Хятадын удирдагч дээд хэмжээний хоёр уулзалтад оролцоно

2015 оны 11 сарын 09

БНХАУ-ын дарга Си Зиньпин Туркэд болох “Их хорь”-ийн, Филиппинд болох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад тус тус оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. “Их 20”-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалт энэ сарын 14-16-нд Антали хотод болох юм. Филиппинд болох нь албан ёсны бус 23 дахь уулзалт бөгөөд энэ сарын 17-19-нд Манил хотод зохион байгуулах аж. “Их-20” нь эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудал хэлэлцдэг гол чуулга уулзалт гэж үздэг. Энэ бүлэгт дэлхийн ДНБ-ий 85 шахам хувь ногддог хөгжингүй болон хөгжиж буй томоохон орнууд нэгддэг бөгөөд түүнийг 2013 онд Орос, 2014 онд Австрали, энэ онд Турк даргалж буй юм. Тэгвэл Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хөгжил, улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой, улс хоорондын эдийн засгийн чуулган юм.