Меркелийн өрсөлдөгч тодорхой болж буй бололтой

2015 оны 11 сарын 22

Өнөө цагийн аливаа далайцтай асуудыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэж ча­дах­­гүй гэдэгт эргэлздэггүйгээ Гер­ма­ны Бавар мужийн Ерөнхий сайд Хорст Зее­хофер Мюнхен хотод болсон Хрис­то­сын нийгмийн холбоо намын их ху­рал дээр үг хэлэхдээ илэрхийлжээ. Тэгэх­дээ ийм байр суурьтай байгаа нь АНУ-тай Германы тогтоосон найрамдал нөхөр­лөлийг сэвтээх ёсгүй гэж хэлсэн аж. Тэрбээр ирэх онд өөрийн биеэр Орост очиж Ерөн­хий­лөгч Путинтэй нь уулзах бодол­той­гоо ч нуусангүй.Христосын нийгмийн холбоо намыг 2008 оноос Зеехофер толгойлж буй бө­гөөд сая дахин сонгогджээ. Тус нам Канц­лер Ангела Меркелийн Христосын ард­чил­сан холбоо намтай эвсэл болон эрх барьж буй юм.

Зеехофер лалын шашинтай ор­нуу­даас хүлээж авах дүрвэгсдийн тоог хяз­гаар­лахын төлөө сүүлийн таван жилд идэвх­тэй тэмцэж байгаа. Тиймээс энэ асууд­лаар Меркелийн баримталж буй бодлогыг ил шулуун шүүмжилдэг нь гер­ман­чуудын анхаарлыг ихээхэн та­таж буй аж. Тиймээс ч одоо 61 настай, Канц­лерийн албыг хашаад яг 10 жил болж буй, чансаа нь буурж байгаа Меркельтэй 2017 онд болох Парламентын сонгуульд  өр­сөл­дөх гол хүн нь Зеехофер байх болно гэж үзэж буй юм. Гэхдээ Германы санхүү, эдийн засгийн байдал тогтвортой байгаа болохоор “Меркелийн эрин төгсөх тухай ярих нь эрт” гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм.