Спорт, сэргээш хоёр чацуу

2015 оны 11 сарын 23

Спортод үзүүлдэг ололт ам­жилт ямагт материаллаг өгөөж, ал­дар хүнд да­гуул­саар иржээ. Ёс суртахуун нь одоо­­гийн­хоос эрс өөр “шударга өр­­сөл­дөх” гэдэг  ойл­голт нь “ялахын тулд юу ч хийж болно” гэх агуулгыг илэр­хийлж байсан хүн төрөлхт­ний соёл иргэншлийн эхлэл үед тамир­чид ялалт байгуулахын төлөө болом­жит бүх арга хэрэгсэл ашиглаж ирс­­нийг ичгүүртэй юм гэж үзэж байсан­гүй. Тэр цагаас хойш олон мянган жил өн­­­гөрсөн ч байдал төдийлөн өөрч­лөг­дөө­гүй аж.

АНУ-ын Пенсильванийн их сур­гуу­лийн профессор, бие бялдар сэр­­гээх үйл­чилгээтэй бодисын үү­сэл, хөгжлийн түүхийг судалдаг Чарльз Йезалисын үзэж буйгаар бол эрт­ний Олимпийн тамирчид тус­гай ургамлын хандыг дарстай хамт уу­даг, эртний Грект тэр болгон идээд бай­даггүй байсан махыг, тэр дун­даа зүрх хэрэглэдэг байжээ. Хүн төрөлх­төн хэзээ ч цэвэр спорттой бай­­гаагүй гэж энэ судлаач үздэг. Спор­тын өөр нэг түүхч, “Хөлсний үнэр: Гре­кийн тамирчид, олимпийн тог­лолт ба соёл” ном бичсэн Уильям Блейк Тирфел ч мөн ийм бодолтой бөгөөд “Тамирчид хирсний эвэр тус болно гэж л үзвэл түүнийг нунтаг болтол нь нүдээд л хэрэг­лэж орхино” гэж хэлсэн байна. Түү­хэн баримтаас үзвэл эрт­ний Еги­петэд илжигний туу­райг нү­дэж хэрэг­лэ­дэг, далайн гахайн үрийн шин­гэнийг уудаг байж.Ромын тулаанчид (гладиато­рууд) сэргээш хэрэглэхээс цэрэвдэг­гүй, ст­рихнин хэрэглэдэг байв. Түү­нийг бага тунгаар хэрэглэхэд хүч та­мир оруулдаг аж. Тэрэг хөллөөд урал­­дуулдаг моринд ч сэргээш өгө­хөөс буцдаггүй байлаа. Хур­дыг нь нэмэг­дүүлэхийн тулд бага зэрэг ха­лаах үйлчилгээтэй зөгийн бал­тай ус ч өгдөг байв.

Америкийн The Hastings Center гэдэг судалгааны хүрээлэнгийн про­фес­­сор Томас Морри “Спортод ман­­суу­руулах бодисын үзүүлдэг албад­лагын хүч” хэмээх өгүүлэлдээ “Хүч тамир нэмэг­дүүлдэг эм бэлд­мэлийг орчин үед хэрэглэх болсон нь XIX зуу­ны эцсээс эхтэй” гэж бичсэн байна. “XIX зууны сүүл­чээр Европ, Аме­­рикт түгээмэл хэрэг­лэж байсан “Ма­риани” дарсыг “тамирч­дын ун­даа” гэж нэрлэж байсан. Түү­нийг Фран­­цын дугуйчид хэрэглэдэг, түү­гээр ч барахгүй лакроссын ба­гийн­хан ч уудаг байжээ. Кока, кокаиныг ч их өргөн хэрэглэдэг, эдгээр нь биеийн хүч их зарцуулснаас үүдэл­тэй ядаргааг гаргадаг, өег болгодог үйлчилгээтэй юм.1904 онд Сент-Луис хотод бол­сон олимпод британи гаралтай, Аме­рикийн холын зайд гүйгч Том Хикс барианд хоёрт оржээ. Гэтэл түрүүлсэн хүн нь замынхаа нэлээд хэсгийг машинаар туулсан байснаас Хикс алтан медаль авсан гэдэг. Хо­жим нь дасгалжуулагч Шарль Лю­кийнх нь ярьснаар бол Хикс сэр­гээ­шийн туслалцаатайгаар хоёрт орсон юм билээ. Барианд ороход долоон милл (11 километр) үлдээд байх үед Хикс ухаан алдаж ойчсон аж. Тэгэх­лээр дасгалжуулагч нь нэг мил­лиг­рамм стрихнинийн сульфат гэдэг тариа хийгээд, нэг балга коньяк өг­чих­сөн байна. Хикс цааш нь гүйсэн ч гурван километр яваад цуцахаар нь дахиад тариа хийчихэж. Хикс арай гэж барианд ороод, даруй эмнэлэгт хүргэгдсэн аж.

