УСТГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2015 оны 11 сарын 19

Энэ оны аравдугаар сарын 31-нд Синайн хойгийн тэнгэрт Оросын А321 онгоцыг сөнөөхөд оролцсон хүмүүсийг олж устгах тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбогдох хүмүүст уржигдар өгөв. Сирид Оросын нисэх хүчний ажиллагааг эрчимжүүлэхийг тэрбээр шаардаж, алан хядагчдын эсрэг тэмцэлдээ Орос улс түншүүдийнхээ дэмжлэгийг авна гэж найдаж буйгаа илэрхийллээ.

“Алан хядах энэ балмад ажиллагааг зохион байгуулахад оролцсон хүмүүсийг олж тогтоохыг манай тусгай албадад Ерөнхийлөгч даалгаж, тэднийг газар нутгийн байрлалаас нь үл хамааран дэлхий дахинаар эрэн хайж, цаг хугацаа өнгөрөхийг үл харгалзан бүгдийг нь устгахыг тушаасан” гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгчийнхөө үгийг тодруулав.

Үйл явдал ийм маягаар өрнөх нь зайлшгүй байсан гэж хэлж болно. Лалын эрс үзэлтнүүдтэй Орос улс дайн зарласаар бараг 20 жил болж буй болохоор алан хядах аюул түүнд нүүрлэх байсан нь ойлгомжтой.

Олон улсын алан хядагч “Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд нь Дамаскад цэргийн шууд дэмжлэг үзүүлэх шийдвэр Москва гаргаж, Оросын Агаар-сансрын хүч Сирид байлдааны ажиллагаа явуулж эхэлснээр нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт оруулсан юм. Учир шалтгаан нь тун энгийн.

Хуучин ЗХУ, түүний дотор Оросын Умард Кавказаас гаралтай олон хүн “Исламын улс”-ын талд байлдаж яваа билээ. Тэднийг гэртээ эргэж ирэхийг нь хүлээснээс хилийн чанадад байхад устгасан нь өлзийтэй. Түүнээс гадна Башар Асадын Засгийн газар уначихвал “Исламын улс”-д асар том ололт болохоор барахгүй эндээс суларсан хүчээ лалынхан өөр газар байлдаанд оролцуулах боломжтой болох юм.

Далавчит пуужин оролцуулан агаараас Орос эрчимтэй цохилт өгч буй нь алан хядагч бүлэглэлийн эсрэг довтолгоонд орж, тодорхой амжилтад хүрэх боломжийг Сирийн Засгийн газрын цэрэгт олгосон аж. Оросын зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах зөвшөөрлийг Холбооны зөвлөл 2015 оны аравдугаар сарын 30-нд олгохдоо газар зүйн болон цаг хугацааны хязгаар тавиагүйг сануулахад илүүдэх юун.

Энэ нь үнэн хэрэг дээрээ Орос улс, түүний иргэдийн эсрэг алан хядах дайралтад хамаатай бүхнийг “устгах тусгай зөвшөөрөл” өгсөн гэсэн үг. Алан хядагчдын толгойг авах Чеченийн дайны үеэс эхэлсэн ав хоморго үргэлжилж байна гэж Москва мэдэгдсэн юм.

Алан хядагчдыг хайх, устгахад улсын хил саад болохгүй гэж Дээд ерөнхий командлагчийн шийдвэрт хоёрдмол утгагүй, шууд шулуун өгүүлжээ. Байлдааны ажиллагаа одоогоор Сирийн хилээс халиагүй байгаа ч цаашдаа Ирак хийгээд Ойрхи Дорнодын бусад улсын нутаг дэвсгэр дээр үргэлжлэхийг үгүйсгэхгүй аж.

Ажиллагаа янз бүрийн хувилбартай байж болох бөгөөд нисэх онгоцоор довтлох, далавчит пуужингаар цохилт өгөх нь нэг л хувилбар нь юм байна. Ээлжит ийм цохилтыг энэ сарын 17-ны шөнө өгсөн бөгөөд уг ажиллагаанд Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд, алсын зайнаас бөмбөгдөгч зэрэг гол үйл явдлаас хөндий байсан зэвсэг, техникийг оролцуулсан юм.

