Орост тавьсан хоригоо сунгана

2015 оны 11 сарын 19

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд хүч чармайлтаа нэгтгэхээ үл харгалзан Европын холбоо болон АНУ Оросын эсрэг хоригоо сунгаж, хүрээг нь тэлэхээр төлөвлөж байна гэж Брюссель, Вашингтоны эх сурвалжаас иш татан “The Wall Street Journal” мэдээлжээ. Энэ асуудлыг ирэх сарын дундуур болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар ярилцах юм байна. Одоогоор хоригийг зургаан сараар сунгах, шууд нэг жилээр уртасгах, эсвэл Украины асуудлаар Москва буулт хийж буйн хариуд ердөө дөрвөн сараар сунгах гурван хувилбар байгаа аж. Дээрх хэвлэлд мэдээлснээр бол Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх хүртэл нь Орост эдийн засгийн шахалт үзүүлсээр байх талаар Брюссельд ярилцсан юм байна.Орост тавиад мөрдөж буй хориг 2016 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хүчинтэй байгаа. Энэ оны зургадугаар сарын 22-нд Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Брюссельд уул­захдаа ийм шийдвэр гаргасан юм. Энэ хоригийн зэрэгцээ АНУ, Норвег, Япон, Австрали, Канад улс Москвад хязгаарлах арга хэмжээ аваад буй. Хориг банк, нефть, батлан хамгаалах салбарыг хамарч байгаа юм.