Хятад, Америк хоёр хэл амаа ололцохгүй байна

2015 оны 11 сарын 04

Хятад улсын тусгаар тогт­нолд заналхийлсан “аюул­тай алхам” АНУ хийх ёсгүй гэж БНХАУ-ын Батлан хам­гаалахын сайд Чан Ванцюань аюулгүй байдлын асуудлаар Куала-Лумпур хотноо болж буй бага хурал дээр үг хэлэхдээ Пентагоны тэргүүн Эштон Картерт хандаж уриалжээ. Эштон Картер нь  түүн­тэй уулзаад Өмнөд Хятадын тэн­гисийн мар­гаан­тай газар нутгийн талаар АНУ ямар нэг байр суурь байх­гүй гэж онцлоод, тухайн бүс нутагт хиймэл арал үүсгэж, мили­тарч­ла­хаасаа татгалзахыг бүх талд уриал­сан аж. Тэрбээр олон улсын дүрэм журмыг баримтлан Өм­нөд Хятадын тэнгист хөлөг он­гоц чөлөөтэй зорчуулах байр суу­риа­саа ухрахгүй гэж хэлсэн байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч­­ний мина тээгч “Лассен” хө­лөг өнгөрсөн сарын 27-нд Өмнөд Хя­тадын тэнгис дэх мар­гаан­тай арлуудад дөхөж очжээ. Бээ­жин­гийн нотолж буйгаар тус хөлөг он­гоц БНХАУ-ын нутаг дэвсгэрт ха­маарах ус руу зөвшөөрөлгүйгээр наад зах нь нэг удаа орсон байна. Энэ баримтыг АНУ хүлээн зөв­шөөр­сөн ч маргаантай нутаг дэвсгэрт хий­мэл арал бий болгох Хятадын эрхийг зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн онгоцны үйлдлийг  олон ул­сын  тэнгисийн хууль тог­тоом­жийг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн мэдэгд­жээ.

Хятадын адмирал У Шэнли АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч­ний ерөн­хий командлагч, адмирал Жон Ричардсонтой ярил­цахдаа мар­гаан­­тай арлуудын орчимд өдөөн хат­галга үйлдэхийн аюул уршгийг сануул­сан байна. Хэрэв АНУ Бээжингийн ан­хаа­руулгыг хүлээж авахгүй бол улс орныхоо тусгаар тогтнол, аюул­гүй байдлыг хангахад шаар­дагдах бүх арга хэмжээг Бээ­жин авах бол­но гэж Хятадын ад­ми­рал мэдэгд­сэн аж. 

Маргаан бүхий сав газарт хиймэл арал бий болгох аж­лыг Хя­тад улс өнгөрсөн оны зурга­ду­гаар сард эхлүүлжээ. Өмнөд Хя­та­дын тэнгисийн энэ хэсэгт Япон, Хятад, Малайз, Филиппин, Бруней, Вьетнам улсууд болон Тай­вань өрсөлддөг аж. Нефть, хийгээр баян гэгддэг Скарборо, Спратли ар­луудын эргэн тойронд байдал тун түвэг­тэй болоод байгаа юм. Түүнээс гадна эдгээр арал стратегийн ихээ­хэн ач холбогдолтой бөгөөд энд он­гоц хөөрөх-буух талбайтай бол­чих юм бол тус бүс нутагт Хятадын байр суурь үлэмж хүчтэй болно гэж үздэг.