Үүнээс гадна алан хядах явдалтай хийдэг тэмцлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн практикт онцгой нарийн, мэс заслын гэмээр арга хэрэглэх нь бий. 1972 оны есдүгээр сарын 5-нд Мюнхен хотод Израилийн шигшээ багийнхныг барьцаалсан явдал болсон.

Түүнийг Палестиний “Хар есдүгээр сар” хэмээх алан хядах байгууллага зохион байгуулсан байв. Тамирчдыг чөлөөлөх ажиллагааны түүхийн талаар олонтаа бичсэн бөгөөд түүнийг олон хүний амь үрсэн, Германы тусгай албадын шившгийг дэлгэсэн явдал болсныг яалт ч үгүй хүлээн зөвшөөрсөн юм.

Тухайн үед Голда Мейрийн тэргүүлж байсан Израилийн Сайд нарын танхимын гаргасан шийдвэр тэгэхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. “Хар есдүгээр сар”-ын удирдагчдыг олж, устгахыг Израилийн тусгай албадад үүрэг болгосон байна.

Мэдээллүүдээс үзвэл “Бурхны хилэн” гэсэн томъёолсон нэр авсан уг ажиллагааг хууль бусаар гурав дахь орнууд (Франц, Грек, Итали, Норвеги, Ливан, Кипр)-ын нутаг дэвсгэр дээр явуулсан аж. Тэгээд 1973 оны зун болоход Израилийн тусгай албад “Хар аравдугаар сар”-ын 13 зүтгэлтнийг устгасан байв.

Уг нь 17 хүнийг устгахаар төлөвлөсөн байжээ. Харин тус бүлгийн удирдагч, “Улаан ханхүү” Али Хасан Салямийг 1979 он гарахаас өмнө Бейрутэд машиныг нь дэлбэлж хороосон аж.

Оросын тусгай албад ч ийм аргыг түгээмэл хэрэглэдэг юм. Чеченийн салан тусгаарлагчдын удирдагчдынх нь нэг, Арабын орнуудтай холбоотой байх ажлыг хариуцаж байсан Зелимхан Яндарбиевийг устгасан ажиллагаа нэлээд томоохонд тооцогдох болов уу. Түүнийг 2004 оны хоёрдугаар сарын 13-нд Катарын нийслэл Доха хотод хороосон байна.

Нотлогдоогүй эх сурвалжид өгүүлснээр дэлбэрэх төхөөрөмжийг Оросын дипломат шуудангаар Дохад аваачиж машинд нь байрлуулжээ. Дэлбэрэлтэд Яндарбиев хоёр бие хамгаалагчтайгаа өртөж амиа алдсан байна. Яндарбиевийн хүү 13 настай Дауд сүрхий түлэгдсэн ч амьд үлджээ.

Үүнээс хэд хоногийн дараа энэ хэрэгт сэжиглэн Оросын хоёр иргэнийг баривчилсан, тэдний овог, нэр одоо хэр нь тодорхой болоогүй байгаа. Тэднийг Оросын дипломатчийн эзэмшилд байдаг сууцнаас баривчилсан байдаг. Катар дахь Оросын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Фетисовыг тэдэнтэй хамт саатуулаад удалгүй сулласан.

Хожим нь түүнийг эх оронд нь буцаасан аж. Яндарбиевийн эсрэг явуулсан ажиллагаанд Орос, Америкийн тусгай албад гар нийлж оролцсон гэсэн албан бус мэдээ байдаг. Яндарбиевийн явдаг зам мөрийн талаарх мэдээллийг Америкийн тагнуулын байгууллага Москвад нэг гараараа дамжуулаад, Яндарбиевийг устгах ажлыг гүйцэтгэсэн хүмүүсийг нөгөө гараараа Катарын тусгай албадад өгсөн гэдэг.

