Л.МИНЖИН: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ САХИУЛАХ ҮҮРЭГ ЦААШДАА ӨРГӨЖИХ ЗҮЙ ТОГТОЛТОЙ

2015 оны 11 сарын 20

Гадаад худалдаа, гаалийн бодлогын асуудлаар профессор Л.Минжинтэй ярилцлаа.

-Гаалийн албаны үндсэн чиг үүрэг, зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмын талаар тодруулж ярилцлагаа эхлэе.

- Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий гаалийн алба нь хуульд зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.

Дэлхий дахинд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд эдийн засгийн харилцааны шинэ шинэ хэлбэрүүд үүсэж, улмаар хоёр талын зохицуулалтаас хальж, олон талын зохицуулалт болох олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулж ирлээ.

Түүгээр улс хоорондын бараа, үйлчилгээний худалдаа, мөнгө, төлбөр, зээл, хөрөнгө оруулалт, технологийн шилжилтийн асуудал тодорхой хэмжээгээр зохицуулагдаж байгаа ч тэр нь аль нэг улсын хөрсөн дээр буухдаа тухайн улсын худалдаа, гаалийн бодлогоор шүүн тунгаагдана.

Ийм учир гаалийн бодлого нь төрийн гадаад, дотоод эдийн засгийн бодлогын салшгүй үргэлжлэл байдаг.

Эдийн засгийн харилцаа ямар хэлбэрээр тогтсон нь хамаагүй, улсын хилээр хүн эсхүл бараа, тээврийн хэрэгсэл, түүний дотор мөнгө, оюуны өмчийн урсгал нэвтрэн өнгөрдөг. Энэ бүхэнд таатай боломж олгох зорилгоор хөрш улстайгаа харилцан зохицож, мөн улсынхаа аюулгүй байдал, эрх ашгаа харилцан тооцож үзсэний үндсэн дээр улсын хилийн боомт нээж ажиллуулдаг олон улсын жишиг тогтсон байдаг.

Хилийн боомтоор нэвтрэх хүнийг хилийн цэргийн алба (шалган нэвтрүүлэх гэж нэрлэдэг) шалгадаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг бий. Хүнээс бусад хянаж болох бүх объектыг гаалийн хяналт, шалгалт хийж хил нэвтрүүлдэг.

Эдийн засгийн хилээ хамгаалах гаалийн албаны үндсэн чиг үүрэг үүгээр илэрч байна. Хилийн цэрэг нь улсынхаа хилийг бүхэлд нь дархлан хамгаалдаг бол гаалийн байгууллага нь хилийн боомтоор тогтоосон гаалийн хяналтын бүсэд л эрх үүргээ хэрэгжүүлж, мөн нутгийн гүн рүү эрх үүрэг нь зарим талаар хязгаарлагдаж, нутгийн гүн дэх гаалийн байгууллагад шилждэг.

Үүнээс үүдээд хилийн болон гүний гаалийн байгууллага, гаалийн хяналт, шалгалт гэдэг эрх зүйн харилцааны ойлголт гарч ирдэг.

-Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нь гаалийн албаны гол үүрэг юм бол эдийн засгийн аюулгүй байдлын агуулга, хамрах хүрээ, үр дагавар, түүнийг хамгаалах арга хэрэгслийн талаар тодруулж ярих уу?

-Эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, хамгаалах асуудал маш өргөн хүрээтэй. Нэн тэргүүнд монгол хүн эх орныхоо баялгийг бие дааж эзэмших, орлогоо олон нийтэд хүртээмжтэй тэгш хуваарилах боломжоо алдахгүй байх нь чухал.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хэт шүтэж, нэг ёсондоо төрийн хяналтаа алдсан, эзэнгүй нутаг дэвсгэр мэт аашилж байгаа харийнхныг даврахаас сэргийлэх ёстой.

Стратегийн ач холбогдолтой импортын барааны хувьд манай улс бусад орны хараат болсон. Саармагжуулах бодлогоо идэвхжүүлэх ёстой.

Экспортын гол нэрийн барааны зах зээл хязгаарлагдмал болж, нэн ялангуяа эрдэс, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж, хямдхан ч гэсэн худалдаж, валютын орлого олох үүднээс болж нэг орны түүхий эдийн хавсарга болох замд ороход бэлэн болжээ.

