц хайж, үнэлгээ хийх болжээ. Мөн Ираны өмнөдөөс зүүн хойд, баруун хойд чиглэл рүү хий дамжуулах хоолой барьж өгөх аж. Оросын Эрүүлийг хамгаалах болон Ираны Эрүүлийг хамгаалах, анагаахын боловсролын яамд, Эрчим хүчний яам, агентлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Зарим иргэний харилцан зорчих нөхцөлийг хялбар болгох талаар Москва, Тегеран хоёр тохиролцсон байна. Иранд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг Евразийн эдийн засгийн холбоо судалж үзнэ гэж Путин амлажээ.