Япон гадаадаас цөөн тооны ажиллах хүч авна

2015 оны 11 сарын 09

Дутагдаж буй ажиллах хүчнээ нөхөхийн тулд цагаачдыг олноор нь авахыг Японы Засгийн газар зөвшөөрөхгүй гэж Сайд нарын Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Түүнийг Ерөнхий сайдын дараа орох “хоёрдугаар хүн” гэж үздэг аж.

Гадаадаас ажиллах хүч авах тухай асуудлыг өргөнөөр авч үзэхийг санал болгосон Захиргааны өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Таро Коногийн үгэнд өгч буй нэг ёсны хариу гэж үүнийг ойлгож болох юм байна. Сайдын тавьсан санал нь Японы хүн ам хөгширч, хүүхэд төрүүлэх нь багасаж буйгаас үүдэлтэй аж. Тус улсын 127 сая хүн амын 26.7 хувийг нь 65-аас дээш настан эзэлж байгаа юм байна. Энэ бол арлын орны түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ хэмнэлээрээ бол 2040 он гэхэд 65-аас дээш настан хүн амын 36 хувийг эзэлдэг болох магадлалтай гэнэ. Өндөр настны тоо өсөх нь эрүүлийг хамгаалах болон нийгмийн хамгааллын бусад салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгөө нэмэх зэрэг түвэгтэй байдлыг Японы эрх баригчдад бий болгож буй юм.

Энэ бүхнээс үүдээд гадаадаас ажиллах хүч авчрахад хориглолт хязгаар тавихгүй байхыг уриалсан дуу хоолой Японд сонсогдох болсон байна. Тэгээд Хууль зүйн яам нь цагаачдын талаар шинэ таван жилд хийх ажлын төлөвлөгөө боловсруулахдаа гадаадаас  авах мэргэжилгүй ажилчдын тоог бага зэрэг нэмэхээр тусгажээ. Мөн өндөр боловсролтой хүмүүс тус улс руу цагаачлах нөхцөлийг хөнгөрүүлэхэд анхаарч байгаа аж. Түүнчлэн эмнэлгийн сувилагч, асрагчаар ирж ажиллах хүмүүсийг хүлээж авах журмыг хялбарчлах чиглэлээр хууль боловсруулахаар төлөвлөж буй юм байна. Тэгэхдээ энэ бүхэн ихээхэн хязгаартай байх гэнэ. Япон нь гадаадаас ажиллах хүч, дүрвэгсдийг хүлээж авахдаа “гар татуу” ханддаг улс гэгддэг  юм.