Бодлогоо шинэчлэх цаг болсон байна. Өр зээлийн дарамтанд орж, төлбөрийн чадваргүй болж, дефолт зарлах, цаашлаад газар нутгаа болон орд газраа барьцаалж, бүр газар нутгийнхаа хэсгийг өрөнд өгдөг бусдын гашуун туршлагаас сургамж авч, өр зээлийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоод зах зээлээ гадаадын сөрөг нөлөөлөл, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах бодлогоо тууштай шинэчилж, хямд үнэтэй чанаргүй барааны зах зээл болохоос сэргийлж, гадаад худалдаа, гааль, аж үйлдвэрийн бодлогоо уялдуулах нь чухал байна.

-Гадаад худалдааны бодлого, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаагаас шалтгаалан гаалийн бодлого зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд ямар хүндрэл учирч байна вэ?

-Юуны урьд хөрш хоёр оронтойгоо гаалийн бодлогоо зохицуулах, зам тээврийн асуудлыг шийдэх, ялангуяа одоо эхлэл төдий байгаа мах экспортлох яриа хэлэлцээгээ үр дүнд хүргэх нь чухал. Ер нь Монгол орны мал аж ахуй болон газар тариалангийн эко хүнсний талаар олон улсын хэмжээнд бүхий л шугамаар сурталчилж, гаалийн хөнгөлөлт авахыг бодох нь зүйтэй.

Импортоор авах өндөр технологи бүхий, мөн экологид ээлтэй үйлдвэрлэл явуулдаг техник, тоног төхөөрөмжийг гаалийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргаар дэмжиж болно шүү дээ. Энэ тал дээр саяхан Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан нь эхлэл гэж бодож байна.

Гэхдээ түншүүд маань манай түүхий эдийг ямар ч боловсруулалтгүй авч, өөрсдөө боловсруулах замаар үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг бүтээх сонирхолтой байдаг. Хоёр талын ашиг сонирхол ийнхүү зөрчилдөх нь байх ёстой асуудал хэдий ч гадаад худалдааны талаар төр засгийн хэмжээнд хэлэлцэн тохирч уян хатан бодлогоор гарц олж болдог.

Үйлдвэрлэл хөгжсөн орнууд нь буурай хөгжилтэй орнуудыг түүхий эдийн байнгын хавсарга болгох бодлого барьдаг нь үнэн. Ер нь түнш орнуудынхаа бодлогыг тооцон үзсэн гадаад худалдааны ухаалаг бодлоготой улс орнууд хөгждөг нь тодорхой.

Гаалийн зохицуулалт, үйл ажиллагаанд тулгарч байдаг олон бэрхшээл хүндрэлүүдээс ганц хоёрыг онцлон дурдъя. Нэгдсэн бодлогогүйгээс тусгай зөвшөөрөл болон лицензийг холбогдох төрийн захиргааны бүх байгууллага олгодог болсон нь хяналт тавих үүрэгтэйгээ зөрчилдөж байгаа юм.

Үүнээс болж химийн аюултай хорт бодисууд ихээр орж ирэх, түүх соёлын үнэт зүйлс, үнэт металл, чулуу, ховор амьтан, ургамал гадагш гарах нь ихэссэн.

Эрх бүхий байгууллагын лицензтэй, эсхүл тусгай зөвшөөрөлтэй л бол гаалийн байгууллага нь ямар ч саадгүй улсын хилээр нэвтрүүлдэг эрх зүйн орчинтой байна. Идлэг шонхор шувууны талаар дуулиан болж байгаа нь үүний нэг жишээ.

-Гааль, тарифын зохицуулалтын арга хэрэгслийн гол объект нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан зүйлс юм байна. Энэ талын бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Тарифын бус зохицуулалтын хамгийн хүнд гэж үзэх хэлбэр нь хориглох хэм хэмжээ. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг УИХ-аас гаргадаг. Онцолж үзэхэд олон улсын хэллэгээр “техникийн зохицуулалт” гэдэг түр зуурын хориг тавих арга хэмжээг манай орон өргөн хэрэглэдэг.

Жишээ нь, шүлхий өвчин, шувууны болон гахайн ханиад гарсан гээд л гахайн мах, шувууны мах, өндөг оруулахыг хориглох явдал удаа дараа гарав.

