Цагаачдаа буцааж авсан улсад Европ мөнгө өгнө

2015 оны 11 сарын 09

Африкийн орнуудаас хууль бусаар хүрч ирсэн цагаачдыг буцаах төлөвлөгөөг Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар боловсруулжээ. Европын холбооны нутаг дэвсгэрт өөрсдийн дураар орж ирээд байгаа 800 мянган дүрвэгчийнхээ ядаж зарим хэсгийг нь буцааж авбал Африкийн хэд хэдэн орон, түүний дотор Этиоп, Судан, Уганда, Кени улсад 1.3 тэрбум фунт (1.8 тэрбум орчим ам.доллар) өгөх санал тавих гэж буй аж. Түүнээс гадна Африкийн “өндөр боловсролтой ажилтан”, оюутнууд Европ руу “ногоон гэрлээр” нэвтэрч, тэдэнд визийн хөнгөлөлттэй журмаар үйлчилж, хэл сурах дамжаа ажиллуулж, ажлын байр олгох юм байна.

Европчуудын боловсруулж буй энэ төлөвлөгөө цагаачдыг Европ руу хуулийн дагуу нэвтрүүлж, тэднийг далай тэнгисийн усанд амиа алдах явдлыг багасгах зорилготой аж. Дүрвэгсдийн хямрал хагас жилийн өмнөөс Европыг доргиож буй бөгөөд тэднийг Европын холбооны орнуудад тараан байрлуулахаар төлөвлөсөн ч нэгдсэн шийдэлд хүрэхгүй байгаа юм. Чех, Румын, Унгар, Словак зэрэг зарим орон дүрвэгсдийг хүлээж авахыг зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн.