Ким Ир Сений хамтран зүтгэгч өөд болжээ

2015 оны 11 сарын 08

Умард Солонгосын ардын армийн маршал Ли Ыль Соль 95 насандаа уушгины хорт хавдар өвчнөөр өнгөрсөн баасан гаригт нас баржээ. Тэрбээр Солонгосын Хө­дөл­мө­рийн намын Төв хорооны гишүүн, Ардын дээд хурлын (Парламент) депутат байв.

Маршал Ли Японы эсрэг хөдөлгөөнд оролцож явсан, Ким Ир Сений хамтран зүтгэгч, Умард Солонгосын зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн байв. 1948 оноос хороо командалж, 1950 онд дивизийн штабын даргаар ажиллаж, 1950-1953 оны Солонгосын дайнд оролцож явжээ. Түүнд 1995 онд маршал цол хүртээсэн аж. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, маршал Ли 2004 онд чөлөөнд гарсан байна. Ли Ыль Соль БНАСАУ-ын хоёр удаагийн баатар, хөдөлмөрийн баатар, Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнагдаж байжээ.

Солонгосын армид дэд маршал, маршал, улсын маршал, генералиссимус гэсэн цэргийн дөрвөн дээд цол байдаг бөгөөд БНАСАУ-ын маршал цолыг ердөө гурван удаа, 1953 онд Ким Ир Сенд, 1992 онд түүний хүү Ким Чен Ирт, Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жөн Унд олгосон байдаг аж. Генералиссимус цолыг 1992 онд Ким Ир Сенд, 2012 онд Ким Чен Ирт нас барсных нь дараа нэхэн олгожээ.