“Хятад, Тайвань хоёр бол нэг улс, нэг үндэстэн”

2015 оны 11 сарын 08

БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайваний засаг захиргааны тэргүүн  Ма Инцю нар Сингапурын “Шангри-Ла” зочид буудалд сэтгүүлчдийн нүдэн дээр уулзан, гар барьж мэндчилээд хаалттай хаалганы цаана яриа хөөрөө өрнүүлэв. Цаг орчим үргэлжилсэн тэр ярианы дүнгээр Си Зиньпин,  Ма Инцю болон Тайваний Төрийн зөвлөлийн асуудал эрхэлсэн тэргүүн Чан Чицюнь нар тусгайлан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд оролцохыг Хятад улсын тэргүүн Тайваньд санал болгожээ. Мөн эх газрын Хятад болон Тайвань арлын хооронд “энхийн харилцаагаа” хөгжүүлэхийг уриалсан аж.

Си Зиньпин үгийнхээ эхэнд “Тайваний хоолойн хоёр эргийн удирдагчид өнөөдөр уулзаж, хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байна. Энэ өдөр түүхэнд үлдэх болно. Тайвань, Хятад хоёр “нэг гэр бүлийн” гишүүд. Тэднийг ямар ч хүч хувааж чадахгүй” гэж хэлсэн байна. “Тайванийг тусгаар байлгахын төлөө тэмцдэг тэр хүчин л хоёр талын харилцаанд аюул учруулна. Бид үүнийг шийдвэртэй эсэргүүцэх ёстой” гэж тэрбээр онцолжээ. Хятад, Тайвань хоёрын харилцаа бол хоёр улсын хоорондын харилцаа биш, Тайваний хоолойн хоёр эрэг нэг улсад, хүмүүс нь ч нэг үндэстэнд харьяалагддаг. Энэ зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж Си Зиньпин хэлжээ. Хөгжлийн болон нийгмийн байгууламжийн хоёр өөр замын тухай асуудлыг тэрбээр хөндөхдөө, талууд биенийхээ сонголтыг хүндэтгэх ёстой гэсэн байна. Тайваний эх орон нэгтнүүд нь Торгоны замын эдийн засгийн бүс байгуулахад идэвхтэй оролцож, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд элсэж буйд Си Зиньпин талархаж буйгаа илэрхийлэв. Хоёр талын дунд байгаа аливаа асуудлыг бие даагаад шийдвэрлэчих боломж, ухаан бидэнд бий хэмээн Хятадын Төрийн тэргүүн онцолжээ.

Нэг Хятадыг хүлээн зөвшөөрөх 1992 оны тохиролцоог хэрэгжүүлэхийн зэрэгцээ харилцаандаа одоо мөрдөж байгаа статус-кво-г дэмжихийг Тайваний засаг захиргааны тэргүүн Ма Инцю хүсэв. “1992 оны тохиролцоо” гэдэг нэр томъёо эх газрын Хятад болон Тайваний төлөөлөгчид уулзсаны дараа гарч ирсэн бөгөөд  “Эв нэгдэл, нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхийг хэлж буй аж. Тэгэхдээ “Нэгдмэл Хятад” гэдэг ойлголтыг талууд өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг байна. Харилцан дайсагналцахаа больж, маргааныг энхийн замаар шийдвэрлэж, шаардлагатай үед эгзэгтэй асуудлаар шуурхай шийдвэр гаргах үүрэгтэй бүрэн эрхт байгууллагуудын эрх үүргийг тогтоож өгөхийг Ма Инцю санал болгоод, 1949 оноос хойш Тайваний хоёр эргийн хооронд хамгийн энх амгалан үе одоо тохиож байна гэсэн аж. Түүний хэлснээс үзвэл Тайбэй, Бээжин хоёр сүүлийн долоон жилд 23 гэрээнд гарын үсэг зурж, жилийн бараа эргэлт 170 гаруй тэрбум ам.доллар болсон байна.

Сингапурт яриа хөөрөө ийм байдалтай өрнөж байхад Тайбэйд энэ уулзалтыг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулж байлаа. Тэд парламентын байр руу ирж Ма Инцюг Тайваний тусгаар байдлыг худалдлаа хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Ма Инцюгийн зургийг шатаах, парламентын байр руу нэвтэрч орохыг жагсагчид оролдсон аж.

Хятадад 1949 онд дэгдсэн иргэний дайнд Коммунист намынханд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүч Тайваньд салж ирснээс хойш тэдний харилцаа тасарсан юм. 1980-аад онд албан бус харилцаа сэргэсэн байна. 1990-ээд оны эхнээс талууд Засгийн газрын бус байгууллагуудаараа уламжлан холбоо тогтоох болжээ.

Энэ сарын 7-нд болсон уулзалт ярианы эцэст ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй юм. Тухайн бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаах зүгт хийж буй аливаа алхмыг дэмжих утгаар Сингапурт болсон энэ уулзалтад Вашингтон талархалтай хандаж буй аж.