Оросын онгоцонд бөмбөг тавьсан гэж Америк, Англи үзэж байна

2015 оны 11 сарын 09

Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжид үндэслэн Оросын зорчигч тээврийн Airbus А-321 онгоцыг дэлбэлэх ажлыг алан хядагч “Вилаят Синай” бүлэглэлийн толгойлогч Абу Усама аль-Масри зохион байгуулсан байх магадлалтай хэмээн мэдээллээ. Британийн эрх баригчид энэ мэдээллийг нотолж буй бөгөөд уг этгээдийг барьж, устгахад нь Орост юм уу, Египетэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн гэж уг сонинд бичсэн байна. Ийм алхам хийхээр нэгэнт шийдвэл Агаарын тусгай албаныхаа ажилтнуудыг энэ ажиллагаанд Лондон оролцуулах аж.

Хэвлэлд мэдээлснээс үзвэл энэхүү Усама аль-Масри гэгч нь лалын шашны “Аль-Азхар” их сургууль төгссөн Египетийн ламтан гэнэ. Британийн хэвлэлд мэдээлснээр бол “Вилаят Синай” бүлэглэлийн нэг гишүүн, нисэх онгоцны буудалд ажилладаг этгээд Оросын онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан бөгөөд тэрбээр одоо сул чөлөөтэй яваа аж. Онгоцонд дэлбэрэх төхөөрөмж тавьсан гэх таамгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн дэмжиж буй бөгөөд чухам юу болсныг тодруулах ажлыг хийнэ гэж мэдэгдсэн юм.  Энэ үгийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлахдаа “нэг л таамаглал” гэж хэлсэн. Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд ч “Исламын улс”-ын харьяаны алан хядагч бүлэглэл энэ дэлбэрэлтэд оролцоотой гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Энэ онгоцоор явсан хүмүүсийн амарч байсан зочид буудлууд, тэдгээрийн ажилтнуудыг Египетийн цагдаагийн байгууллага шалгахаар зэхэж байгаа аж. Шарм-эль-Шейх хотын нисэх онгоцны буудлын 30 ажилтны мэдүүлгийг сонссон байна. Цахим ажиглалтын бичлэгүүдийг ч үзэж эхэлжээ. Онгоц сүйрсэн шалтгааныг тодруултал Оросын талаас Египет рүү нислэг хийхийг түр хугацаагаар хориглох шийдвэрт Ерөнхийлөгч Владимир Путин нь гарын үсэг зурсан. Египетээс Оросын 11 мянган хүн буцаж ирээд байгаа. Гэтэл Орос, Их Британийн жуулчид ирэхээ байхаар Шарм-эль-Шейх дэх амралт сувиллын газар “сөнөнө” гэж Египетийн тал үзэж байгаа аж.