“Бид зорилгодоо хүрэхэд ойрхон очсон”

2015 оны 11 сарын 19

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг есдүгээр сард Орост айлчлахад Путиний өгсөн бэлэг гайхлыг нь төрүүлсэн гэнэ. Еврейн улсыг үндэслэгчдийн нэг, Засгийн газрын нь анхны тэргүүн Давид Бен-Гурионы захидлыг Путин түүнд өгсөн байна. Уг захидлыг Оросын Засгийн газар нэгэн дуудлага худалдаанаас авчээ.Захидал одоо Беньямин Нетаньяхугийн өрөөнд байдаг аж. Бен-Гурион тэр захидлыг 1970 онд бичсэн бололтой. Тэр үед үүрэгт ажлаасаа нэгэнт хөндийрсөн байсан Бен-Гурион дайн дажны аюулаас болж хэцүүхэн болоод байсан Израилийн эдийн засгийн байдлын талаар захидалд өгүүлсэн байв.

“Израилийн эдийн засгийн байдал түвэгтэй байгаа нь аюулгүй байдлаа хангаж чадахгүй, дайны аюул заналхийлж байдгийн уршиг юм. Гэлээ ч гаднаас хүмүүс цагаачилж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд дахиад 5-6 сая еврей хүн хэрэгтэй” гэж бичсэнийг Нетаньяху иш татжээ. “Бид зорилгодоо хүрэхэд ойрхон очоод байгааг би одоо Бен-Гурионы шарилын дэргэд  хэлж чадна. Израилийн хүн ам найман сая болсны зургаан сая нь еврей. Бид удахгүй 10 саяул болно. ДНБ маань ч хагас их наяд доллар болно” гэж тэрбээр хэлжээ.