ОХУ, БНХАУ манайхаас малын шүлхийгээр шалтгаалан мах авахгүй байгаа нь мөн л хорио цээртэй холбоотой техникийн зохицуулалт юм. Хар тамхины худалдаа, хэрэглээ манай улсад хяналтаас гарахад хүрсэн.

-Ер нь улсын хилийн боомтод хилийн хяналтын ямар албад, ямар үүрэгтэй ажилладаг вэ?

-Аливаа хөрш улсын хилийн боомтод ажилладаг хяналтын албад нь ерөнхийдөө нэг стандартад орсон гэж хэлж болно. Иймээс хөрш орнууд харилцан адил хилийн боомт нээхэд тавигдах нэг гол шаардлага нь ижил эрх, үүрэг бүхий албад ажиллуулах.

Тиймээс хилийн цэрэг нь хүнийг шалгах, гааль нь бараа, тээврийн хэрэгслийг шалгах, мөн мэргэжлийн хяналтын албад болох ариун цэвэр, халдвар судлал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, чанарын хяналтын гэсэн албад олон улсад нээлттэй томоохон боомтуудад заавал ажиллах стандарттай.

Зарим улсад хилийн боомтод цагаачлалын алба ажиллуулдаг тохиолдол байдаг. Манай улс ч үүний нэг.

Гаалийн байгууллагын нэг онцлог нь босоо удирдлагатайн зэрэгцээ улсын хил нэвтрүүлэх тэр агшинд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний эрхэнд халдаж шалгалт хийдэг эрх, үүрэгтэй. Энэ нь мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, нэг мөр болсон жишиг.

Гэтэл улсын хилийн боомт болон гүний гаальд ч ялгаагүй эдгээр хяналтын албад нь давхар шалгалт хийж, хүнд суртал, дарамт үзүүлж байна гэсэн гомдол тасардаггүй. Энэ гомдол шүүмжлэл нь гол төлөв гаалийн байгууллагын хаягаар гардаг нь үйлчлүүлэгчид нь хяналтын албадын ажил, үүргийн ялгааг сайн мэдэхгүйтэй холбоотой болов уу.

Олон нийтийн шүүмжлэл, сэтгэл зүйн таагүй уур амьсгал нь гаалийн байгууллагын хаягаар төр засгийн удирдах хүмүүст очдогоос тэд ч гэсэн гаалийн албаны хувьд сөрөг ойлголт авч байгаа нь үнэн.

-Улсын хилийн боомт дахь хилийн гааль болон нутгийн гүн дэх гаалийн байгууллагын эрх, үүрэг, хяналт шалгалтын зохион байгуулалт болон эрх зүйн орчинд ялгаатай тал байна уу?

- Гүний гааль гэж экспорт, импортын барааг илгээх, хүлээж авах тээвэр, ложистикийн үйлчилгээ бүхий төв суурин газарт байдаг гаалийн хяналтын бүсийг хэлдэг. Улсын хилийн боомтод гол төлөв зорчин явагчид, тэдний тээш, хувийн хэрэглээний эд юмс гаалийн хяналт шалгалтад хамаардаг бөгөөд импортын бараа, вагон, чингэлэг, битүү авто тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллага хяналт хийнэ.

Гүний гаалийн хяналтын бүсэд тухайн барааг хүлээн авагч гаалийн бүрдүүлэлт хийлгэж бараагаа авах буюу илгээх ёстой. Гүний гаалийн байгууллага Улаанбаатар хотод гэхэд “Туушин”, “Монголтранс”, “Олон улсын тээвэр зуучлалын төв” гэх мэт 10 гаруй бий.

Хилийн боомтод импортын бараа бараг буудаггүй учир хилийн гаалийн байгууллага гол төлөв импортын бараатай тээврийн хэрэгслийн лац, ломбо нь зөрчилгүй бол шалгалгүйгээр гүний гаальд мэдээлнэ. Эндээс үзэхэд улсын хилийн боомт дахь хил, гаалийн хяналт шалгалт нь импортын барааны хувьд хязгаарлагдмал байгаа нь тодорхой байгаа биз.

Нөгөө домог болон яригддаг ургамлын тос гэсэн нь архи болж, кетчуп нь виски болж, спирт нь ус болж тогтоогдсон, хэдэн арван мянган бууны сум нуусан энэ тэр чинь гүний гаалийн шалгалтаар илэрдэг.