Эцэст нь хэлэхэд Оросын “Когалымавиа” компанийн А321 онгоц Синайн хойгт сүйрсний хариуцлагыг хүлээнэ хэмээн “Исламын улс”-д үнэнч явахаа тангарагласан “Вилайят Синай” байгууллага уг ослын дараахан мэдэгдсэн юм.

Америк, Британийн тусгай албад болохоор зохион байгуулалттай үйлдэл гэдэгт эргэлзэхгүй байгаагаа эхнээс нь л хэлж байжээ. Түүгээр ч барахгүй “Вилайят Синай”-н толгойлогч Абу Усама аль-Масри гэдэг хүний нэрийг ч дурдаж байв.

Синайн хойгийн умард нутгийг хэзээнээс аюултай, стратегийн хувьд чухал газар гэж Египет үзсээр ирсэн аж. Цац хөшөөнүүдийн орныг Ойрхи Дорнодтой холбодог зам дайрч өнгөрдөг энэ нутгийг Гаазын зурвастай залгаа хилээр нууц худалдаа, дамын наймаа голлон эрхэлж, аж төрдөг нүүдэлчин арабуудын омог эзэмшин сууж байдаг гэнэ.

Хойгийн өмнөд нутгийнхан рашаан амралт сувиллын бизнес эрхлэн эрчимтэй хөгжиж байхад умард нутагт нь ядуурал газар авсаар байв. Нүүдэлчин арабууд төр, засгийнхаа үгнээс өөрийн шашны номлогч, омгийн удирдагчдынхаа лүндэнг илүүд үзэн, эрх баригчдаас аль болохоор нүүрээ буруулж байдгаас тэднийг зөнд нь орхисон байна.

“Арабын хавар” эхлэх үед нүүдэлчин арабууд төв Засгийн газартаа ихээхэн гомдол хуримтлуулчихсан байв. Ийм хүмүүсийн гол нь яахаа мэдэхээ байсан залуус байлаа. Тэднийг цэрэгт татахгүй, цагдаагийн байгууллагад ажиллуулахгүй.

Гэтэл өмнөд нутгийн “Ах дүү нар” нь аялал жуулчлалын бизнесээс орж буй мөнгөний бүх урсгалыг гартаа атгаж байв. Ингээд Синайн өмнөд хэсэг аялал жуулчлалаас олсон мөнгөөр туйлж байхад умард хэсэг ядуурлын балчигт улам бүр шигдсээр.

Шашинд ихэд мунхарсан, ядуу, өөрөөсөө бусдад гомдож тунисан энэ хүмүүс лалынхны хувьд үржил шимтэй хөрс байлаа. Амралт сувиллын Шарм-эль-Шейх хотод 2005 онд дэлбэрэлт болж 88 хүн амиа алдсаны дийлэнх нь нутгийн иргэд байснаар түгшүүрийн хонх энд анх дуугарчээ.

Энэ үйлдлийн хариуцлагыг “Аль-Кайда”-тай холбоо сүлбээтэй, хойгийн умардад байдаг хэд хэдэн байгууллага хүлээв. Тэр үед Египетийн хүчний байгууллага нөхцөл байдлыг хянаж чадаж байлаа.

2011 оны хоёрдугаар сард Хосни Мубаракийн дэглэмийг унагасны дараагаас л жинхэнэ түвэгтэй байдал бий болж эхэлсэн аж. Улс орноо хатуу гараар захирч, ээлж халаагүй мэт байсан Ерөнхийлөгчийн халааг түр Засгийн газар авмагц омгууд хөдөлгөөнд орлоо. Эхлээд нүүдэлчин арабууд Израиль руу цэнхэр түлш урсдаг хий дамжуулах хоолойг дэлбэлэв.

Дараа нь цагдаагийн ажилтнууд болон цэргийн алба хаагчид руу дайрч довтлох боллоо. “Аль-Кайда”-тай холбоотой байдаг “Ансар Байт аль-Макдис” бүлэглэл хамгийн хэрцгий аллага үйлдэх болжээ. Ингээд Египетэд халифат (улс) байгуулахаар төлөвлөж буйгаа 2011 оны наймдугаар сард зарлалаа.

