Айлгах зорилготой юм болов уу

2015 оны 11 сарын 19

“Исламын улс”-ын алан хядагчид Хятад, Норвегийн иргэдийг цаазалж буй тухайгаа өөрийн сурталчилгааны сэтгүүлд нийтэлсэн байна. Фото зургаас нь үзвэл тэднийг буудаж хороосон бололтой. Гэвч өөрийнх нь иргэнийг цаазалсан гэх нотолгоо байхгүй гэж Норвегийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн бол Хятадын эрх баригчид болон Төрийн “Синьхуа” агентлаг алан хядагчдын сурталчилгаанд ямар нэг хариу үйлдэл хийсэнгүй.48 настай, Осло хотод оршин суудаг Оле Йохан Гримсгаард-Офстад, Бээжинд амьдардаг Фань Цинхуэй нарыг “арилжихаар” есдүгээр сарын эхээр алан хядагчид зарлажээ. Тэгэхэд иргэнээ худалдаж авах бодолгүй байна гэж Норвегийн Ерөнхий сайд Эрна Сольберг хэлсэн бол иргэн нь хулгайлагдсан байж болох ч баттай нотолгоо өгөөгүй хэмээн Хятадын тал мэдэгдсэн аж.Лалын алан хядагчид олзолсон, барь­цаалсан хүмүүсээ олны нүдэн дээр цааз­лахыг илүүд үзэх болжээ. Японы сэтгүүлч Харуна Юкаваг хороосноо нэгдүгээр сарын 24-нд зургаар харуулсан бол бас нэг япон хүн Кэнзи Готог хо­роож буйг харуулсан бичлэгийг долоо хо­ногийн дараа цацаж байсан. Сүүлийн хоёр жилд Америкийн иргэн Питер Кэссиг, Британийн харьяат Алан Хеннинг, Дэвид Хейнс, хорват үндэстэн Томислав Салопек нар тэдний гарт амиа алдсан юм.