Импортын бараа тээвэрлэсэн вагон, чингэлэг зэргийн лац, ломбо нь хөдлөөгүй бол тээврийн хэрэгслийг хилийн боомтод нээж шалгалгүйгээр нэвтрүүлдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Олон улсын тээврийн болон гаалийн гэрээ хэлэлцээрүүд ийм заалттай. Улаанбаатарын төвд зогсож байгаа вагон, чингэлэгт үнэхээр юу ч байж болно.

Хилийн боомт дахь бүх хяналт шалгалтын байгууллагуудын эрх үүрэг нь нутгийн гүнд хязгаарлагддаг. Гүний гааль нь гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө сэжиг илрээгүй бол шалгах эрх үүрэг нь бас хязгаарлагдмал.

Гүний гаальд шалгалтыг зохих ёсоор хийх, татвар хураамж авах, лабораторийн шинжилгээ хийх, хууль, хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах зэрэг бүх орон зай, цаг хугацааны болон техникийн зэрэг нөхцөл бүрдсэн байдаг учир гаалийн хэрэг зөрчил олноор илэрдэг гэж болно.

-Олон нийтийн дунд байгаа ойлголтоор гаалийн байгууллага нь татвар хураамж цуглуулж, улсын төсвийн орлого бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Татварын байгууллагад хамгаалан зохицуулах чиглэлтэй хууль сахиулах үүрэг нь давамгайлдаг юм байна.

-Татварын хувьд гаалийн байгууллага нь холбогдох хуулийн дагуу гаалийн, НӨАТ, онцгой албан татвар болон автобензин, дизелийн түлшний, замын сангийн албан татвар авдаг.

Экспортын бараа нь үндсэндээ гаалийн тарифаас чөлөөлөгдсөн. Ганц, хоёр тусгай татвартай түүхий эд бий. Тэгэхээр экспортын татварын орлого гэж бараг байдаггүй.

Импортын бараанаас дээр дурдсан албан татвар авдаг боловч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хавтгайрч, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явц өргөжин, гаалийн тарифыг бууруулах талаарх Дэлхийн худалдааны байгууллагын бодлого зэргээс болж гаалийн байгууллагаас бүрдүүлэх төсвийн орлого цаашид ч буурах хандлагатай.

Мөн үндэсний үйлдвэрлэл хөгжиж, импортыг орлох (цемент, нефть бүтээгдэхүүн гэх мэт) барааг дотооддоо үйлдвэрлэдэг болоход эдгээр барааны импорт, татварын орлого бас буурах нь тодорхой. Дашрамд дурдахад, гадаад худалдааны бодлогоор гаалийн ялгавартай тариф хэрэглэх цаг болсон болов уу.

-Гаалийн албаны хүний нөөцийн бодлого, хөгжлийн байдал, албан хаагчийн ёс зүйн талаар та юу хэлмээр байна. Олон түмний дунд гаалийн байцаагчдын талаар таагүй сэтгэгдэлтэй байдаг нь нууц биш.

-Гаалийн ажилтны зан харилцаа, хүнд суртал, цаашлаад ёс зүйн талаарх шүүмжлэл байнга гарч байдаг. Энэ нь гол төлөв нэг үхрийн эвэр цохивол, мянган үхрийн толгой доргих гэдэгтэй төстэй.

Харин боловсон хүчнийг сонгож авахад гаднын ямар нэг нөлөөгүйгээр, байгууллага өөрөө хамт олноороо шийддэг байж л тус алба төрийн тусгайлсан чиг үүргээ биелүүлнэ.

Тэртээ 1924 онд гаалийн албаны боловсон хүчин бэлтгэхийг чухалд үзэж, гаалийн нягтлан бодохын сургууль (одоогийн СЭЗДС-ийн үндэс) байгуулж, мөн л сонгож авах, сургах, байршуулах зэрэг ээдрээтэй асуудлын эхлэлийг тавьсан түүхтэй.

Гадаад харилцаа өргөжин тэлсэн 1950-иад оны эцсээс эхлэн боловсрол, мэргэжлийн хажуугаар тэр үеийн шаардлагаар орос, хятад хэлтэй хүний шаардлага тавигдсанаас гаалийн албанд дээд боловсролын мэргэжлээс гадна гадаад хэлтэй хүн ажиллуулахаар хуульчилсан.

