Олланд өчигдөр Обаматай, өнөөдөр Меркельтэй, маргааш Путинтэй...

2015 оны 11 сарын 24

Францын Ерөнхийлөгч Франсуа Ол­ланд алан хядагчидтай  хийх тэмц­лээ уялдуулах, “Исламын улс”-д цохилт өгөх олон улсын нэгд­сэн эвсэл байгуулах асуудлаар АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обаматай уулзахаар өчиг­дөр Вашингтонд очжээ. Францчууд үйл ажил­лагаагаа саяхан болтол НАТО-гийн түн­шүүд­тэй­гээ хамтрах төдийгөөр хязгаарлаж, Оросыг эвсэлд оролцуулах асуудлыг Сирийн Ерөн­хийлөгч Башар Асадын ирээдүйтэй хол­бон үзэж байв. Дамаск дахь улс төрийн эрх мэдлийг шилжүүлэхийг тууштай дэмжиж, энэ асуудлыг Оростой хамтарч ажиллах нэн тэр­гүү­ний, зайлшгүй нөхцөл гэж үзэж байсан юм. Тэгтэл 130 хүний амь насыг авч одсон ал­лага Парист болсон байдлыг өөрчилж орхив. Оро­сыг оролцуулсан өргөн эвсэл байгуулах саналыг уг аллагаас гурав хоногийн дараа Ол­ланд гаргав. Тэгээд томоохон улсуудын удир­дагчидтай зөвлөлдөх ажилд нэг долоо хоно­гийг зориулахаар шийдэж, даваа гаригт Их Бри­танийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой Па­рист уулзав. Байлдааны нислэг хийхдээ Кипр дэх баазыг нь ашиглахыг Кэмерон Францын талд санал болголоо.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгчийн мэ­дээлс­нээс үзвэл Обама, Олланд нар алан хядах ажиллагааны эсрэг явуулж буй тэмцлийн талаарх тагнуулын мэдээлэл солилцож, Фран­цын зүгээс “Исламын улс”-ын эсрэг авахаар тө­лөв­лөж буй байлдааны шинэ арга хэмжээний тухай ярилцах юм байна.Олланд өнөөдөр Германы Канцлер Ангела Меркельтэй Парист уулзана. Маргааш өглөө Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй санал бодлоо солилцоно. Үдээс хойш Москва орж Вла­димир Путинтэй яриа хөөрөө хийнэ. Түүнээс гадна уур амьсгалын асуудлаар Францад болох бага хурлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин нартай ням гаригт уулзах аж.