Орост тавьсан хоригоо сулруулахгүй

2015 оны 11 сарын 24

Сирид алан хядагчдад цохилт өгч буйн хариуд Орост тавьсан хоригоо сулруулахгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв. Уг нь Украин дахь нөхцөл байдалтай хориг холбоотой гэж урьд нь Европын орнуудын удирдагчид хэлж байжээ. Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Орос биелүүлэхгүй байна гэж үзэхийн зэрэгцээ зөрчилдөөнийг улс төрийн аргаар зохицуулах гэсэн АНУ-ын оролдлогод Сири дэх Оросын үйл ажиллагаа саад болж байна хэмээн Америкийн тал дүгнэж буй юм. Вашингтоны үзэж буйгаар Башар Асадад дэмжлэг үзүүлэхийг Орос урьтал болгож буй аж.

Украины “үнээр”  Москвагаас тусламж авахыг Берлин, Лондон, Парис хүсэхгүй гэж Европын  дипломатчид урьд нь ярьж байжээ. Оросын эсрэг тавьсан хоригоо хагас жилээр сунгахаар энэ сарын 15-16-нд Туркийн Анталья хотод болсон “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өрнөдийн таван улсын удирдагч тохирсон гэж Rеuters агентлаг мэдээлж байв. Энэ тохиролцоонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци болон Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Ерөнхийлөгчөө төлөөлөн оролцсон байна. Тэд Украинд сонгууль болох гэж буйтай холбогдуулан Орост үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн аж.