Ер нь хилийн боомтын гаальд хөрш орныхоо хэлийг сайн мэддэг хүн ажиллуулдаг олон улсын практик бий.

Сүүлийн жилүүдэд төрийн бүх албанд дэлгэрсэн гажуудал гаалийн албыг ч тойроогүй. Харин ч миний өмнө хэлснээр ашиг сонирхлын үүднээс, бас ёс бус томилгооны хар гайгаар гаалийн албаны нэр хүнд дэндүү унасан. Энэ байдал нь гаалийн албыг татан буулгах шийдвэр гаргахад ямар нэг шалтаг болсон ч байж мэднэ.

-Гааль, татварын албыг нэгтгэж, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага болгож цомхотгохоор Засгийн газар, УИХ-д санал оруулаад байна. Энэ хэр оновчтой гэж үзэж байна вэ?

-Гаалийн албаны нэг өвөрмөц онцлог нь аль ч улс оронд босоо удирдлагатай байдаг зарчимтай. Энэ нь хэний ч нөлөөнд үл автагдах гэсэн үг. Төв, орон нутгийн засаг захиргаанд харьяалагдахгүй байдаг нь аймаг, хотын гаалийн бодлого, үйл ажиллагаа гэж байх ёсгүйг харуулж байгаа юм.

Харин Татварын алба нь засаг захиргааны харьяалалд захирагдсан хэвтээ тогтолцоотой шүү дээ. Тэгэхээр удирдлагын зарчим нь эсрэг тэсрэг байгаа биз.

Энэ хоёр байгууллагын татвар хураах эрх зүйн орчин нь бас өөр. Энэ бол нэг хэрэг. Өөр нэг асуудал бол хөгжилтэй орнуудын нэр барьсан үндэстэн дамжсан бизнесийн бүлэглэлүүд буурай хөгжилтэй, түүхий эдийн баялагтай орнуудын баялагт эзэн суухын тулд тухайн улс орныг өр зээлийн дарамтад оруулж, эрхшээлдээ байлган, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлж, төрийн хяналтын механизмыг сулруулж, төрийг эзэнгүйдүүлэх, баялгийг нь дураараа цөлмөх замаа нээдэг.

Үүний тод жишээг “Хар Африкийн зам” гэж нэрлэгдсэн эмгэнэл харуулж байна. Олон улсын хэмжээнд гарч ирсэн “Баялгийн хараал”, “Эдийн засгийн алуурчид” гэдэг нэр томъёо үүнтэй холбоотой. Харин үүнд нь магадгүй гаалийн алба саад болж байгаа ч юм бил үү. Үгүйсгэх аргагүй шүү дээ.

Нөгөө талаар гаалийн байгууллагыг улс төржүүлж, Засгийн газар өөрчлөгдөх бүрт л элдэв томилгоо хийж, боловсон хүчний нөөцийн чанар буурч, ажил, үүргээ хуулийн дагуу гүйцэтгэхэд саад, хаалт болж байна. Тэгэхээр Гаалийн байгууллагын ажиллагсдын эерэг, сөрөг үйлдэл нь хариу арга хэмжээнд өртөж байгааг үгүйсгэхгүй.

Зарим улс оронд гаалийн байгууллагын хууль сахиулах чиг үүргийг тодотгон авч үздэг бол, зарим улсад худалдааг зохицуулах үүргийг илүүд онцлон гадаад худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын байгууллагад харъяалуулсан байдаг.

Ер нь ингэснээр нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах учиртай. Тэгээд ч хил дээр хууль ёсны худалдааг хөнгөвчилж, хууль бус худалдааг таслан зогсоох асуудал чухлаар тавигдаж байгаа. Европын холбооны гишүүн орнууд нь гаалийн нэг нутаг дэвсгэр учир хилийн боомтын нэг шалгалттай мэт боловч орон бүр гүний гаалийн шалгалттай шүү дээ. Үүнийг андуурч болохгүй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.118.98 Үүнийг эрхмүүд ойлгохгүй байгаа нь их харамсалтай. Хэзээ нэг нүүдэл суудлаа олж тогтовортой болох юм байгаан.