18-ны өдөр дайчдын хэд хэдэн бүлэг Израилийн газар нутаг руу нэвтэрч ороод энгийн иргэд сууж явсан автобуснууд руу гал нээжээ. Долоон хүний амь хохиров. Тель-Авивын зөвшөөрснөөр Египетийн арми “Орел”, “Синай” гэсэн томъёолсон нэртэй байлдааны ажиллагаа явуулж, байдлыг ямар ч байсан нэг удаадаа тогтворжуулаад авлаа.

2013 оны тавдугаар сард Египетэд дахин төрийн эргэлт болж, цэргийнхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг унагачихав. Мурсийг “төрүүлсэн” “Лалын ахан дүүс” бүлэглэлийг алан хядагч байгууллага хэмээн албан ёсоор зарлалаа.

Үүнээс хойш Синайд бослого тэмцэл шинэ эрч хүчээр дүрэлзэж, Каирын нотолсноор түлхэн унагаагдсан Ерөнхийлөгчийн талынхан түүнд идэвхийлэн оролцох болсон байна. Долдугаар сард хамгийн их цус урсав.

Амиа алдсан хүний тоо 60 хүрч, барилгачин цэргүүд зөөж явсан автобус руу алан хядагч бүлэглэлийн дайчид гал нээж, армийн зарим лагерийг бүсэлж авав.

Синайгаас цацаж буй мэдээлэл дайны үеийг санагдуулна. Лалын дайчид танк эсэргүүцэгч ашиглаж, цэргийнхэн нисдэг тэрэг, танк хэрэглэж байлдаан тасрахаа байж, хоёр талаас хэдэн зуугаараа хүмүүс амиа алдана. Алан хядагчид зэвсэг, хангамж аваад байдаг Гаазын зурвастай залгаа хилийг ямар ч үнээр хамаагүй хяналтдаа авахыг арми хичээнэ.

Синайд ийнхүү иргэний дайн болж байхад Сири, Иракт “Исламын улс” хүчээ авч байлаа. 2014 оны арваннэгдүгээр сард “Ансар Байт аль-Макдис” лалын бусад бүлгийн адилаар ивээгчээ солихоор шийджээ. Ингээд дайчид нь ламтан Абу Бакра аль-Багдадийд үнэнч байх тангараг өргөж хойгт “Вилайят Синай” гэдэг муж байгуулснаа зарлав.

2015 оны долдугаар сард лалынхан Синайд армийн хамгаалалтын байр, Шейх-Зувейд хотын цагдаагийн хэсэг рүү дайрч 20 гаруй хүнийг нь алав. Тэгээд тэд энэ амжилтаа лавшруулахаар цусан зам татуулж эхэлсэн тул Каир тэдэнд цохилт өгч 240 гаруйг нь устгажээ.

Есдүгээр сард Египетийн Зэвсэгт хүчин, Дотоод хэргийн яам, “Шахидын эрх” нэртэй томоохон тусгай ажиллагаа явуулж Рафах, Шейх-Зувейд, Эль-Ариш хотуудыг чөлөөллөө. Уг ажиллагааг Армийн штабын дарга, дэслэгч генерал Махмуд Хигази биечлэн удирдаж, хуягт техник, нисэх хүчин, их буугаар дэмжүүлсэн тусгай зориулалтын хүчнийхэн ч оролцсон байна. Лалын хагас мянга гаруй дайчныг устгасан байв. Гэлээ ч “Вилайят Синай” цогноос гал үүсэх мэт дахин босож ирлээ.

Египетийн цэргийнхний үзэж буйгаар Синайд одоо 2000 орчим хүнтэй лалын 15 орчим бүлэглэл байгаа бөгөөд тэдний эгнээнд нүүдэлчин арабуудаас гадна гадаадын ариун дайчид, ХАМАС-ын эрчүүд байдаг аж.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД