Лалынхан хонзонгоо авч эхэллээ

2015 оны 11 сарын 22

Африкийн Мали улсын нийслэл Бамако хотын өндөр зэрэглэлийн Радисон блю зочид буудалд байсан хүмүүсийг энэ сарын 20-нд зэвсэгт этгээдүүд барьцаалж тэднийг чөлөөлж авах явцад олон хүн амиа алдсаны зургаа нь “Волга-Дпепр” компанид ажилладаг оросууд байжээ. Албан ёсны мэдээгээр бол барьцаанд байсан хүмүүсийг суллах явцад 19 хүн амиа алдсан байна. Мали улсад арван өдрийн онцгой байдлын дэглэм тогтоож буйгаа Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта нь мэдэгдсэн аж.Лалын эрс үзэлтнүүд барьцаалсан хүмүүсээсээ коран судраас эш татаж чадсаныг нь суллаж байсан гэнэ.

Мали улсын газар нутгийн ихээхэн хэсэг XIX зууны эцсээс Францын захиргаанд байсан юм. Эндхийн нөөц баялгийг Франц ашиглаж байсан ч дэвшилт өөрчлөлт хийхийг чармайж, боолын хөдөлмөрийг халах талаар зарим алхам хийж байв. Гэхдээ бослого тэмцэл гарахаас болгоомжилж лалын шашны нөлөөг хязгаарлах арга хэмжээ авч байжээ. Тэгсэн хэдий ч нүүдэлчин туарегчууд ширүүн эсэргүүцэл үзүүлж, Францын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг байнга бослого хөдөлгөөн дэгдээдэг байлаа. Гэлээ ч сэлэм, жаднаас өөр гартаа барих юмгүй уугуул хүмүүс орчин цагийн зэвсэгтэй европчуудыг хэчнээн эсэргүүцэх билээ.

Африкийн энэ улс 1960-аад онд тусгаар тогтнолоо олж, туарегчуудын эзэмшлийн газар нутаг нь Нигер, Мали, Алжир, Ливи, Буркина-Фасогийн хооронд орших болов. Гэвч энэ газар нутгийг нь булаан авч, оршин суугчдыг нь хатуу ширүүн нухчин дарж, олноор цаазалж байсан нь тэдэнд арилшгүй гүн шарх үлдээсэн аж. 

1990 онд туарегчууд дахин босон тэмцэж туурга тусгаар улс байгуулахыг шаар­дав. Гол шалтгаан нь өлөн зэлмүүн бай­дал, улс төрийн хэлмэгдүүлэлт бай­лаа. Засгийн газрын арми, босогчдын   хоо­ронд жинхэнэ дайн тулаан болсоор 1995 онд талууд энхийн гэрээ байгуулж, зэр зэвс­гээ шатааж устгав. Туарегчууд өөртөө засах эрхтэй болж, санхүүгийн дэмжлэг ч хүлээлээ.

Тэгж байтал 2012 онд төв Засгийн газартайгаа дахиад л дайтаж эхэллээ. Газар нутгийнхаа умард хэсэгт Азавад гэдэг тусгаар улс байгуулахыг босогчид санаархав. Азавадыг чөлөөлөхийн төлөө үндэсний хөдөлгөөн байгуулж, Ливийн иргэний дайнд оролцож, Муаммар Каддафийн дэглэмийг унагалцсан хүмүүс түүний бүрэлдэхүүнд багтсан байна. Тэдэнд зэвсэг ч элбэг олдох болжээ. “Аль-Кайда”-тай холбоо сүлбээтэй “Ансар-ад-дин” бүлэглэлийн лалын шашинт­нууд босогчдыг дэмжиж  Малийн эрх баригч­дын эсрэг тулалдаж, өөрийн хяналтад авсан газар нутаг дээрээ шариатын хуу­лийг хэрэглэж эхлэв. Гэвч Үндэсний хөдөл­гөө­нийхөнтэйгөө зөрчилдөж, ла­лууд нь үндэсний үзэлтнүүдээ бараг бүг­дийг хотоос нь шахан гаргалаа.Фронт дээр байдал хүндэрсэн тул босогчидтойгоо тэмцэлдэхэд нь гаднаас туслахыг хүсэж Малийн эрх баригчид НҮБ-д хандав. Энэ хүсэлтийг дэмжсэн 2085 дугаар тогтоолоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арванхоёрдугаар сард гаргалаа.

2013 оны эхээр лалынхны эсрэг Францын зэвсэгт хүчин Африкийн улсуудын дэмжлэгийг хүлээн “Сервал” хэмээх ажиллагааг эхлүүлэхэд Францын 4000 цэрэгт 3000 шахам африк хүн туслав. Ингээд таван сарын дотор францчууд босогчдыг эзэлж авсан бүх хотоос нь хөөлөө. Францчуудад ялалт авчирсан энэ жижиг дайн унаж байсан чансаагаа дөрвөн хувиар ахиулах боломжийг Франсуа Олландад олгов. Түүний энэ үйлдлийг францчуудын 44 хувь нь дэмжсэн байна.Мали улсад болсон саяхны үйл явдлыг юуны түрүүнд францчуудад өгсөн цохилт гэж үзэж болно. Малийн умард нутагт өөрийн гэсэн улстай болох мөрөөдлийг нь хэн сүйтгэснийг лалынхан мартаагүй байж. Энэ бол алан хядах анхны үйлдэл биш. Наймдугаар сарын 7-нд Малийн Севарэ хотын Byblos зочид буудлыг хэт даврагчид эзэлж авав. 13 хүний амь хохирсны дотор хүчний байгууллагынхан болон НҮБ-ын ажилтнууд байжээ. Соёлт ертөнц, алан хядагчид хоёрын хооронд жинхэнэ дайн болж байна. Иргэдээ шинэ дайралт довтолгоонд бэлэн байхыг Францын Ерөнхий сайд Мауэль Вальс сая уриаллаа.