“Эм, мансууруулах бодисын тэн­хээ оруулах үйлчилгээ” гэдэг ном бич­сэн Марк Голд, “Герион, кокаи­ныг зөв­хөн жороор өгдөг болсон 1920-иод он болтол стрихнин, герион, ко­каин, кофейн (бүгд сэргээх, хүч та­мир оруулах үйлчилгээтэй)-ийг та­мир­чид төдийгүй дасгалжуулагчид өр­гөн хэрэг­лэдэг байв” гэж өгүүлсэн байдаг.

Сэргээш хэрэглэхийг хориглосон олон улсын спортын анхны бай­гуул­лага нь Хөнгөн атлетикийн холбоо юм. Тус холбоо 1928 онд өөрийн дүр­мэндээ “Дундаас дээш түвшний хөн­­гөн атлетикийн тэмцээнд ам­жил­­­таа ахиулахад нөлөөлдөг ердийн хэрэг­­сэл болдог аливаа өдөөгчийг хэрэг­­­лэх нь сэргээш юм. Дээр дурд­сан эм, бэлдмэлийг санаатайгаар хэрэг­­­лэсэн юм уу, хэрэглэхэд тусал­сан хэнийг ч аливаа тэмцээнээс хасах эс­вэл тус холбооноос зохион бай­гуул­­сан хөн­гөн атлетикийн урал­даан тэм­­цээд цаа­шид оролцохыг нь хориг­лоно” гэсэн заалт оруулсан байна. Энэ дүр­мийг  баримтлаагүй бол ямар ч та­мир­чныг тоглуулахгүй гэсэн үг юм. 1945-1967 оны хооронд хоёр үйл явц түгээмэл болсон нь спор­тынхон сэргээш хэрэглэх нь нэмэгдэж, түүний эсрэг арга хэмжээ ч өргөжсөн явдал юм. Дэлхийн II дайны жилүүдэд Аме­рик, Англи, Герман, Японы армиуд цэр­гүүдээ хангадаг байсан мэдрэ­лийн системд нөлөөлдөг амфетамин гэ­дэг бодис анхны, хамгийн үр нөлөөтэй сэргээш гэгдэж байв. Түүнийг 50-иад оноос спортынхон хэрэглэх болжээ. Энэ бодис эцэж цуцахаас сэргийлдэг үйлчилгээтэй юм.

Америкийн эмч Жон Восли Зиг­­лер 1958 онд Америкийн  хүнд атле­тикийн тамирчдын багтай хамт Австрийн Вена хотод очсон аж. Тэнд Зөвлөлтийн шигшээ багийн эмчтэй танилцжээ. Тэд архи, дарс ч хэрэг­лэдэг байсан бөгөөд орос эмч “чи та­мирчдадаа юу өгдөг вэ” гэж хэд хэдэн удаа асуухад нь Зиглер юу гээд байгааг нь сайн ойлгосонгүй. Тэгээд уг асуултыг өөрт нь сөргүүлэн тавихаар шийдэж “Чи харин юу өгдөг юм бэ” гэвэл Зөвлөлтийн шиг­шээ багийн эмч тамирчид нь тес­тос­те­рон­той болсон гэж хариулжээ.Зиглер Америктаа буцаж очоод энэ бодисыг өөрийн бие дээр болон тамирч­дадаа туршиж үзэв. Нэг та­лаас булчингийн хэмжээ хөөж то­морч байв. Нөгөө талаас сөрөг нөлөө ч байж. Тэгэхлээр нь тестостерон шиг эе­рэг нөлөөтэй хэрнээ дагалдах сө­рөг үр дагаваргүй байлгахын тулд ний­лэг­жүүлс­нээр сэргээх үйл­чил­гээтэй анхны сте­роид бий бол­госон нь Хүнсний бүтээг­дэхүүн, эм бэлд­мэлийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газраас эерэг үнэлгээ авсан байна. Хожим нь Зиглер өө­рийн нээл­тэд ихэд харамсан, “амьд­ра­­лын­­хаа энэ бүлгийг бүхэлд нь дахин бичихсэн” гэж хэлж байжээ.

Сэргээшийн анхны золиос нь Да­нийн дугуйчин Кнут Йенссен болов. Тэрбээр 1960 оны наймдугаар сарын 26-нд Ромын олимпод оролцож, 100 километрийн уралдаанд явж байх зам­даа унаж амиа алдсан байна. Зад­лан шинжилгээ хийхэд түүний цус­наас амфетамин илэрсэн аж. 1967 оны долдугаар сарын 13-нд Английн дугуйчин Томми Симпсон алдарт “Тур де Франс”-д оролцож яваад нас барлаа. Тэрбээр амфетаминыг конья­­каар даруулан, их хэмжээгээр хэ­рэг­лэж хүч тамираа сэлбэдэг байв. Эцсийн эцэст организм нь ажилла­хаа болиход хүрсэн аж. Симпсоны үх­лийн дараа спортынхон сэргээшийн эс­рэг эрчимтэй тэмцэх болов. Олон улсын олимпийн хороо (ОУОХ) сэргээштэй тэмцэх эм­нэл­гийн ко­мисс байгууллаа.  

1968 оны олим­пийн тоглолтын үеэр сэргээш хэрэг­­лэсэн, эсэхийг анх удаа хянаж үзсэн төдийгүй ийм тохиолдол илэрс­нээс мөн анх удаа зарим тамирчныг тог­лол­тод оролцох эрхийг нь хассан байна. 1975 онд ОУОХ сэргээшийг хо­рио­той эм, бэлдмэлийн жагсаалтад оруулав.Сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул Канадын ойрын зайн гүйгч Бен Жонсон 1988 оны есдүгээр сарын 27-нд Сөүлийн олимпоос авсан алтан медалиа хураалгав. Цай руу нь хэн нэгэн хориотой эм бэлдмэл хийсэн байна гэж Жонсон учирласан ч зохион байгуулагчид түүнд итгэл­гүй, уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хоригложээ. 2012 онд Америкийн дугуйчин Ланс Армст­ронг “Тур де Франс”-аас авсан до­лоон алтан медалиа хураалгав.Коммунист эвсэл задран унас­наар социалист дэглэмийн үйлдэж бай­сан таагүй олон явдал ил бол­жээ. “Зүүн Германы усанд сэлэлтийн эмэг­тэй­чүүдийн шигшээ баг 20 жи­­лийн турш үлэмж давамгайлж байсан нь түүнийг дасгалжуулж байсан 20 ор­чим хүн сэргээшийг тамирчдадаа сис­темтэй хэрэглүүлж байсантай нь холбоотой байв. Тэд хэргээ хүлээс­нээр коммунист дэглэмтэй орнуудын удирдлага сэргээшийг улсынхаа шил­дэг тамирчдыг бэлтгэх хөтөл­бөрийн гол хэсэг болгож байсны нотолгоо боллоо. Гэхдээ ОУОХ болон спортын хол­боод тухайн тамирчин хэргээ хү­лээ­гээгүй нөх­цөлд тамирчдадаа ха­риуцлага хүлээл­гэ­дэг­гүйгээс ийм хэл аманд орсон хүмүүс медалиа ч, тог­тоосон дээд амжилтаа ч алдалгүй хадгалсаар байдаг юм” гэж “New Yourk Times” сонины олон улсын тоймч Майкл Яновский бичсэн байна.

1994 онд Хирошимад болсон Азийн тоглолт дээр Хятадын 11 тамир­­чин, түүний дотор долоон сэлэгч сэргээш хэрэг­лэсэн нь илэр­сэн тул 23 алтан медалийнхаа есийг нь буцааж өгч байв. Шударга спор­тын төлөө тэмцэгчид 2002 онд нэ­гэн хүчирхэг зэвсэгтэй бол­­сон нь нийлэгжсэн сэргээшийн найр­­лагыг хүний шээснээс илрүүлэх Аме­ри­кийн эрдэмтэн Дон Кэтлинийн бо­ловс­руулсан тест юм. Үүнээс өмнө нийлэгж­сэн сэргээш хэрэглэсэн та­мир­­чид гэм зэмгүй өнгөрдөг байв. 2009-2013 онд Зүүн Германд сэр­гээ­шийг “төрийн түвшинд” хэрэглэж байсан талаар Өр­нөдийн хэвлэлд олон­таа бичиж байлаа. Өн­гөрсөн сард Аме­рикийн “Newsweek” сэтгүүлд бич­сэнээр бол 1964-1988 онд 17 сая хү­рэхтэй үгүйтэй хүн амтай байсан энэ улс зөвхөн зуны олимпоос 454 медаль авсан байх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД